Saturday, April 30, 2016




Германд 400 жагсагчийг баривчилжээ

Германы Штутгарт хотын цагдаа “Германы сонголт” барууны үзэлтэй намын эсрэг жагсаалд оролцсон 400 орчим хүнийг баривчилжээ. Цагдаа нар жагсаалыг тараахдаа нулимс асгаруулагч хий, усан буу ашиглахад эсэргүүцэгчид чулуугаар нүүлгэж эхэлжээ. Нэг жагсагч, хоёр цагдаа гэмтсэн байна. Эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцсон 800 орчим хүний талыг нь баривчлан саатуулсан аж. Эмх журам сахиулахад 1000 орчим цагдаа оролцжээ. Жагсаалд ирсэн иргэд “Германы сонголт” намын бодлогод дургүйцэж, үндсэрхэг үзэлтэй нам хэмээн үзэж байна. Харин тус намынхан жагсагчид бидний Үндсэн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлахыг оролдож байна гэж үзжээ. “Германы сонголт” нам улс орон дахь цагаачдын урсгалыг эрс хязгаарлахын төлөө байдаг. Өнгөрсөн ням гаригт Штутгарт хотод намын их хурал болж тунхаг бичгээ баталсан байна.

Алеппод есөн өдрийн дотор 250 иргэн амиа алджээ

Сирийн Алеппо хотод есөн өдөр үргэлжилсэн байлдааны ажиллагааны улмаас 250 орчим энгийн иргэн амиа алдлаа хэмээн Британид төвлөрдөг Сирийн хүний эрхийн байгууллагаас мэдэгдэв. Сирийн эрх баригчид Алеппо дахь босогчдын байрлалд цохилт өгсөөр байгаа юм. Босогчид ч эрх баригчдын мэдэлд байгаа хотын бүс рүү буудсаар байгаа аж. ВВС мэдээлж буйгаар, сүүлийн хэд хоногтой харьцуулбал Сирийн нисэх хүчний довтолгоо эрс цөөрч байгаа ч тус хот дахь нөхцөл байдал аюултай, эмзэг хэвээр байна. Байлдааны ажиллагаа хэзээ ч сэргэж болзошгүй байгаа юм. Энэ өдрүүдэд Дамаск болон Сирийн эргийн бүс нутгуудад гал зогсоох гэрээ мөрдөгдсөөр байна. Гал зогсоолт амжилттай үргэлжилсээр байвал Алеппо дахь бөмбөгдөлтийг зогсоох тал дээр Сирийн Ерөнхийлөгчийг ятгаж чадна хэмээн америкууд үзэж байна. Америк, Оросын оролцоотойгоор Сирид гал зогсоох тохиролцоонд хүрсэн ч хэт даврагч “Исламын улс” бүлгийн байрлалд хамаарахгүй хэмээн үзсэн юм.

Дин Жунхуй, Марк Селби нар аваргын төлөө тоглоно

Снукер биллиардын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн төгсгөлийн шатандаа орлоо. Хятадын тамирчин Дин Жунхуй Шотландын алан Макманусыг 17-11 харьцаагаар ялж аваргын төлөөх тулаанд үлджээ. Нөгөө хагас шигшээд Хонконгийн Марко Фу Английн Марк Селбитэй тун ширүүн өрсөлдөж англи эр 17-15 харьцаагаар ялалт байгуулав. Ийнхүү снукер биллиардын хамгийн хүндтэй тэмцээний эцсийн тулаанд хятад, англи тамирчин тунаж үлдлээ. Тэд 18 хожлын төлөө хоёр өдрийн турш тоглоно. Марк Селби хоёр жилийн өмнө алдарт Ронни Салливаныг финалд хожиж дэлхийн аварга болж байсан бол, Дин Жунхуй анх удаа аваргын төлөө тоглолтод гарч ирээд байна. Дэлхийн аварга болсон тамирчин 330 мянган паундын шагнал авна. Харин ялагдсан нь 137 мянган паунд авах юм.

100 насандаа Vogue сэтгүүлийн загвар өмсөгч болжээ

Британийн иргэн Бо Гилберт 100 насандаа Vogue сэтгүүлийн загвар өмсөгч болж тус сэтгүүлийн тэргүүнд нүүрт заларчээ. Дотор хуудсанд түүний Harvey Nichols сүлжээнд зориулан авахуулсан цуврал зураг нийтлэгдсэн аж. Vogue сэтгүүл хэвлэгдэж худалдаанд гарсны 100 жилийн ойгоо ийнхүү өвөрмөцөөр тэмдэглэж байна. 100 настай эмэгтэйг загвар өмсөгчөөр сонгож авсан нь хүнийг насаар нь ялгаварлан гадуурхах үзэгдлийг олон нийтийн анхааралд хандуулах зорилготой ажээ. Vogue сэтгүүл-ийн 100 жилийн ойн баярын дугаар тавдугаар сарын 5-нд хуалдаанд гарна. Бирмингем хотын иргэн Гилберт анх удаа моодны сэтгүүлд зургаа авахуулжээ. Тэрээр Valentino, Céline, Lanvin, Victoria Beckham брэндийн хувцсаар гангарсан байна. Дашрамд сонирхуулахад, саяхан Лондон хотод 50-аас дээш насны эмэгтэй загвар өмсөгчдийн шоу олжээ.


