Sunday, April 10, 2016





Лестер түүхэндээ анх удаа Аваргуудын лигт тоглоно

Английн Премьер лигт тэргүүлж байгаа Лестер Сити клуб түүхэндээ анх удаа Аваргуудын лигт тоглохоор боллоо. 33 тойрогт Лестер гол довтлогч Жейми Вардигийн ачаар Сандерлэндийг 2:0-ээр, Тоттенхэм Манчестер Юнайтедийг 3:0-ээр хожсоны дараа энэ нь тодорхой болсон юм. Премьер лиг дуусахад таван тойргийн өмнө хүснэгтийг тэргүүлж байгаа “Үнэгнүүд” тавдугаар байрт яваа “Улаан чөтгөрүүд”-ээс 19 оноогоор илүү гарчээ. Тиймээс Лестер үлдсэн бүх тоглолтдоо хожигдсон ч дөрөвдүгээр байраас доош буухгүй. ПЛ-ийн эхний гурван баг Аваргуудын лигийн хэсгийн тоглолтын эрхээ шууд авдаг бол, дөрөвдүгээр байр эзэлсэн баг нэмэлт тоглолт хийж хэсэгт орох эрхтэй болдог. Английн домогт довтлогч Гари Линекерийн тоглож байсан Лестер ПЛ-ийн аварга болоход нэг алхам ойртлоо.

Эхнэр, нөхрөө ихэртэй нь андуурахгүйн тулд хагалгаанд орно

Хятадын Шаньси мужийн ихэр ах дүү Жао Синь, Жао Сюань болон тэдний ихэр гэргий Юн Фэй, Юн Ян нар эхнэр, нөхрөө ихэртэй нь андуурахгүйн тулд гадаад төрхөө өөрчлүүлэх гоо сайхны хагалгаанд орохоор боллоо хэмээн Sunday Times сонин мэдээлэв. Ихэр ах дүү болон эгч дүү хоёрын царай зүс төдийгүй тэдний дуу хоолой, нүүрний төрх, илэрхийлэл хүртэл тун адилхан аж. Усны дусал мэт ихрүүд мөн л усны дусал мэт ихэр бүсгүйчүүдтэй уулзаж, болзож эхэлсний дараа хоорондоо андуурах “аюул” гарч иржээ. Андуурч эндүүрсэн хэд хэдэн тохиолдол гарсны дараа хосууд гоо сайхны мэс засал хийлгэхээр шийдсэн байна. Ихрүүд Шаньси мужийн хөрш тосгоны уугуул оршин суугчид ажээ. Ихрүүдийн гадаад төрхийг амархан ялгаж болохоор хөнгөхөн мэс заслыг Шанхай хотын эмнэлэг үнэгүй хийж өгөхөөр болжээ.

Tesla Motors Орост таван цэнэглэх станцаа нээнэ

Автомашин үйлдвэрлэгч Tesla Motors компани энэ онд ОХУ-д таван цэнэглэх станц нээхээр зэхэж байна. Автомашиныг цахилгаанаар цэнэглэх станцыг Тверь, Москва, Псковск, Ленинград болон Великий Новгород мужид нээхээр боллоо хэмээн тус компанийн төлөөлөгч мэдэгдэв. Үүнээс гадна, цахилгаанаар ажилладаг автомашин, цахилгаан галт тэрэгний эд анги, зай үйлдвэрлэдэг Америкийн Tesla Motors компани Турк, Румын, Польш, Украин, Латви, Литва улсад цахилгаанаар цэнэглэх станцаа нээхээр төлөвлөжээ. Tesla Motors компанийн тэргүүн Илон Маск дөрөвдүгээр сарын 1-нд хамгийн хямд буюу 35 мянган долларын үнэтэй цахилгаан автомашиныг олон нийтэд танилцуулсан юм.

Америк офицерийг тагнуулын хэргээр баривчлав

АНУ-ын тэнгисийн цэргийн офицерийг Хятадад цэргийн нууц дамжуулсан хэргээр баривчилжээ. Түүнийг найман сарын өмнө баривчилсан ч шүүхийн анхны сонсгол болсны дараа л олон нийтэд ил болж байгаа аж. Баривлагдан тагнуулчийн нэрийг зарлаагүй ч USNI News болон Washington Post сонин бичиж буйгаар, дэслэгч Эдвард Линийг энэ хэрэгт буруутгаж байгаа ажээ. Түүнийг нууц баримт материал дамжуулсан гэдгээс гадна хуурамч бичиг баримт үйлдсэн, мөн зарим мужид гэмт хэрэгт тооцогддог биеэ үнэлэгч авсан хэрэгт буруутгаж байна. Эдвард Лин 14 насандаа Тайваниас АНУ-д ирэхдээ англиар ганц ч үг мэддэггүй байжээ. Дараа нь тэрээр Америкийн иргэн болж, тэнгисийн цэрэгт алба хаах болсон аж.

Ерөнхийлөгчийн сонгуульд Кейко Фухимори тэргүүлж байна

Ням гаригт Перуд болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүнгээр Ерөнхийлөгч асан Альберто Фухиморийн охин Кейко Фухимори тэргүүлж байна. Тэрээр одоогоор 38 хувийн санал аваад байгаа аж. Түүний ойрын өрсөлдөгч, зүүний төвийн үзэлтэй Пабло Кучински, зүүний хүчний төлөөлөгч Вероника Мендоза нар ойролцоогоор 20 хувийн санал авчээ. Кейко Фухимори эхний шатанд ялалт байгуулж чадахгүй бол хоёрдугаар шат зургадугаар сарын 5-нд болно. Тэрээр гэмт хэрэгтэй тууштай тэмцэнэ хэмээн амлаж байна. Түүний эцэг Альберто Фухимори авлига, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хэргээр 25 жилин ял эдэлж байгаа юм. 1990-2000 онд төр барьж байсан А.Фухимори хэт даврагч маоист бүлгүүдтэй хатуу ширүүн аргаар тэмцэж байсан билээ. 

No comments:

Post a Comment