Monday, April 11, 2016





Америк офицерийг тагнуулын хэргээр баривчлав

АНУ-ын тэнгисийн цэргийн офицерийг Хятадад цэргийн нууц дамжуулсан хэргээр баривчилжээ. Түүнийг найман сарын өмнө баривчилсан ч шүүхийн анхны сонсгол болсны дараа л олон нийтэд ил болж байгаа аж. Баривлагдан тагнуулчийн нэрийг зарлаагүй ч USNI News болон Washington Post сонин бичиж буйгаар, дэслэгч Эдвард Линийг энэ хэрэгт буруутгаж байгаа ажээ. Түүнийг нууц баримт материал дамжуулсан гэдгээс гадна хуурамч бичиг баримт үйлдсэн, мөн зарим мужид гэмт хэрэгт тооцогддог биеэ үнэлэгч авсан хэрэгт буруутгаж байна. Эдвард Лин 14 насандаа Тайваниас АНУ-д ирэхдээ англиар ганц ч үг мэддэггүй байжээ. Дараа нь тэрээр Америкийн иргэн болж, тэнгисийн цэрэгт алба хаах болсон аж.

Хоёр толгойтой могой

АНУ-ын Канзас мужийн гэрэл зурагчин Жейсон Толботт хоёр толгойтой могойтой тааралдаж зургийг нь буулгажээ. “Би хэвлээр явагч, могойн зураг авах дуртай. Тэдний хэдэн зуун зургийг авахдаа хэд хэдэн удаа хазуулж байсан. Азаар бүгд хоргүй могой байсан” хэмээн зурагчин эр ярьж байна.
Хоёр толгойтой могой байгальд тааралддаг ч тэд хэдхэн сарын амьдралтай байдаг. Хоёр толгойтой могой арван мянган тохиолдолд нэг төрдөг гэсэн яриа бий.

Сирид цохилт өгснөө хүлээн зөвшөөрөв

Израилийн зэвсэгт хүчин Сирийн газар нутагт цохилт өгснийг Ерөнхий сайд Биньямин Нетаньяху анх удаа хүлээн зөвшөөрөв. “Бид үйл ажиллагаа явуулах шаардлагатай болоод л хөдөлсөн. “Хезболла” бүлэг зэр зэвсэг олж авахад нь саад болохын тулд цохилт өгсөн. Цаашдаа ч цохилт өгсөөр байх болно” хэмээн Нетаньяху ярьжээ. Гэвч хэзээ ингэж цохилт өгснийг тодотгож хэлсэнгүй. Израиль улс Сирийн газар нутагт үе үе агаараас цохилт өгөхдөө аюул учруулж буй босогчдын бүлэг, барилга байгууламжийг онилдог аж. Гэвч тус улс нь 2014 оноос хойш Сири дахь лал босогчдын байрлалыг бөмбөгдөж байгаа АНУ тэргүүтэй олон улсын эвсэлд ордоггүй юм.

23 хүүхэд үл мэдэгдэх өвчнөөр өөд болжээ

Кенийн Накуру, Баринго мужид сүүлийн нэг сард 23 хөхүүл хүүхэд үл мэдэгдэх өвчнөөр өөд боллоо хэмээн тус улсын сенатч Жеймс Мунгай мэдэгдлээ. Түүний батлан хэлж буйгаар, өндөр халуурч, ханиалгаж, бие сулруулдаг өвчний тохиолдол нийтдээ 215 удаа бүртгэгджээ. Эхэндээ уушигны хатгааны вирус хэмээн үзэж байсан ч Кенийн Ангаахын судалгааны хүрээлэнд хийсэн шинжилгээгээр энэ нь батлагдаагүй аж. Хөхүүл хүүхдийн аминд хүрч байгаа өвчнийг олж тогтоохын тулд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тусламж хүсээд байна. Өнгөрсөн онд тус улсад эрүүл ахуйн системийн доголдол, бохирдлын улмаас холер дэгдэж 60 орчим хүн амиа алдсан юм.

Япон дахь жуулчид хурууны хээгээр төлбөрөө хийнэ


Японд айлчилж буй жуулчид хурууны хээгээрээ дэлгүүрт төлбөр хийж, зочид буудалд тухалж болно хэмээн The Telegraph сонин мэдээлэв. Японд ирж буй гадны зочдыг илүү тухтай, чирэгдэлгүй байлгахын тулд нэвтрүүлж буй энэ систем 2016 оны зунаас хэрэгжиж эхлэх юм. Тус улсад газардсан зочдын хурууны хээг зээлийн карттай нь холбож өгснөөр аялагчид нисэх буудал, зочид буудал зэрэг газруудаар хурдан шуурхай үйлчлүүлэх ажээ. Зочид буудалд бүртгүүлэхэд паспортны оронд хурууны хээгээ дарахад л хангалттай аж. Эхний ээлжинд бэлэг дурсгалын дэлгүүр, зоогийн газар, зочид буудал зэрэг жуулчдын орох дуртай 300 орчим газарт ийм системийг нэвтрүүлэхээр зэхэж байна. Энэ нь 2030 оны Токиогийн олимп, паралимпийн тоглолтын үеэр гадаадын иргэдийг татахын тулд Японы Засгийн газраас хийж буй томоохойн хөтөлбөрийн нэг хэсэг юм. 

No comments:

Post a Comment