Крымийг буцааж өгсөн нөхцөлд л хоригийг цуцлана гэв

АНУ-ын Конгресс Оросын эсрэг хориг арга хэмжээг цуцлах тогтоолын төслийг бэлдээд байна. Оросын тал өөрийн бүрэлдэхүүнд нэгтгээд байгаа Крымийн хойгийг Украинд эргүүлж өгөх, эсвэл энэ тал дээр Киевийн эрх баригчидтэй тохиролцсон хүрсэн нөхцөлд л хориг арга хэмжээг цуцлахаар болж байгаа аж. Крымийг нэгтгэсэн болон Украинд тогтворгүй байдлыг бий болгоход оролцсон хэмээн үзэж байгаа орос, украинуудын эсрэг санхүүгийн болон визийн хориг арга хэмжээ авсныг хуулийн төслийн баримт бичигт зааж өгчээ. Хуулийн төслийг санаачлагчид зөвхөн ОХУ Крымийг Украинд буцааж өгөх, эсвэл хойгийг статусыг Украины хууль ёсны эрх баригчдад нийцүүлэн Киевтэй тохиролцоонд хүрсэн нөхцөлд л АНУ-ын Ерөнхийлөгчид хоригийг цуцлах эрх олгож байгаа юм.
Эс бөгөөс Америкийн төрийн байгууллагууд Крымийн хойгийг Оросын бүрэлдэхүүнд орсныг шууд болон шууд бусаар хүлээн хүлээн зөвшөөрөх, мөн тус хойгийг Оросын нэг хэсэг болгон оруулсан газрын зураг хэвлэн гаргахыг хоригложээ. 2014 оны гуравдугаар сард Крымд бүх нийтийн санал асуулга болж, иргэдийн дийлэнх олонх нь ОХУ-д нэгдэхийг дэмжсэний дараа ОХУ хойгийг бүрэлдэхүүндээ нэгтгэснийг зарласан билээ. Гэвч Украины эрх баригчид болон НҮБ-ын гишүүн орнуудын дийлэнх нь үүнийг хүлээн зөвшөөрөөгүй юм. Үүнтэй холбогдуулан Вашингтоны засаг захиргаа энэ хэрэг явдалд холбоотой оросуудын эсрэг хориг арга хэмжээ авсан. Улмаар Оросын эдийн засгийн бизнес бүтэц, бүхэл бүтэл салбарын эсрэг хориг арга хэмжээ авч өргөжүүлжээ. Крымийн хэрэг явдалтай холбогдуулан Европын холбоо мөн хориг арга хэмжээ авлаа. Харин ОХУ эдгээр хориг арга хэмжээг үндэслэлгүй хэмээн үзэж, Крымийг хууль ёсны дагуу нэгтгэсэн хэмээн мэдэгдэж байгаа юм.

Украинд Ерөнхийлөгч Втктор Януковичийн Оросыг дэмжсэн бодлогыг эсэргүүцсэн хөдөлгөөн өрнөж, улмаар эмх замбараагүй байдал, иргэний дайн дэгдсэн билээ. Ерөнхийлөгч Янукович эх орноосоо зугтаж Орос руу гарсны дараа ч замбараагүй байдал үргэлжилж, Крымийн автономийн эрх баригчид ОХУ-д нэгдэх санал асуулга явуулжээ. Ийнхүү Крым ОХУ-ын бүрэлдэхүүнд орсны дараа орос иргэд түлхүү амьдардаг Украины зүүн хэсгийн Донбасс, Луганск муж мөн Украинаас салан тусгаарлана хэмээн мэдэгдсэнээр иргэний дайн дэгдсэн юм. Энэ дайн одоо ч дуусаагүй байна. Донбасс, Луганскт сайн дурын арми, партизаны бүлгүүд үүсч Украины армитай үе үе мөргөлдөөн дэгдээсээр байна. Киевийн эрх баригчид Донбасс, Луганск мужид тусгай, автономит эрх олгохоос өөр аргагүй болж иржээ. Украины зүүн нутгийн салан тусгаарлагчдын ард Оросын эрх баригчид зогсож байгаа хэмээн Украин үздэг ч Москва үүнийг эрс няцааж байгаа юм. 

Wednesday, April 27, 2016



Леди Гага, Элтон Жон хувцасны брэнд гаргана

Дуучин Леди Гага, Элтон Жон нар Macy's хувцасны дэлгүүрийн сүлжээнд зориулж хувцас, гоёл, хэрэглэлийн хамтарсан брэнд гаргахаах боллоо. Тэдний шинэ брэнд Love Bravery хэмээх нэртэй байх аж. Нэрт дуучид шинэ хувцасны брэндээс олсон орлогынхоо зарим хэсгийг Born This Way Foundation, Elton John AIDS Foundation санд хандивлах ажээ. Хувцасны загвар, дизайныг гаргахад дуучин Леди Гагагийн эгч Натали Жерманотта, мөн хэв маяг тодорхойлогч, загвар зохион бүтээгч Брэндон Максвелл нар оролцсон байна. Love Bravery брэндийн хувцас хэрэглэлийг Macy's сүлжээ дэлгүүрээр наймдугаар сарын 30 хүртэл худалдан авч болно. Дашрамд сонирхуулахад, дуучин Бейонс саяхан спортын хувцасны брэнд гаргасан билээ. 



Facebook-ийн ашиг хоёр дахин нэмэгджээ

Facebook компани 2016 оны эхний улиралд ашгаа 195 хувиар нэмэгдүүлж чадсанаа мэдэгдэв. Энэ хугацаан дахь цэвэр ашиг 1.5 тэрбумд хүрчээ. Яг нэг жилийн өмнө 512 долларын ашиг олж байжээ. Реклам, зар сурталчилгааны нийт орлого 5.2 тэрбум долларт хүрсэн нь ийнхүү нөлөөлсөн юм. Дэлхийн хамгийн том харилцах сүлжээ болоод байгаа Facebook өнгөрсөн нэг жилийн хугацаанд хэрэглэгчдээ 15 хувиар нэмэгдүүлж нэг тэрбум 650 саяд хүргээд байна. Оны эхний улирлын тайланг нийтэлсний дараа тус компанийн хувьцаа есөн хувиар өсчээ. “2016 он бидний хувьд гайхалтай эхэлж байна” хэмээн Facebook-ийг үндэслэгч Марк Цукерберг ярилаа.

Азийн хоёр төлөөлөл хагас шигшээд шалгарлаа

Английн Шеффильд хотын Крусибль театрт болж буй снукер биллиардын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тун сонирхолтой үедээ ирээд байна. Хятадын тамирчин Дин Жунхуй Английн авъяаслаг тамирчдын нэг Жадд Трампыг 13-3 харьцаагаар хожиж хагас шигшээд шалгарчээ. Шотландын Алан Макманус нутаг нэгт, дэлхийн дөрвөн удаагийн аварга Жон Хиггинсийг 13-11-ээр хожиж хагас шигшээд Жунхуйтай тоглохоор болов. Нөгөө хагас шигшээд Хонконгийн Марко Фу, 2014 оны дэлхийн аварга Марк Селбитэй таарлаа. Тэдний хэн түрүүлж 17 хожсон нь дэлхийн аваргын финалд тоглох болно. Энэ удаагийн дэлхийн аваргын шагналын сан нэмэгдэж, түрүүлсэн тамирчин 330 мянган паундын шагнал авах юм.

