Saturday, April 16, 2016



Японд хоёр удаа газар хөдөлж 40 хүн амиа алдлаа

Японд хоёр удаа газар хөдөлсний улмаас амиа алдсан хүний тоо 40-д хүрч, хэдэн зуун хүн гэмтэж бэртээд байна. Аврах ажиллагаанд 20 мянган хүн оролцож байгаа аж. Хоёр дахь газар хөдлөлт бямба гаригийн шөнө болжээ. 7.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт арван км-ийн газрын гүнд болсон байна. 6.5 магнитудын хүчтэй эхний газах хөдлөлт дүрэв гагригт болоход хоёр хүн амиа алдсан юм. Газар доорх түлхэлт хамгийн их мэдрэгдсэн Кюшю арлын Кумамото мужид олон байшин барилга, зам, цахилгааны шугам эвдэрч, орон нутгийн эмнэлэг нурах аюултай болсон тул хүмүүсийг нь гаргаж аюулгүй газар аваачсан байна.
Яцуширо хотод гал түймэр гарч, олон хотод цахилгааан тасраад байгаа аж. Байгалийн гамшиг тохиосон бүс нутагт аврагчдын нэмэлт отряд, армийн анги нэгтгэлийн бие бүрэлдэхүүн ирж, нуранги дороос хүмүүсийг хайж, орон гэргүй болсон хүмүүст тусламж үзүүлж байна. Олон хүн нурж, эвдэрсэн байшинд гацсаны дотор нэгэн асрах газрын 30-аад хөгшин байгаа аж. Газар хөдлөлтийн улмаас цунами дэгдэж магадгүй хэмээн анхааруулсан ч 50 минутын дараа энэ сэрэмжлүүлгийг цуцалжээ. NHK телевиз мэдээлж буйгаар, Нишихара тосгонд үерийн далан нурсан тул аврагчид тэнд шуурхай арга хэмжээ авч байна. Газар хөдлөлтийн улмаас цөмийн цахилгаан станцууд гэмтсэнгүй хэмээн эрх баригчид мэдээлэв. Мянга орчим хүн орон гэр нь нурахаас сэргийлж гадаа гарчээ. Тэд гудамж, цэцэрлэгт хүрээлэнд байрлаж, майханд толгой хоргодож байгаа аж.

Япон нь газар хөдлөлтийн хамгийн идэвхтэй бүсэд оршдог улс юм. 2011 оны гуравдугаар сарын 11-нд тус улсын зүүн хойд эрэгт 9.1 магнитудын хүчтэй газар хөдөлж цунами үүссэнээр жинхэнэ гамшиг тохиосон билээ. Энэхүү байгалийн гамшгийн улмаас 15 мянга орчим хүн амиа алдаж, хоёр мянга 500 гаруй хүн сураггүй алга болж, Фукушима тосгон газрын хөрснөөс арчигдаж байв. Газар хөдлөлт, цунамид “Фукушима-1” цөмийн цахилгаан станц өртөж гэмтсэн нь хамгийн ноцтой үр дагавар байлаа. Хөргөлтийн систем нь доголдож дэлбэрэлт  болсны улмаас зургаан реакторынх нь дөрөв нь гэмтсэн юм. “Фукушима” цөмийн цахилгаан станцаас 20 км-ийн тойрогт хязгаарлалтйн бүс тогтоож, хөл хорьсон юм.

No comments:

Post a Comment