Monday, April 18, 2016



Сөрөг хүчин Б.Асадыг эвлэрлийг зөрчсөн хэмээн буруутгаж, цэргийн ажиллагааг эхлүүлэв

Сирийн сөрөг хүчин Засгийн газрын цэргийг эвлэрэл, гал зогсоох гэрээг зөрчсөн хэмээн буруутгаж, нэгдсэн удирдлагад орж буйгаа зарлалаа. Сөрөг хүчин нэгдэж буй нь Сирийн Ерөнхийлөгч Башар Асадыг цэргийн хүчээр сөрөн зогсож, Хама, Латаки мужид цэргийн ажиллагаа явуулах зорилготой хэмээн BBC News мэдээлэв. “Эрх баригч дэглэмийн хүчин эвлэрлийн гэрээг байнга зөрчиж, дүрвэгсдийг бөмбөгдөж, орон сууц, барилга байшинд агаараас цохилт өгсөөр байгаа тул бид хариу тулааныг эхлүүлж байна” хэмээн Сирийн босогчдын мэдэгдэлд онцолжээ. “Ахрар аль-Шам” бүлэглэл, “Жейш аль-Ислам” лалын байгууллагуудын холбоо, мөн Сирийн чөлөөлөх армийн туган дор байлдаж буй хэсэг, бүлэглэлүүд мэдэгдэлд гарын үсэг зуржээ. Үүнтэй холбогдуулан сөрөг хүчнийхэн Женев дахь Сирийн талаарх хэлэлцээг хойшлуулахаар шийдсэн байна. Гэхдээ энэ нь хэлэлцээг цуцлах, эсвэл зогсоож буй хэрэг биш гэдгийг дурджээ.
НҮБ-ын ивээл дор, Орос, Америк болон бусад улсын оролцоотой Сирийн талаарх хэлэлцээ гуравдугаар сарын 14-нд Женевт эхэлсэн билээ. Хэлэлцэх асуудлын жагсаалтыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл баталсан юм. Уулзалт, хэлэлцээнд Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын засаг захиргаа болон сөрөг хүчний төлөөлөгчид оролцож байгаа. Туркийн талын дургүйцлийн улмаас курдуудыг хэлэлцээнд оруулаагүй аж. Хоёрдугаар сарын 27-ноос Сирид гал зогсоох тохиролцоог мөрдөж эхэлсэн. Гал зогсоох гэрээг орос, америкууд санаачилжээ. Энэ баримт бичгээр, цэрэг, дайны үйл ажиллагаа зөвхөн “Исламын улс” бүлэгт хамаатайгаар үргэлжилнэ хэмээн зааж өгчээ.

2011 оны хавар Сирийн иргэд эрх баригч дэглэмийг эсэргүүцэн жагссанаар тус улсад иргэний дайны эхлэл тавигдсан юм. Одоо ч үргэлжилсээр буй иргэний дайнд 470 мянган хүн амиа алдаж, хоёр сая орчим хүн шархаджээ. Хоёр сая 700 мянган сири иргэн орон гэрээ орхин дүрвэжээ. Сири дахь дайн, мөргөлдөөнийг лалын хэт даврагчид овжин ашиглаж, Иракт үүсч бий болсон “Исламын улс” бүлэг Сирид нэвтэрч үлэмж хэмжээний газар нутгийг хяналтдаа аваад байгаа юм. 

No comments:

Post a Comment