Saturday, April 30, 2016




Германд 400 жагсагчийг баривчилжээ

Германы Штутгарт хотын цагдаа “Германы сонголт” барууны үзэлтэй намын эсрэг жагсаалд оролцсон 400 орчим хүнийг баривчилжээ. Цагдаа нар жагсаалыг тараахдаа нулимс асгаруулагч хий, усан буу ашиглахад эсэргүүцэгчид чулуугаар нүүлгэж эхэлжээ. Нэг жагсагч, хоёр цагдаа гэмтсэн байна. Эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцсон 800 орчим хүний талыг нь баривчлан саатуулсан аж. Эмх журам сахиулахад 1000 орчим цагдаа оролцжээ. Жагсаалд ирсэн иргэд “Германы сонголт” намын бодлогод дургүйцэж, үндсэрхэг үзэлтэй нам хэмээн үзэж байна. Харин тус намынхан жагсагчид бидний Үндсэн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлахыг оролдож байна гэж үзжээ. “Германы сонголт” нам улс орон дахь цагаачдын урсгалыг эрс хязгаарлахын төлөө байдаг. Өнгөрсөн ням гаригт Штутгарт хотод намын их хурал болж тунхаг бичгээ баталсан байна.

Алеппод есөн өдрийн дотор 250 иргэн амиа алджээ

Сирийн Алеппо хотод есөн өдөр үргэлжилсэн байлдааны ажиллагааны улмаас 250 орчим энгийн иргэн амиа алдлаа хэмээн Британид төвлөрдөг Сирийн хүний эрхийн байгууллагаас мэдэгдэв. Сирийн эрх баригчид Алеппо дахь босогчдын байрлалд цохилт өгсөөр байгаа юм. Босогчид ч эрх баригчдын мэдэлд байгаа хотын бүс рүү буудсаар байгаа аж. ВВС мэдээлж буйгаар, сүүлийн хэд хоногтой харьцуулбал Сирийн нисэх хүчний довтолгоо эрс цөөрч байгаа ч тус хот дахь нөхцөл байдал аюултай, эмзэг хэвээр байна. Байлдааны ажиллагаа хэзээ ч сэргэж болзошгүй байгаа юм. Энэ өдрүүдэд Дамаск болон Сирийн эргийн бүс нутгуудад гал зогсоох гэрээ мөрдөгдсөөр байна. Гал зогсоолт амжилттай үргэлжилсээр байвал Алеппо дахь бөмбөгдөлтийг зогсоох тал дээр Сирийн Ерөнхийлөгчийг ятгаж чадна хэмээн америкууд үзэж байна. Америк, Оросын оролцоотойгоор Сирид гал зогсоох тохиролцоонд хүрсэн ч хэт даврагч “Исламын улс” бүлгийн байрлалд хамаарахгүй хэмээн үзсэн юм.

Дин Жунхуй, Марк Селби нар аваргын төлөө тоглоно

Снукер биллиардын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн төгсгөлийн шатандаа орлоо. Хятадын тамирчин Дин Жунхуй Шотландын алан Макманусыг 17-11 харьцаагаар ялж аваргын төлөөх тулаанд үлджээ. Нөгөө хагас шигшээд Хонконгийн Марко Фу Английн Марк Селбитэй тун ширүүн өрсөлдөж англи эр 17-15 харьцаагаар ялалт байгуулав. Ийнхүү снукер биллиардын хамгийн хүндтэй тэмцээний эцсийн тулаанд хятад, англи тамирчин тунаж үлдлээ. Тэд 18 хожлын төлөө хоёр өдрийн турш тоглоно. Марк Селби хоёр жилийн өмнө алдарт Ронни Салливаныг финалд хожиж дэлхийн аварга болж байсан бол, Дин Жунхуй анх удаа аваргын төлөө тоглолтод гарч ирээд байна. Дэлхийн аварга болсон тамирчин 330 мянган паундын шагнал авна. Харин ялагдсан нь 137 мянган паунд авах юм.

100 насандаа Vogue сэтгүүлийн загвар өмсөгч болжээ

Британийн иргэн Бо Гилберт 100 насандаа Vogue сэтгүүлийн загвар өмсөгч болж тус сэтгүүлийн тэргүүнд нүүрт заларчээ. Дотор хуудсанд түүний Harvey Nichols сүлжээнд зориулан авахуулсан цуврал зураг нийтлэгдсэн аж. Vogue сэтгүүл хэвлэгдэж худалдаанд гарсны 100 жилийн ойгоо ийнхүү өвөрмөцөөр тэмдэглэж байна. 100 настай эмэгтэйг загвар өмсөгчөөр сонгож авсан нь хүнийг насаар нь ялгаварлан гадуурхах үзэгдлийг олон нийтийн анхааралд хандуулах зорилготой ажээ. Vogue сэтгүүл-ийн 100 жилийн ойн баярын дугаар тавдугаар сарын 5-нд хуалдаанд гарна. Бирмингем хотын иргэн Гилберт анх удаа моодны сэтгүүлд зургаа авахуулжээ. Тэрээр Valentino, Céline, Lanvin, Victoria Beckham брэндийн хувцсаар гангарсан байна. Дашрамд сонирхуулахад, саяхан Лондон хотод 50-аас дээш насны эмэгтэй загвар өмсөгчдийн шоу олжээ.

No comments:

Post a Comment