Wednesday, April 6, 2016





Алан хядагчдын нэг нь Европарламентад ажиллаж байжээ

Гуравдугаар сарын 22-нд Брюссельд болсон дэлбэрэлтэд холбоотой нэг этгээд Европарламентад цэвэрлэгчээр ажиллаж байсныг Европын холбооны хэвлэлийн албанаас батлав. Түүний нэрийг зарлаагүй ч зарим мэдээллээр, Брюсселийн нисэх буудалд амиа золиослон бөмбөг дэлбэлсэн 25 настай Нажим Лаашрауи байж магадгүй байна. Тэрээр 2009, 2010 онд Европарламентад цэвэрлэгээний ажил гүйцэтгэж байсан компанид ажиллаж байсан хэмээн тус байгууллагын төлөөлөгч мэдэгдлээ. Нажим Лаашрауи тэр үед оюутан байсан бөгөөд зуны амралтаараа цэвэрлэгээний компанид ажиллаж байсан аж. Гуравдугаар сарын 22-нд Бельгийн нийслэлд болсон халдлагад 32 хүн амиа алдсан билээ. Халдлагын хариуцлагыг “Исламын улс” бүлэг хүлээсэн юм.

Жанет Жексон 49 насандаа жирэмслэв

Попын хаан Майкл Жексоны дүү Жанет Жексон 49 насандаа анх удаагаа хөл хүнд болжээ. Тэрээр хоёр сарын өмнө аялан тоглолтоо зогсоож буйгаа зарлахад түүнийг хоолойны хорт хавдартай болсон хэмээн ярьж байв. Гэвч дуучин бүсгүй хөл хүнд болсон нь жинхэнэ шалтгаан байсан аж. Жанет ээж болох гэж буйгаа өөрийн биеэр зарлаж YouTube-д бичлэг оруулсан байна. “Бүгд сайн уу. Өнгөрсөн наймдугаар сарын 31-нд Unbreakable Tour  аялан тоглолтоо эхлүүлснийг та нар мэдэж байгаа. Олон ч хүн тоглолтод минь ирж, таашаал авч цэнгэсэн. Одоо та нартаа нэг мэдээ дуулгая. Нөхөр бид хоёр эцэг, эх болохоор бэлтгэж байна. Энэ шалтгааны улмаас аялан тоглолтоо цуцласан болно” хэмээн Жанет Жексон ярьжээ. Тэрээр 2012 онд хоёр дахь нөхрөөсөө салсны дараа бизнесмэн Виссам Манатай гэрлэсэн юм. Өдий насандаа жирэмслэх нь эрсдэлтэй гэдгийг мэдэж байсан ч хүүхэдтэй болох мөрөөдлөө биелүүлэхээр шийдсэн байна. “Би амрах хэрэгтэй байна. Боломжтой болонгуутаа аялан тоглолтоо сэргээх болно” хэмээн дуучин бүсгүй фэнүүддээ дуулгалаа.

Р.Каражич эрүүл мэндийн улмаас суллагдах хүсэлт гаргав

40 жилийн ял сонсоод байгаа Боснийн сербүүдийн лидер асан Радован Каражич хоригдох хугацаанд эрүүл мэндийн байдал ноцтой муудсан тул ялаас чөлөөлж, суллаж өгнө үү гэсэн хүсэлт гаргажээ. Түүнийг найман жил хорьж саатуулсны эцэст гуравдугаар сарын сүүлчээр хуучин Югославын асуудлаарх олон улсын шүүхээс 40 жилийн хорих ял оноосон юм. Каражич шоронгийн нөхцөл байдал тун муу байгаа талаар НҮБ-д гомдол гаргажээ. Гэвч олон улсын шүүхийг удирдаж буй шүүгч Теодор Мерон Каражичийн суллагдах хүсэлтийг няцаасан байна. Шоронгийн нөхцөл байдал муу гэдгийг ч мөн няцаажээ. Боснийн сербийн экс удирдагчийн хоригдож буй шоронд гимнастикийн танхим, теннисийн талбай, номын сан, хоригдлууд өөрсдөө хоолоо хийж болдог гал тогоо байдаг аж. Радован Каражичийг 1992-95 оны Боснийн дайны үеэр долоон мянга орчим лал шашинтныг хороосон хэрэгт буруутган ялласан юм. Гэвч тэрээр энэ хэрэгт буруугүй хэмээн мэдэгдсээр байна.

Samsung-ийн ашиг 10.4 хувиар нэмэгджээ

Өмнөд Солонгосын Samsung Electronics компанийн ашиг энэ оны эхний улиралд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10.4 хувиар өслөө хэмээн Reuters агентлаг уламжлав. Нэгээс гуравдугаар сарын хооронд тус компанийн ашиг 5.7 тэрбум долларт хүрсэн нь таамаглаж байснаас дээгүүр үзүүлэлт болжээ. Samsung-ийн орлого эхний улиралд дөрвөн хувиар нэмэгдээд байна. Компанийн дэлгэрэнгүй тайлан дөрөвдүгээр сарын эцсээр гарах ажээ. Тус компанийн Galaxy, Note маркийн шинэ гар утасны борлуулалт тун сайн байгаа нь ашиг нэмэгдэхэд гол нөлөө үзүүлжээ. Өнөөдөр Samsung ухаалаг гар утасны зах зээлийн 40 хувийг, зурагтны 30 хувийг эзэлж байна.

Аваргуудын лигийн 1/4 шигшээгийн эхний тоглолт дууслаа

Аваргуудын лигийн 1/4 шигшээгийн эхний тоглолт дууслаа. Өчигдөр Германы Вольфсбург Испанийн алдарт Реал Мадридыг талбайдаа хүлээн авч 2:0 харьцаагаар ялалт байгуулав. Аваргуудын лигийн арван удаагийн аваргыг ийнхүү санамсаргүй хожигдоно гэж хэн ч санаагүй биз. Тэднийг тун амаргүй хариу тоглолт хүлээж байна. Францын ПСЖ Английн Манчестер Ситиг хүлээн авч 2:2-оор тэнцлээ. ПСЖ-ээс Ибрахимович, Рабио, Сити-гээс Де Брюйн, Фернандиньо нар гоол оруулав. Уржигдар Барселона-Атлетико Мадрид 2:1, Байерн-Бенфика 1:0 харьцаагаар өндөрлсөн юм. Хариу тоглолтууд долоо хоногийн дараа болно.

“Жебхат ан-Нусра” бүлгийн довтолгоонд энгийн иргэд амь үрэгджээ


Террорист “Жебхат ан-Нусра” бүлгийн дайчид Сирийн Алеппо хотын Шейх Максуд дүүрэг дахь курд босогчдыг довтлох үеэр 20 орчим энгийн иргэн амиа алджээ. Энэ тухай ОХУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн мэдээнд дурдсан байна. Мянга орчим лалын дайчин гурван танк, пулемет суурилуулсан гурван машины дэмжлэгтэйгээр довтолжээ. 20 орчим энгийн иргэн амь үрэгдсэнээс гадна курдын отрядын 11 цэрэг амь эрсэдсэн хэмээн Батлан хамгаалах яамны мэдээнд онцолжээ. 36 хүн шархдаж гэмтсэн байна. Нөхцөл байдал ийнхүү хурцадсаны дараа ОХУ-ын нисэх хүчний онгоцууд “Жебхат ан-Нусра” бүлгийн террористуудын байрлалд цохилт өгч довтолгоог нь таслан зогсоосон аж.

No comments:

Post a Comment