Одесст үндэсний гвардийн дайчид иржээ

Украины Одесс мужийн захирагч Михаил Саакашвили Одесст үндэсний гвард буюу Украины тусгай хүчний дайчид ирсэн тухай ярьжээ. “Аль хэдийнэ 300 дайчин ирээд байна. Үлдсэн нь ойрын өдрүүдэд ирнэ” хэмээн тэрээр интернэт хуудсаараа дамжуулан мэдээлэв. “Украинская правда” сонин мэдээлж буйгаар, Одесст “Азов” сумангийн дайчид ирж байгаа аж. М.Саакашвили Украины Ерөнхийлөгч Петр Порошенкод хандаж олон нийтийн эмх журмыг сахиулахад нэмэлт хүч илгээхийг хүссэн юм.
Ирэх тавдугаар сард Одесс хотод томоохон жагсаал, цуглаан болох төлөвтэй байгаа тул үүнээс айсан эрх баригчид зөвшөөрөлгүй жагсаал, цуглааныг хориглосон шийдвэр гаргажээ. 2014 оны тавдугаар сарын 2-нд Украины шинэ эрх баригчдыг эсэргүүцэгчид болон дэмжигчдийн хооронд мөргөлдөөн гарсны улмаас Үйлдвэрчний эвлэлийн байранд гал гарч 50 хүн амь насаа алдсан билээ. Одесс хотын иргэд энэ үйл явдлыг дурсан томоохон жагсаал хийхээр бэлтгэж байгаа аж. Эрх баригчид урьдчилан сэргийлэх үүднээс цагдаа, тусгай хүчээ ийнхүү зузаатгаж байна.

Австри улс хамгаалалтын хана хэрэм босгох уу

Австри улсын эрх баригчид Италитай залгаа хил дээр хамгаалалтын хана хэрэм босгох боломжийг судалж байна. 400 мерт урт хана хэрмийг Австрийн Тироль мужийг Италийн Өмнөд Тироль мужаас заагладаг Альпийн нурууны Бреннер даваан дээр барихаар төлөвлөж байгаа аж. Гэвч хана хэрмийг Италийн талтай зөвшилцсөний үндсэн дээр барих боломжтой юм. Венийн тал улс оронд орж ирэх дүрвэгч, цагаачдын урсгалыг тогтоон барихын тулд ийм хаалт хийх санаатай байгаа ажээ.

Италийн улстөрч Маттео Ренци “Бреннер даваан дээр хана хэрэм босговол Европын холбооны дүрмийг зөрчиж, нэгдсэн Европын ирээдүйд муугаар нөлөөлнө” хэмээн ярилаа. Итали улс Бреннер даваагаар дамжуулан худалдааны гол түнш Герман улстай холбогддог билээ. 


Америкийн онгоцууд “Исламын улс”-ын санхүүг сөнөөжээ

АНУ-ын нисэх хүчний сүүлийн хэд хоногийн довтолгооны дараа лалын хэт даврагч “Исламын улс” бүлэг санхүүгийн хамгийн хүнд бэрх үе дээрээ ирээд байна. Ирак, Сири дахь лал босогчдын эсрэг цэрэг, тагнуулын ажиллагааны удирдагч, хошууч генерал Питер Герстен “Манай бөмбөгдөгч онгоцууд жихадист дайчдын бэлэн мөнгөө хадгалж байсан 20 орчим байшин, байрлалыг онилж устгалаа. Нийтдээ 500-800 сая долларыг нь устгаж чадлаа” хэмээн мэдэгдэв. “Исламын улс” бүлэг ийнхүү бэлэн мөнгөний гачланд орсноор дайчдаа цалинжуулах чадвар нь эрс хумигдаж, нэг сард 1500 орчим дайчин элсүүлдэг байсан бол одоо 200 болж багасчээ.

Мөн лалын халифат улсын гишүүд, дайчдын дунд урвалт, зугталт нэмэгдсэнийг америк генерал онцлов. Ирак, Сирид хүчээ авч, үлэмж газар нутгийг хяналтдаа авч халифат улсыг зарлаад байсан “Исламын улс” бүлгийн дайчдын тоо өнөөдөр хамгийн бага түвшинд очоод байгаа аж. “Лалуудын халифат улс хэрхэн живж, сүйрч, төлбөрийн болон тэмцэх, тулалдах чадвар нь суларч байгааг бид харж байна. Олон хүн тус бүлгийг ямар ч хамаагүй аргаар орхин явах боллоо” хэмээн ярилаа. АНУ-ын зэвсэгт хүчин лал босогчдын санхүүгээс гадна тэдний эсрэг кибер дайн дээр анхаарлаа төвлөрүүлж байна. Үүний үр дүнд “Исламын улс” бүлэг интернэтээр дайчилгаа, элсүүлэлт явуулдаг байсныг эрс багасгаж чаджээ. Жихадист ухуулагчид халифат улсдаа хүн элсүүлэхийн тулд олон нийтийн сүлжээг идэвхтэй ашигладаг аж.

Monday, April 25, 2016



Филиппины лалын босогчид канад иргэнийг цаазалжээ

Канадын иргэн Жон Ридсдел Филиппин дахь лалын хэт даврагч “Абу Сайяф” бүлгийнхэнд цаазлуулсныг Канадын Засгийн газар батлав. Ридсдел өнгөрсөн оны есдүгээр сард нэгэн сувиллын газраас бас нэг канад, норвеги, филиппин иргэний хамтаар лалын босогчдод хулгайлагдсан юм. Тэд барьцааны хүмүүсийн төлөө 6.4 сая доллар өгөхийг шаардаж, шаардлагыг эс биелүүлбэл барьцааны нэг хүний толгойг тасдана хэмээн сүрдүүлжээ. Филиппины армийн цэргүүд өнгөрсөн даваа гаригт нэгэн арал дээрээс тасдсан толгой олсон аж. Гялгар уутанд боосон толгойг мотоциклтэй этгээдүүд хотын гудамжинд хаяяихаад зугтсан байна.
“Абу Сайяф” бүлэг нь Филиппины өмнөд хэсэгт төвлөрч эрх баригчдын эсрэг тэмцэж, “Аль-Кайда”-тай холбоо сүлбээтэй ажилладаг. Тус бүлгийн толгойлогч Иснилон Хапилоны байгаа газрыг тогтооход тусласан хүнийг АНУ таван сая доллараар шагнахаа амлажээ.

