Wednesday, April 6, 2016



“Панамагейт”-ыг шалгах комиссыг байгуулна

Панамын Ерөнхийлөгч Хуан Карлос Варела Засгийн газар Гадаад хэргийн яамны дэмжлэгтэйгээр тус улс дахь санхүүгийн ээдрээтэй нөхцөл байдлыг судлан шалгах комиссыг байгуулахаар болсныг зарлалаа. Варелагийн батлан хэлж буйгаар, хараат бус комисст орон нутгийн болон олон улсын шинжээчид багтаж одоогийн санхүүгийн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч, Панамын эрх баригчдад санхүү, хууль зүйн тунгалаг, шударга системийг бэхжүүлэхэд тустай арга хэмжээг зөвлөх аж. Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчид Панамын хууль, эрх зүйн Mossack Fonseca фирмийн офшор данстай холбоотой нууц баримт материалыг дэлгэж дэлхий дахинд шуугиан дэгдээсний дараа Панамын Ерөнхийлөгч энэ мэдэгдлийг хийжээ. Панамын прокурорын газраас ч офшор данстай холбоотой мэдээллийг судлан шалгахаар болсон юм. Мөн АНУ-ын Хууль зүйн яам хориг арга хэмжээнээс зайлсхийхийн тулд “Панамын баримт, бичиг”-ийг судлан шалгана гэдгээ мэдэгдсэн билээ.
Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоо, Зохион байгуулалттай гэмт хэрэг, авилгалыг сурвалжлах төслийнхэн дэлхийн лидерүүд, улстөрчид, тамирчид, соёлын зүтгэлтнүүдийн Панам дахь офшор дансанд байршуулсан мөнгө, гүйлгээний талаарх мэдээллийг ил болгосон юм. Офшор данстай хүмүүсийн жагсаалтад ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний тойрон хүрээлэгчид, Кремлийн хэвлэлийн албаны дарга Дмитрий Песков, Эдийн засгийн сайд Алексей Улюкаев, Украины Ерөнхийлөгч Петр Порошенко, Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон, Исландын Ерөнхий сайд Сигмюндер Гюнлегсон, жүжигчин Жеки Чан, хөлбөмбөгч Лионель Месси нарын нэр байна. “Панамагейт”-ийн улмаас Исландын Ерөнхий сайд огцорсноор бүр их шуугиан дэгджээ. Их Британи, Голланд, АНУ, Австри, Герман, Энэтхэг, Украин улс ил болсон мэдээ, баримтыг судлан шалгахаар болж байна. Гэвч ОХУ-ын эрх баригчид өөрсдийн түшмэд, депутат нарын офшор компанитай холбогдсон мэдээлэл, яриаг няцаажээ. Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга Дмитрий Песков офшор данстай холбоотой мэдээллийг худал, хуурмаг зүйл хэмээн нэрлээд “Кремль ийм мэдээлэлд тайлбар өгөх шаардлагагүй” хэмээн мэдэгджээ. 

No comments:

Post a Comment