Monday, April 18, 2016




Гандболчин охин эцгээ аврахын тулд олимпийн тоглолтоос татгалзав

Аргентины гандболчин Хоана Боллинг эцгээ аврахын тулд 2016 оны олимпийн тоглолтод оролцохоос татгалзжээ. Цагтаа мэргэжлийн сагсанбөмбөгч явсан бүсгүйн эцэг Элнес Боллингийн бөөр дөрвөн жилийн өмнөөс ажиллагаагүй болж долоо хоногт гурван удаа диалезийн аппаратанд ордог болсон аж. Бөөр шилжүүлэн суулгах нь л түүний амийг аврах ганц боломж байлаа.
20 настай тамирчин бүсгүй аавдаа бөөрөө өгөх гэж удаан ятгасан байна. Ийнхүү дөрөвдүгээр сарын 5-нд охины бөөрийг авч, эцэгт нь шилжүүлэн суулгах мэс засал амжилттай болсон аж. Гэвч хэвлэлүүд 18-нд л энэ тухай мэдсэн аж. “Хэрвээ надад бөөр шилжүүлэн суулгах хэрэгтэй болсон бол аав минь ямар ч эргэлзээгүй бөөрөө өгөх байсан. Бидний бөөр нэг нэгэндээ яг таарч байгаа. Эцгийгээ аврах нь гандболоос илүү чухал” хэмээн Хоана ярьжээ. Хоана Боллинг тун ирээдүйтэй гандболчинд тооцогдож 2016 оны Рио-де-Жанейрогийн олимпийн тоглолтод оролцох Аргентины үндэсний шигшээ багт нэрлэгдээд байсан юм.

Н.Жокович шилдэг тамирчин болов

2015 оны дэлхийн шилдэг тамирчин шалгаруулах Laureus шагналын эзнээр Сербийн теннисч Новак Жокович тодорлоо. Берлинд болсон Laureus World Sports Awards-ийн эздийг танилцуулъя.
Оны шилдэг тамирчин – Новак Жокович (Серб), теннис
Оны шилдэг эмэгтэй тамирчин - Серена Уильямс (АНУ), теннис
Шилдэг Action тамирчин - Ян Фродено (Герман), триатлон
Оны цойлолт - Жордан Спейт (АНУ), гольф
Оны эргэн ирэлт - Дэн Картер (Шинэ Зеланд), регби
Зууны ололт - Ники Лауда (Австри), “Формула-1”
Хөгжлийн бэрхшээлтэй оны шилдэг тамирчин - Даниэль Диас (Бразил), усанд сэлэлт
Сайн санааны спорт - Moving the Goalposts (Кени), эмэгтэй хөлбөмбөг
Оны шилдэг баг – Шинэ Зеландын шигшээ, регби
Спортын сэтгэл зүрх - Йохан Кройфф (Голланд), хөлбөмбөг

Иерусалимд автобусанд бөмбөг дэлбэрчээ

Иерусалим хотын баруун өмнөд хэсгийн Дерех Хеврон гудамжинд зорчигч тээврийн автобусыг дэлбэлжээ. Дор хаяж 21 хүн шархадсанаас хоёрынх нь биеийн байдал тааруу байна. Автобусанд дэлбэрэх төхөөрөмж тавьсан байсан хэмээн  хотын дарга Нир Баркат мэдэгдлээ. Мэргэжилтнүүдийн баталснаар, дэлбэрэх төхөөрөмжийг автобусны хойд хэсэгт тавьсан байжээ. Дэлбэрэлт болох үед автобусанд хүн байгаагүй бөгөөд хажуугийн автобус, машинд байсан хүмүүс шархадсан байна. Цагдаа нар үүнийг алан хядах ажиллагаа хэмээн үзэж, боломжтой бүх хувилбарыг судлан шалгаж байна. Сүүлийн үед израиль иргэд рүү хутга барин дайрсан палестинуудын довтолгоо буурахгүй байгаа. Харин олон нийтийн газар бөмбөг дэлбэлэх нь ихээхэн цөөрөөд байгаа билээ.

Амиа алдсан иргэдийн тоо 376-д хүрэв

Эквадорын эрэг орчимд 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөөд дөрөв хонож байна. Аврах албаныхан 376 хүний цогцсыг олж ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгөөд байна. Амиа алдсан иргэдийн нэрсийг Ерөнхий прокурорын газрын сайтад байрлуулжээ. Портовиехо, Педернал, Манта хот хамгийн их хохирол амсчээ. Эквадорт аврах ажиллагаа үргэлжилсээр байна. Колумб, Венесуэль, Чили, Кубын аврагчид ослын газар ажиллаж байгаа аж. Эквадор, Япон дахь газар хөдлөлт хоорондоо холбоотой байсан хэмээн зарим хэвлэлд бичжээ. Японы Кюшю аралд газар хөдөлж арав гаруй хүн амиа алдсан юм.

Лондонд нохойнд зориулсан кафе нээнэ

Лондон хотод нохойнд зориулсан түр кафе нээхээр зэхэж байна хэмээн Mashable сайт мэдээлэв. Bites and Bones кафе дөрөвдүгээр сарын 27-ноос тавдугаар сарын 1 хүртэл ажиллах юм. Pet Pavilion компани Bluebird зоогийн газартай хамтран энэ төслийг хэрэгжүүлж байна. Дөрвөн хөлтэй зочид гурван хоолноос сонгон зооглож болно. Бугын болон тахианы махан зайдас, хүрэн будаа, мөн нохойн зориулсан шар айргаар үйлчлэх ажээ. Мөн нохойны дээд зэргийн арчилгаа болон дискотекийг санал болгож байна. АНУ-ын Калифорни мужийн Силвер-Лейк хотод анхны нохойны зоогийн газар нээгдэж байсан билээ. Мөн Японд ийм кафе нээсэн нь зочид ихтэй байдаг аж. 

No comments:

Post a Comment