Сири гэр бүлд оршин суух эрх олгов

Москвагийн Шереметьево нисэх онгоцны буудлын дамжин өнгөрөх бүсэд хоёр сар амьдарсан Сирийн курд гэр бүлд Орост түр оршин суух эрх олгожээ. “Тэднийг дүрвэгсэд хэмээн хүлээн зөвшөөрсөн тул Тверь мужийн Цагаачлалын албанаас түр оршин суух эрх олголоо” хэмээн тус гэр бүлийн өмгөөлөгч ярьжээ. Ийнхүү эхнэр, дөрвөн хүүхдийн хамтаар Москвагийн нисэх буудалд амьдарч байсан Хасан Абдо Орост хууль ёсоор хөл тавихаар болов.
Химкинск хотын шүүх Хасан Абдо, түүний эхнэр Шахо Голстан нарыг Оросын хилийг хууль бусаар давсан хэмээн үзэж 10 мянган рублиэр торгох шийдвэр гаргасан юм. Тэд дөрвөн хүүхдийн хамтаар Москвад ирж Шереметьевогийн хилийн хяналтаар орсны дараа Орост орогнох эрх хүсчээ. Гэвч Цагаачлалын албаны ажилтнууд тэдний паспортыг хууль бус хэмээн хураан авч, Оросын газар нутагт хөл тавихыг хориглосон аж. Үүний дараа тэд нисэх буудлын дамжин өнгөрүүлэх бүсэд үлдсэн байжээ.

Хятадад гудамжинд газар гэнэт цөмөрчээ

Хятадын зүүн хэсгийн Ханжоу хотод авто зам дээр санамсаргүй том нүх гарсан нь аюулгүйн камерт бичигдэж үлджээ. CCTV телевизээр цацсан бичлэгт замын цагдаа жолооч нарыг анхааруулж, ан цав гарсан зам дээр аюулгүйн конус тойруулан тавьж байгаа нь харагдана. Удалгүй тэрхүү ан цав нь томорсоор багагүй нүх гарч байгаа нь бичигдэж үлдсэн байна. Авхаалжтай цагдаагийн ачаар гэнэтийн газар цөмрөлт ямар нэг хор хохирол учруулсангүй. Хотын захиргааны газраас гэнэт газар цөмөрч хоёр метр орчим гүн нүх гарсан шалтгааныг судалж байна.


Хамид Карзай: Зарим салбарт америкууд ихээхэн нааштай нөлөө үзүүлсэн

Сири, Иракт томоохон хохирол амсч ухарсаар байгаа “Исламын улс” бүлгийн дайчид бусад улс орон руу шилжин байрлаж байгаагийн нэг нь Афганистан юм. Дөрөвдүгээр сарын 20-23-нд Казахстанд болсон Евразийн хэвлэл мэдээллийн форум дээр энэ асуудлыг хэлэлцжээ. Форумын оролцогчдын дунд талибуудыг 2001 онд түлхэн унагаснаас хойш Афганистан орныг бараг 13 жил удирдсан экс Ерөнхийлөгч Хамид Карзай байсан юм. Лента.ру түүнтэй уулзаж Афганистаны хувь заяа, “Исламын улс”-ын эсрэг тэмцлийн талаар ярилцжээ.

-Та Афганы Ерөнхийлөгчийн албанаас буугаад бараг хоёр жил болжээ. Тэр цагаас хойш улс оронд нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөв?

-Харамсалтай нь Афганистан улс тайван амгалан болсонгүй. Аюулгүй байдлын асуудлаар АНУ-тай хоёр талын хэлэлцээ байгуулсны дараа Афганы ард түмэн байдал сайжирна гэж найдсан ч тийм юм болсонгүй.

-Америкууд Афганистанд цэргээ оруулснаар сайн сайхныг авчирав уу, эсвэл гай зовлон авчирсан уу?

-Хэлэхэд хэцүү л юм. Зарим салбарт америкууд ихээхэн нааштай нөлөө үзүүлсэн. Боловсрол, зам харгуй, эрүүл мэнд гээд. Олон хүн ажилтай, цалинтай болсон. Зарим нь бүр их цалин авч байсан. Гэвч аюулгүй байдлын талбарт америкууд амжилт олсонгүй. Терроризм хаашаа ч алга болсонгүй. Радикал, экстремист үзэл бодол хүчирхэгжиж, аллага, хүчирхийлэл өдөр тутмын амьдралын нэг хэсэг болчихлоо.

-“Исламын улс” бүлэг Афганд ороод ирлээ. Одоо хэн ялах гээд байна вэ? Талибууд “Исламын улс”-ыг дийлэх үү, эсвэл халифат талибуудыг залгих уу? Эсвэл Засгийн газрын цэрэг тэднийг дийлэх үү?

-Эцсийн эцэст ялалт Засгийн газрын хүчний гарт ирэх ёстой. Тэд бусад “муу залуусыг” дийлэх хэрэгтэй. “Талибан” хөдөлгөөний хувьд гэвэл, Афганы ард түмэн нэгдэх ёстой л доо. Хэдийгээр энэ байгууллага багагүй гай зовлон авчирч, олон афганууд түүний эгнээнд тулалдаж байгаа ч Афганы ард түмний хувьд энхийн яриа хэлэлцээг эхлүүлэхээс өөр арга зам байхгүй.
Нөгөө талаар, “Исламын улс” бол харь элгийн байгууллага. Тэд гаднаас орж ирээд Афганы, бүс нутгийн ашиг сонирхолд нийцэхгүй зорилгын төлөө тулалдаж байна. Тиймээс тус бүлгээс ирж буй аюул заналхийллийн эсрэг бүгд нэгдэж тэмцэх хэрэгтэй. Хэрвээ өрнөд үнэхээр “Исламын улс”-ын эсрэг тэмцэлд амжилт олохыг хүсч байвал Оросын тусламжийг авах ёстой.

-“Исламын улс”-ын талаар таны байр суурь ойлгомжтой. Тэгвэл Афганы дотоод хямралыг зохицуулахад “Талибан” хөдөлгөөн аль хэр үүрэгтэй вэ?


-Бид тэдэнд тодорхой үүрэг, хариуцлага санал болгохдоо баяртай байх болно. Талибууд чинь афганууд шүү дээ. Гадаадын нөлөөнөөс ангижирч, улс орондоо хор хүргэх биш, харин тусалж дэмжихэд афган иргэдийн хувиар хувь нэмрээ оруулаасай гэж тэднийг уриалж байна. 

