Monday, April 4, 2016



В.Маяковскийн охины сүүлчийн хүсэл

Зөвлөлтийн яруу найрагч Владимир Маяковскийн цорын ганц охин Патрисиа Томпсон сүүлчийн гэрээслэлдээ өөрийн чандрыг Москва дахь Новодевичье оршуулгын газар дахь эцгийнхээ шарил дээр цацахыг хүссэн хэмээн Орос-Америкийн соёлын төвийн тэргүүн Ольга Зацепина мэдэгдлээ. “Тэр ээж Елизавет Зибертийн адилаар чандраа яруу найрагчийн шарил дээр цацуулахыг хүссэн. Патрисиа 1991 онд хүү Рожерстойгоо Орост ирж ээжийнхээ захиасыг биелүүлж байсан” хэмээн Зацепина ярилаа. Патрисиагийн хүү ээжийнхээ захиасыг биелүүлж чадахгүй бол яруу найрагчийн чандрыг Орос-Америкийн соёлын төвийн захирал өөрийн биеэр нэрт яруу найрагчийн шарил дээр цацах аж. Яруу найрагч Маяковскийн охин, зохиолч Патрисиа Томпсон дөрөвдүгээр сарын 1-нд Нью-Йорк хотод 89 насандаа өөд болсон юм.

АНУ офшор бүсийн шуугианыг шалгаж эхэлжээ

АНУ-ын Хууль зүйн яам OCCRP (Organized Crime and Corruption Reporting Project) байгууллагын сэтгүүлчдийн нийтэлсэн баримт, материалыг судлан шалгаж эхэлжээ. “Нийтлэгдсэн материалын талаар ямар нэг тайлбар хийж чадахгүй нь. Эдгээр баримт, материал АНУ-ын санхүүгийн системд хамаатай эсэхийг Хууль зүйн яам анхааралтай шалгах болно” хэмээн АНУ-ын Хууль зүйн яамны хэвлэлийн төлөөлөгч Питер Карра мэдэгдлээ.
Офшор данс хариуцдаг Mossack Fonseca хууль зүйн фирмийн нууц материал нийтлэгдэж, офшор бүсэд данстай хүмүүсийн нэрс ил болсон билээ. АНУ энэ баримт, материалыг нарийн судлан шалгавал эдгээр дансыг нээхэд зуучилж, ашиг олсон  хүмүүс, байгууллагын нэр ил болж магадгүй байгаа аж. АНУ-ын хууль эрх зүйн байгууллага, хувь хүмүүс энэ хэрэгт ямар оролцоотойг тодруулах хэрэгтэй болж байгаа ажээ. Mossack Fonseca компани өөрсдийн үйл ажиллагааг ямар нэг хууль зөрчөөгүй хэмээн мэдэгдэж, эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумын нийтэлсэн материалын төлөө шүүхэд хандана хэмээн мэдэгдлээ.
OCCRP дөрөвдүгээр сарын 3-нд дэлхийн лидерүүд, улстөрчид, тамирчид, соёлын зүтгэлтнүүдийн офшор бүсэд нээсэн данс, тооцооны тухай материалыг нийтэлсэн юм. Тэд нийтдээ 2.7 терабайт буюу 11.5 сая хуудас нууц баримт, материал олж авсан аж. Офшор бүсэд сэжигтэй гүйлгээ хийж, данс нээсэн хүмүүсийн дотор ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, түүний хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков, Эдийн засгийн хөгжлийн сайд Алексей Улюкаев, Украины Ерөнхийлөгч Петр Порошенко,  Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон, Исландын Ерөнхий сайд Сигмюндюр Гюннлейгссон, алдарт жүжигчин Жеки Чан, нэрт хөлбөмбөгч Лионель Месси болон бусад хүмүүсийн нэр байгаа ажээ.

Шинэ Зеландын Ерөнхий сайд асан НҮБ-ын тэргүүнд нэрээ дэвшүүлэв

Шинэ Зеландын Ерөнхий сайд асан Хелен Кларк НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын суудалд нэрээ дэвшүүлж, албан хүсэлтээ тус байгууллагын Ерөнхий Ассамблей рүү илгээсэн байна. Одоогийн тэргүүн Бан Ги Мун таван жилээр хоёр удаа сонгогдон ажилласны дараа 2016 оны эцсээр халаагаа өгөх юм. Х.Кларк эдүгээ НҮБ-ын гишүүн орнуудын хөгжлийн салбарт тусламж үзүүлэх байгууллагыг (UNDP) тэргүүлдэг ажээ. Хатагтай Хелен Кларк 1999-2008 онд Шинэ-Зеландын Ерөнхий сайдаар ажиллаж байсан бөгөөд өөрийгөө НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болоход шаардлагатай дадлага, туршлагыг эзэмшсэн, эрэгтэй нэр дэвшигчидтэй эн тэнцүү өрсөлдөнө хэмээн үзэж байна. НҮБ-ын 70 жилийн түүхэндээ үргэлж эрэгтэй хүнээр удирдуулж ирсэн тул 50 гаруй улс орон анхны эмэгтэй нэр дэвшигчийг дэмжиж байгаа юм. Одоогоор найман хүн нэрээ дэвшүүлээд байгаагийн дөрөв нь эмэгтэй байна. Болгар улс ЮНЕСКО-гийн тэргүүн Ирина Боковаг НҮБ-ын тэргүүний сонгуульд нэр дэвшүүлжээ.

Хакерууд Туркийн 50 сая иргэний мэдээллийг дэлгэжээ


Хакерууд нууц сүлжээнд халдаж Туркийн 50 сая орчим иргэний хувийн мэдээллийг нээлттэй хэлбэрээр тавилаа хэмээн Washington Post сонин мэдээлэв. Энэ нь мэдээллийн хамгийн том алдагдалд тооцогдож байна. АР агентлаг ил болсон арван турк иргэний мэдээллийг нягталж үзэхэд найм нь үнэн байжээ. Нийтдээ 49.6 сая турк иргэний паспортны номер, гэрийн хаяг, төрсөн огноо, эцэг, эхийн нэр дэлгэгдээд байна. Тэдний дунд Ерөнхийлөгч Эрдоган, өмнөх Ерөнхийлөгч Абдулла Гюль, Ерөнхий сайд Ахмет Давутоглу нарын мэдээлэл байгаа аж. Туркийн албаны хүмүүс дээрх мэдээлэлд ямар нэг тайлбар хийсэнгүй. Иргэдийн хувийн мэдээлэл ил болсноор луйвар хийхэд дөхөмтэй болсон хэмээн үзэж байна. 

No comments:

Post a Comment