Sunday, April 17, 2016

Өмнөд Осети Оросын бүрэлдэхүүнд орох уу

Өмнөд Осетийн бүгд найрамдах улсын тэргүүн Леонид Тибилов энэ оны наймдугаар сараас өмнө ОХУ-д нэгдэх эсэх бүх нийтийн санал асуулга явуулна хэмээн мэдэгдлээ. Тэрээр санал асуулгын дүнд эргэлзэхгүй байгаа аж. “Ард түмэн “Тийм” гэж хэлнэ гэдэгт би 100 хувь итгэж байна” хэмээн Өмнөд Осетийн тэргүүн хэлжээ. Кремлийн лидер Владимир Путин энэхүү бүх нийтийн санал асуулгыг эсэргүүцэхгүй гэж мэдэгдсэн байна.
Өмнөд Осетийн Үндсэн хуулийн 10-р бүлэгт “Өмнөд Осети нь бусад улс оронтой холбоо байгуулж, бүрэн эрхийнхээ зарим хэсгийг холбоонд шилжүүлж болно” гэж заасан дээр “Бүрэн эрхийнхээ зарим хэсгийг ОХУ-д шилжүүлэх эрхтэй” гэж нэмэх бодолтой байгаа аж. Өмнөд Осети нь 50 мянган хүн амтай, дийлэнх оршин суугчид нь Оросын иргэншилтэй. Албан ёсны валют нь Оросын рубль. Тус бүгд найрамдах улсын эдийн засгийн 99 хувь нь Орос руу чиглэдэг ажээ.

Францын зорчигч тээврийн онгоц Тегеранд ирлээ

Францын Air France авиакомпанийн зорчигч тээврийн онгоц сүүлийн найман жилд анх удаагаа Тегеранд ирлээ. Иран болон дэлхийн тэргүүлэх гүрнүүдийн хооронд байгуулсан цөмийн хэлэлцээ хүчин төгөлдөр болсны дараа ийм боломж гарч иржээ. 2008 онд Ираны цөмийн хөтөлбөрийн улмаас хориг арга хэмжээ авсны дараа Иран,Францын хоорондох шууд нислэг зогссон юм. Гэвч найман жилийн дараа энэ нислэг сэргэж Францын Тээврийн сайд Ален Видал 15 франц бизнесмэний хамт иржээ. 2015 оны долдугаар сарын 14-нд Вена хотод Иран болон зургаан орон (НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүн Америк, Франц, Их Британи, Хятад, Орос болон Герман) Ираны цөмийн хөтөлбөрийн талаар тохиролцоонд хүрч, Тегераны эсрэг хориг арга хэмжээг цуцлахаар болсон юм. Иран улс цөмийн түлшнийхээ 98 хувиас хагацахыг зөвшөөрсөн ажээ.

400 цагаач Газар дундын тэнгист живжээ

Египетээс ирж буй мэдээллээр, Европын  эрэг хүрэхээр тэмүүлж байсан 400 орчим цагаач Газар дундын тэнгист живж амиа алджээ. Тэдний ихэнх нь Сомалийн иргэд байсан бололтой. Цагаачид дөрвөн ямбий завиар далай тэнгисийг гаталж яваад осолджээ. Сүүлийн үед Египет нь Европт хөл тавих гэсэн хууль бус цагаачдын дамжин өнгөрөх цэг болж хувираад байна. Александриа хотоос хэдэн мянган цагаач завь, усан онгоцонд сууж Европыг зорих болжээ. 2016 он гарсаар Газар дундын тэнгист 100 мянга гаруй цагаач амиа алдаад байна. 2016 онд Европт дахиад нэг сая хууль бус цагаач ирнэ хэмээн Цагаачлалын асуудал хариуцсан олон улсын байгууллагаас мэдэгдлээ.

Эквадорын газар хөдлөлтөд 262 хүний амь үрэгдээд байна

Өнгөрсөн бямба гаригт Эквадорын зүүн өмнөд хэсэгт газар хөдөлсний улмаас амиа алдсан хүний тоо 262-д хүрээд байна. Бэртэж гэмтсэн хүний тоо хоёр мянга 600-д хүрлээ хэмээн тус улсын дэд ерөнхийлөгч Хорхе Глас мэдэгдлээ. 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн төв нь зүүн хойд хэсгийн эрэг орчмын 19 км-ийн гүнд болжээ. Маш олон байшин барилга нураад байна. Амиа алдсан хүний тоо нэмэгдэж магадгүй байна. Газар хөдлөлтөд ихээхэн өртсөн эргийн Педернал амралтын газарт аврах багийнхан хүрэхэд тун хэцүү байгаа аж. Орон нутгийн цагаар 18:58-д бүртгэгдсэн газар хөдлөлт бараг бүх улс орон даяар мэдрэгджээ. Байгалийн гамшиг тохиосон зургаан мужид 10 мянган цэргийн албан хаагч, гурван мянга гаруй цагдаа ажиллаж байна. 

No comments:

Post a Comment