Sunday, April 24, 2016



Йемений цэргүүд Эль-Мукалла хотыг чөлөөлөв

Йемений зэвсэгт хүчин өнгөрсөн оноос хойш “Аль-Кайда”-гийн дайчдад эзлэгдээд байсан өмнөд хэсгийн Эль-Мукалла хотыг чөлөөлжээ. Хотыг “Аль-Кайда”-гаас эргүүлэн авахад Арабын нэгдсэн эмирт улсын цэргүүд тусласан байна. Тэд Йемений цэргүүдийн хамтаар арабын орнуудын өргөн эвсэлд багтаж Йемений хусит босогчид болон жихад дайчидтай байлдаж байгаа аж. “Аль-Кайда”-гийн Йемен дахь салбарын дайчид ихээхэн орлого оруулж байсан Эль-Мукалла боомт хотыг орхиж ухрахаас өөр аргагүй болжээ. Йемений цэргүүд тус хотыг эргүүлэн авснаар лалын жихад дайчдын байр суурь ихээхэн сулрана хэмээн ажиглагчид үзэж байна. Эль-Мукалла нь Адений хоолойн эрэг дээр оршдог улс орын өмнөд хэсгийн чухал боомт хотын нэг юм.

Эрдоган армянуудын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлэв

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган 1915 онд Константинопольд амь үрэгдсэн армян иргэдийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж, Османы эзэнт гүрний армянуудын дурсгалыг хүндэтгэж, төрөл төрөгсдийнх нь уй гашууг хуваалцаж Стамбул дахь армян сүмд захидал илгээжээ. Үүний зэрэгцээ Туркийн лидер түүхийг үзэн ядалтаар улстөржүүлэхгүй байж, хөрш орнуудын ард түмнийг хагаралдуулах оролдого хийхгүй байхыг уриалав. Турк, Арменийн ард түмэн түүх, соёл уламжлалаараа холбоотой хэмээн Эрдоган онцолжээ.
Туркт армян иргэдийг хоморголон устгасан ээлжит ойд зориулсан эмгэнэлийн арга хэмжээ Ереван хотод болсон юм. Арменийн Ерөнхийлөгч Серж Саргсян энэхүү эмгэнэлт түүхийн золиос болсон хүмүүст зориулсан хөшөөнд цэцэг өргөжээ. Армени улс энэ явдлыг аймаглан устгалт хэмээн үзэж, энэ байр суурийг нь Аргентин, Бельги, Канад, Франц, Итали, Орос болон өөр хэд хэдэн улс албан ёсоор дэмждэг. Харин Турк улс армянуудыг хоморголон устгасан гэдгээ үл хүлээн зөвшөөрдөг билээ. Дэлхийн I дайны үеэр Османы эзэнт гүрэнд 1.5 сая армян үндэстнийг хоморголон устгасан хэмээн түүхчид үздэг аж.

Франц аялал жуулчлалаар тэргүүлэв


НҮБ-ын дэргэдэх Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас 2015 онд хамгийн их жуулчин хүлээж авсан орнуудын жагсаалтыг гаргажээ. Франц улс өнгөрсөн онд 86.3 сая жуулчин хүлээн авч тэргүүлэв. АНУ 77.9, Испани 68.1 сая жуулчин хүлээн авч удаалжээ. Араас нь Хятад, Итали, Турк, Герман, Их Британи, Мексик, ОХУ оржээ. Аялал жуулчлалын салбараа хамгийн ихээр өсгөсөн орнуудыг Уганда улс (36.7 хувь) тэргүүлэв. Азербайжан 27.3, Катар 23.7, Парагвай 23.1, Гүрж 19.4, Тайланд 18.4, Танзани 16.5, Вьетнам 16.1, Мьянма 15.4 хувиар аялал жуулчлалаа өсгөж  чадсан байна. 



Малайзын “Боинг”-ийг Украины нисэх хүчин буудаж унагасан уу

2014 онд Украины Донбасст сүйрсэн Малайзын “Боинг-777” онгоцны талаарх шинэ хувилбарыг хэвлэлүүд нэрлэжээ. Нисэх онгоцыг Украины нисэх хүчний сөнөөгч онгоцноос харвасан “агаар-агаар” ангиллын пуужин онож устгасан байж болзошгүй байна. Malaysian Airlines авиакомпанийн MH17 нислэг гүйцэтгэж явсан нисэх онгоцны ойролцоо өөр нисэх онгоцууд харагдсан хэмээн гэрчүүд баталж байгаа аж.
 “Зун, ургац хураах цаг байсан. Бид хар утаа, мөнгөлөг тоглоом шиг өнгөтэй хоёр жижиг онгоц харсан. Нэг нь чигээрээ, нөгөө нь түүнийг тойрч нисч байсан. Дараа нь дэлбэрэлт болж, тэр онгоц гарч ирсэн газар руугаа буцаад ниссэн” хэмээн тэрхүү ослыг харсан Наташа Беронина Daily Mail сонинд ярьжээ. Мөн бас нэг гэрч том дэлбэрэлт болохын өмнөхөн жижиг онгоцноос пуужин харвасныг харсан аж. Германы эрэн сурвалжлах сэтгүүлч 100 орчим гэрчтэй уулзаж ярилцахад долоо нь жижиг онгоцыг харсан гэдгээ хэлжээ. Удахгүй ВВС телевизээр гаргах гэж байгаа уг ослын талаарх баримтат киноноос Британийн хэвлэлүүд иш татаж байгаа аж. Гэрчүүдийн яриа, мэдүүлгээр баяжуулсан уг баримтат кинонд Малайзын нисэх онгоц сөнөөгч онгоцны довтолгоонд өртөж сүйрснийг баталж байгаа юм. Нэгэн гэрч “Сөнөөгч онгоцноос пуужин харвасны дараа чанга дэлбэрэх чимээ гарсан” хэмээн баталж байна.
Голландын Амстердам хотоос Малайзын Куала-Лумпур орохоор MH17 нислэг үйлдэж явсан Malaysia Airlines авиакомпанийн Boeing 777 онгоц 2014 оны долдугаар сарын 17-нд Украины зүүн хэсгийн Донецк мужид сүйрсэн билээ. Онгоцонд явсан голланд үндэстэн голдуу 283 зорчигч, нисэх багийн 15 гишүүн бүгд амь үрэгдсэн юм. Ослын шалтгааны талаар янз бүрийн хувилбар гаргаж байснаас Малайзын онгоц пуужинд оногдож сүйрсэн гэсэн хувилбар давамгайлж байна. Украин болон өрнөдийн орнууд энэ ослын хариуцлагыг Донбассын босогчидтой холбосоор иржээ. Гэвч Донбассын бүгд найрамдах улсын босогчид онгоцны осолд хамаагүй гэдгээ мэдэгдэж, Украины эрх баригчдыг үүнд буруутай хэмээн мэдэгдсэн юм.

