Monday, April 11, 2016



Америк жуулчид Кубыг шар айраггүй болгожээ

Америк жуулчдын давалгаа Куба аралд шар айрагны хямрал үүсгэжээ. The Guardian сонинд бичсэнээр, дөрөвдүгээр сарын 10-ны байдлаар Куба даяар шар айраг дуусаад байгаа аж. Баар, цэнгээний газар, мөн шатахуун түгээх станц бүрт байдаг дэлгүүрүүд энэхүү ундааны хомсдолд ороод байна. Кубад шар айраг эсгэгч үндэсний Bucanero компани (Кубын Засгийн газар болон Бельгийн компанийн хамтарсан үйлдвэр) өсөн нэмэгдэж буй эрэлт, хэрэгцээ, тун хурдан хөгжиж байгаа хувийн зоогийн газруудыг хангахын тулд шинэ үйлдвэр барих шаардлагатай болж байна. Шар айраг үйлдвэрлэгч үндэсний компанид дөрөвдүгээр сарын эхээр 33 сая хайрцаг шар айрагны захилга иржээ. Энэ нь тэдний үйлдвэрлэлийн хүчин чадлаас давсан үзүүлэлт юм. Bucanero компани эрэлт хэрэгцээг хангахын тулд Доминикан улсаас гурван сая хайрцаг шар айраг импортлохоор болоод байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өнгөрсөн хоёрдугаар сард Кубад зорчих жуулчдад тавьсан хязгаарлалтыг зөөлрүүлсний дараа америк иргэд Куба арал руу олноороо аялах болсон юм. Гуравдугаар сард Б.Обама Кубад айлчилсан нь сүүлийн 90 жилд АНУ-ын Ерөнхийлөгч анх удаа Кубад айлчилсан явдал болжээ. Тэрээр Кубын лидер Рауль Кастротой хэлэлцээ хийсэн билээ. 2014 онд хоёр улс дипломат харилцаагаа сэргээж, Вашингтон, Гаванад Элчин сайдын яамаа нээсэн юм. 1959 онд Кубад хувьсгал гарч АНУ-ын талыг баримталдаг дэглэмийг түлхэн унагасны дараа Вашингтоны эрх баригчид Кубын эсрэг эдийн засаг, худалдааны хориг тавьжээ. 1961 онд хоёр улс дипломат харилцаагаа таслаад байсан юм.

Ирэх тавдугаар сард АНУ-ын Майами хотоос 700 орчим зорчигчийн багтаамжтай аварга том хэрэгч хөлөг онгоц Кубад ирэх гэж байна. 1959 оны хувьсгалын дараахь АНУ-ын хориг арга хэмжээнээс хойш анх удаа ийм аялал болох гэж байгаа юм. Куба улс өнгөрсөн онд 3.5 сая жуулчин хүлээж авсан нь 2014 оны үзүүлэлтээс 17 хувиар давжээ. Америк жуулчдын тоо 77 хувиар өсч 161 мянгад хүрчээ. Мөн куба гаралтай америк иргэдийн Кубад айлчлах сонирхол эрс өсөөд байна. Жуулчдын давалгаа Куба арлын зочид буудал, түрээсийн автомашин болон шар айрагны зах зээлийн чансааг шалгаж байна хэмээн The Guardian-д онцолжээ. 

No comments:

Post a Comment