2015 онд Голландын эрх баригчид Малайзын онгоцны сүйрлийн шалтгааны талаарх илтгэлээ ил болгожээ. Илтгэлээс үзэхэд, Боинг 777 онгоцыг “Бук” хэмээх зенитийн пуужингаар буудаж унагасан, пуужинг Украины зүүн хэсгээс харвасан хэмээн үзсэн байна. Харин яг хаанаас харвасныг илтгэлд дурдаагүй юм. Мөн Украины мөргөлдөөнд оролцогч талуудаас аль нь пуужин харвасныг илтгэлд онцлоогүй аж. ВВС-гээр удахгүй гарах баримтат кинонд Малайзын онгоцыг Украины сөнөөгч онгоцууд пуужингаар харваж унагасан гэдгийг гэрчүүд батлан ярих ажээ.

Saturday, April 23, 2016



Францын “Хүн-аалз” Алма-Атагийн хамгийн өндөр барилгыг байлдан дагуулав

“Хүн-аалз” хэмээн алдаршсан Францын алдартай авирагч Ален Робер Казахстаны хуучин нийслэлийн хамгийн өндөр барилга руу авирч гарчээ. Тэрээр 168 метр өндөр Esentai Tower барилга дээр аалз мэт авиран гарахдаа хагас цаг зарцуулж, энэ хооронд хэд хэдэн селфи хийж, ус ууж, цугласан олон руу гараа даллаж амжжээ. 10 мянган хүн энэ явдлын гэрч болсон байна. 53 настай Ален Робер хамгаалалт, бэхэлгээгүй улаан гараараа авирдгаараа алдаршсан юм. Гэвч энэ удаа эрх баригчдаас зөвшөөрөл авч, хамгаалалт, бэхэлгээтэй авирчээ. “Хүн-аалз” Куала-Лумпурын Петронас цамхаг, Барселоны Agbar цамхаг, Нью-Йоркийн Empire building, Дубайн Халиф цамхаг зэрэг дэлхийн 70 орчим тэнгэр баганадсан барилгыг байлдан дагуулсан юм.

Эквадорт амь үрэгдсэн хүний тоо 650-д хүрлээ

Долоо хоногийн өмнө Эквадорт болсон хүчтэй газар хөдлөлтөд амиа алдсан хүний тоо 650-д хүрлээ хэмээн тус улсын эрх баригчид мэдэгдэв. 58 хүн сураггүй алга болжээ. Ерөнхийлөгч Рафаэль Корреа долоо хоног тутмын телевизийн мэдэгдлээрээ аврах баг, техникээ илгээсэн улс орнуудад талархал илэрхийлсэн байна. Байшин барилгын нуранги дороос 100 гаруй хүнийг амьдаар нь олж гаргаж авчээ. Корреа амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалд зориулж улс оронд найм хоногийн гашуудал зарлав. Дөрөвдүгээр сарын 17-нд Эквадорын эрэг орчмоор 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон нь тус улсад 1979 оноос хойш болоогүй хүчтэй газар хөдлөлт болсон юм.

Хойд Солонгос цөмийн туршилтаа зогсоох болзлоо нэрлэв

АНУ жил бүр Өмнөд Солонгост хийдэг цэргийн хээрийн сургуулиасаа татгалзвал цөмийн туршилтаа зогсооход бэлэн байна хэмээн Хойд Солонгосын эрх баригчид мэдэгдлээ. Энэ тухай Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд Ли Су Ён Аssociated Press агентлагт ярьсан байна. “Солонгосын хойг дахь цөмийн дайны хээрийн сургуулиа зогсоочих. Тэгээд бид цөмийн туршилтаа зогсооё” хэмээн сайд хэлснийг АР агентлаг уламжилжээ. Дашрамд сонирхуулахад, энэ нь Пхеньяны Гадаад хэргийн сайдын барууны хэвлэлд өгсөн анхны ярилцлага аж. Хойд Солонгос нь Америкийн зүгээс ирэх аюул заналхийллийг тогтоон барьж байхын тулд цөмийн зэвсэг эзэмших эрхтэй гэдгийг Ли дахин онцлоод хориг арга хэмжээгээр айлган сүрдүүлэхийг зөвшөөрөхгүй гэдгээ хэлжээ.

Үүний өмнөхөн Хойд Солонгосын тал зүүн эрэг орчмоосоо шумбагч хөлөгнөөс баллистик пуужин харвасан хэмээн Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны төлөөлөгч мэдэгдсэн юм. Хойдууд Синпхо боомт орчмоос пуужин харвасан бололтой. Харин энэ пуужингийн туршилт амжилттай болсон эсэхт Өмнөд Солонгос эргэлзэж байгаа аж. Пуужин аль хэр хол ниссэн, газардсан, “байндаа туссан” эсэх мэдээлэл байхгүй байгаа юм. Шумбагч хөлөгнөөс харвасан баллистик пуужинг илрүүлэх хэцүү байдаг. Хойд Солонгосын төрийн мэдээллийн агентлагаас дамжуулж буйгаар, баллистик пуужингийн туршилт удирдагч Ким Чен Уны хяналт дор тун амжилттай болсон аж. НҮБ-аас тавьсан хоригийн дагуу Хойд Солонгосыг 2006 оноос хойш цөмийн туршилт хийх, баллистик пууижнтай холбоотой үйл ажиллагаа явуулахыг хориглосон билээ. Гэвч хойдууд энэ хоригийг үл тоон туршилт хийсээр байна. Пхеньян дахин баллистик пуужин туршсан мэдээлэл түгсэний дараа Францын Гадаад хэргийн яам Европын холбоонд хандаж тус улсын эсрэг нэмэлт хориг хэмжээ авахыг уриалжээ. 



Хиллари Клинтоны тухай таны мэдэхгүй таван баримт

АНУ-ын дараагийн Ерөнхийлөгчөөр тодрох асар их магадлалтай хатагтай Хиллари Клинтоны тухай таван сонирхолтой баримтыг сонирхуулъя. Өнөөдөр тэрээр Ардчилсан намын сунгаанд сенатч Берни Сандерсийн хамтаар өрсөлдөж байгаа билээ.
-Түүний нууц нэр “Мөнх ногоон”

Хиллари Клинтон Цагаан ордонд тэргүүн хатагтайн хувиар амьдарч байхдаа нууц нэр, кодтой байжээ. Нууц албаныхан түүнд “Мөнх ногоон” (Evergreen) хэмээх нэр өгч энэхүү нууц нэрээр нь томъёолон ярилцдаг байсан аж. Харин Билл Клинтоны нууц нэр нь “Бүргэд” (Eagle) байжээ.

-Тэр “Грэмми” шагналтай

Хиллари Клинтон 1997 онд “Шилдэг үг, Хөгжмийн бус цомог” ангилалд “Грэмми” шагнал авч байжээ. Тэрээр хүүхдийн хүмүүжил,сургалтад зориулсан “Бүхэл бүтэн тосгон хэрэгтэй” хэмээн номныхоо аудио хувилбараар энэ шагналыг авч байсан аж. Хиллари “Амьдралын минь түүх” зэрэг хэд хэдэн ном бичсэн билээ.

-Тэргүүн хатагтай сонгуульд өрсөлдөв

2000 онд Хиллари Клинтон Нью-Йорк мужийн сенатчийн суудлын төлөө өрсөлдөж ялалт байгуулснаар АНУ-ын Ерөнхийлөгчийн гэргий сонгуульд ялсан анхны тохиолдол болсон юм. 2006 онд өрсөлдөгч Жон Спенсерийг хол орхиж энэ албан тушаалд улиран сонгогдлоо.

-Нөхрийнхөө овгийг бүр сүүлд авчээ

Хиллари Родэм 1975 онд Америкийн ирээдүйн Ерөнхийлөгч Уильям Клинтонтой гэрлэсэн ч нөхрийнхөө овгийг аваагүй юм. Гэвч Билл Клинтон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялж тангараг өргөхөөс хэдхэн хоногийн өмнө Хиллари овгоо сольж Хиллари Родэм Клинтон хэмээн нэрлэгдэх болжээ. Тэрээр одоо Хиллари Клинтон гэж дуудуудах дуртай гэдгээ сурвалжлагч нарт хэлж байсан удаатай.

-1996 оноос хойш жолооны ард суугаагүй

Хиллари 1996 оноос хойш жолооны ард суугаагүй гэдгээ 2014 онд Шинэ Орлеанд Автомашин худалдаалагчдын үндэсний холбооны гишүүдийн өмнө гарахдаа хэлж байв. Тэрээр автомашин жолоодохыг хүсдэг ч ажил, алба нь ийм боломж олгохоо больсонд харамсаж явдгаа илэрхийлжээ. “1996 онд хамгийн сүүлд жолооны ард сууснаа одоо ч сайн санаж байна. Гэхдээ хэзээ нэгэн цагт автомашин жолоодох байх аа” хэмээн тэрээр ярьжээ. 

Wednesday, April 20, 2016

2 мэдээ хийлээ. Гадаад  нүүр орвол өчигдрийн мэдээ зэдээтэй нийлүүлээд гусаарай


Хоёр тэрбум хүн Зика вирусээр халдварлах аюултай

Хоёр тэрбум гаруй хүн Зика вирус тархах аюултай бүс нутагт амьдарч байна хэмээн eLife сэтгүүлд бичжээ. Төрөлхийн гажиг үүсгэдэг энэ вирус шумуулд хазуулснаас халдварладаг гэж анхандаа үзэж байсан ч халдвар олон замаар дамжиж буйг тогтоогоод байна. Зика вирус тархах аюултай бүс нутагт Австралийн хойд хэсгээс Азийн өмнөд хэсэг хүртэл, Өмнөд болон Хойд Америкийн үлэмж хэсэг, АНУ-ын эрэг багтаж байна. Энэ өвчин хүн ам шигүү суурьшсан газар дэгдэх магадлалтай байгааг эрдэмтэд анхааруулжээ. Зика вируст хамгийн их өртөөд байгаа улс нь Бразил юм. Тус улсад болох зуны олимпийн үеэр вирусын халдвараас хэрхэн сэргийлэх нь дэлхий нийтийн том зорилт болоод байна.

20 доллар дээр афро-америк эмэгтэй мөнхрөнө


АНУ-д шинээр хэвлэж буй 20 долларын дэвсгэрт дээр боолчлолын төлөө тэмцэгч афро-америк эмэгтэй Гарриет Табмений хөрөг залрахаар боллоо хэмээн АНУ-ын Сангийн яамнаас мэдээлэв. Сүүлийн 100 гаруй жилийн түүхэнд А мерикийн мөнгөн дэвсгэрт дээр дүр нь мөнхөрч буй анхны эмэгтэй нь энэ юм. 1891-1896 онд гаргаж байсан нэг долларын мөнгөн дэвсгэрт дээр тэргүүн хатагтай Марта Вашингтоны хөрөг гарч байсан удаатай. Мөн 1865-1869 онд 20 долларын цаасан мөнгөн дээр Энэтхэгийн гүнж Покахонтасын хөрөг заларч байжээ. АНУ-ын долоо дахь Ерөнхийлөгч, боол эзэмшигч Эндрю Жексоны хөрөг ийнхүү боолчлолын төлөө тэмцэгч бүсгүйгээр солигдож байна. Сангийн яам 10 доллар дээрх АНУ-ын санхүүгийн системийг үндэслэгч Александр Хамильтоны хөргийг солихоор зэхэж байгаа ч ихээхэн эсэргүүцэлтэй тулгарч байна. 

Tuesday, April 19, 2016

НҮБ Кабул дахь халдлагыг эрс буруутгав

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Афганистаны нийслэл Кабул хотод болсон террорист халдлагыг эрс буруутгажээ. Халдлагыг зохион байгуулагч, гардан гүйцэтгэгч, ивээн тэтгэгчдийг баривчилж шүүхэд шилжүүлэх ёстой хэмээн Аюулгүйн зөвлөлийн гишүүд үзэж байна. “Талибан”, “Исламын улс”, “Аль-Кайда” болон бусад террорист бүлгүүд Афганистаны тогтвортой, аюулгүй байдалд ноцтой заналхийлж байгааг НҮБ хүлээн зөвшөөрчээ. АНУ-ын Төрийн департамент Кабулд халдлага болсонд эмгэнэж буйгаа илэрхийлсэн байна.
Дөрөвдүгээр сарын 19-ний өглөө Батлан хамгаалах болон Сангийн яам байрладаг Кабулын Махмуд-Хан дүүрэгт автомашинд тавьсан бөмбөг дэлбэрч 30 орчим хүний аминд хүрсэн юм. Халдлагын хариуцлагыг “Талибан” хөдөлгөөний дайчид хүлээжээ.

Mossack Fonseca-ийн ажилтан “Панамагейт”-ийн баримтыг дэлгэжээ


Панам дахь офшор данстай холбоотой баримт бичиг алдагдсан нь Mossack Fonseca хууль зүйн фирмийн гомдсон хоёр ажилтантай холбоотой хэмээн мөнгө угаах гэмт хэргийн мэргэжилтэн Кеннет Райжок ярилаа. “Тэдний нэг нь компанийг үүсгэн байгуулагч Рамон Фонсекагийн нарийн бичгийн дарга бүсгүй. Тэд хайр сэтгэлийн  холбоотой байсан ч харилцаа нь таагүйгээр дууссан. Үүний дараа хатагтай өөрийн мэдэлд байгаа нууц баримт бичгийг Панамын нийслэл хотод бараг ил, нээлттэйгээр худалдаанд тавьсан” хэмээн Кеннет ярилаа. Нууц баримт тараасан хоёр дахь хүн нь хувийн эд хөрөнгийг удирдан зохицуулах хэлтсийн ажилтны гэргий аж. Тэрээр ажлаас халагдсаныхаа дараа компанийн удирдлагаас өс хонзон авахын тулд офшор данстай холбоотой нэрсийн жагсаалтыг хулгайлж бусдад дамжуулсан ажээ. 



Дэлхийн аварга Эстел Бале цасан нурангид амиа алджээ

Сноубордын дэлхийн аварга Эстел Бале Альпийн нуруунд зар сурталчилгааны бичлэгт оролцон гулгаж байхдаа цасан нурангид дарагдаж 21 насандаа амиа алдлаа. Швейцарийн тамирчин Эстел Бале 2015 онд Freeride Wolrd Tour тэмцээнд түрүүлж байсан юм. Швефцарийн Орсиере хот орчмын ууланд гулгаж байгаад нэг км орчим цасан нурангид өртжээ. Бале гулгаж байхдаа цасан нурангид залгиулсан хэмээн цагдаагийн газраас мэдээлсэн байна. Дэлхийн аварга бүсгүй илрүүлэлтийн системээр тоноглогдсон байсан тул нурангиас удалгүй олж гаргасан аж. Гэвч түргэн тусламжийн баг түүнийг сэргээх гэж оролдсон ч талаар болж залуу бүсгүй нас баржээ.

Рики Мартин сири найз залуутай болжээ

Ижил хүйстэн гэдгээ ил тод зарлаад удаж байгаа дуучин Рики Мартин шинэ найз залуутайгаа албан ёсоор гэрлэв. Тэд Сан-Паулу хотод болсон Америкийн сангийн буяны үйл ажиллагааны үеэр харилцаагаа албан ёсны болгожээ. Пуэрто-Рико дуучны амраг нь Сирид төрж, Шведэд өсч, Лондонд амьдардаг Жван Юсеф гэдэг 32 настай залуу аж. Түүнийг бага байхад эцэг эх нь Сириэс дүрвэсэн байна. “Би аль нэг улс, соёлд харъяалагддаггүй. Швед улс биднийг гараа алдлан угтаж авсан. Энэ дэлхий дээр “Гэр минь” гэж дуудах дуртай хоёр улсын нэг нь” хэмээн Жван ярьжээ. Рики Мартины шинэхэн амраг Сирийн дайн, Арабын хаврын тухай ярих дургүй. Жван үзэсгэлэнгийн танхимийн тохижилт, чимэглэлийн чиглэлээр бизнес хмийдэг аж.

Дональд Трамп Нью-Йоркийн сунгаанд хөнгөхөн яллаа


Нью-Йоркт болсон Бүгд найрамдах намын сунгаанд тэрбумтан Дональд Трамп итгэлтэй ялалт байгууллаа. Санал асуулгын дүн хэлж байсанчлан тэрээр өрсөлдөгч нараа хол орхин Нью-Йоркийн 81 төлөөлөгчийн саналыг хамжээ. Тэрээр ойрын өрсөлдөгч Тед Крузаас 30 хувиар илүү санал авсан байна. “Баярлалаа, Нью-Йорк. Би чамд хайртай” хэмээн Трамп ялалтын баяраа хуваалцаж, дэмжигчиддээ талархал илэрхийлжээ. Ийнхүү Д.Трамп Бүгд найрамдах намаас АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд дэвших эрх рүү улам ойртсоор байна. Ирэх долдугаар сард болох намын их хурлаар тус нам нэр дэвшигчээ тодруулан зарлах юм. Ардчилсан намаас экс тэргүүн хатагтай Хиллари Клинтон нэр дэвших магадлал өндөр байна.


Intel 12 мянган ажилтнаа цомхотгоно


Америкийн Intel корпорац ширээний компьютерийн зах зээл дахь эрэлт хэрэгцээний уналтаас хамаарлаа бууруулахын тулд 12 мянган ажлын байраа цомхотгохоор болсноо зарлав. Компьютерийн микро процессор үйлдвэрлэгч тус компани шинэ бүтэц, зохион байгуулалтын зардалд 1.2 тэрбум доллар гаргахаар болжээ. Цомхотголд компанийн ажилчдын 11 хувь нь өртөж байгаа бөгөөд халаа, сэлгээний үйл явц 12 сар үргэлжилнэ хэмээн мэдэгдэв. Халагдаж буй ажилчдын нөхөн төлбөрт хэдий хэмжээний мөнгө зарцуулж байгааг дурдаагүй ч дор хаяж хоёр тэрбум доллар байгаа хэмээн мэргэжилтнүүд тооцоолж байна. Intel корпорац ширээний компьютер үйлдвэрлэгч компаниас глобал, өндөр технологийн сүлжээ боловсруулагч болж хувирах үйл явцыг түргэтгэхээр төлөвлөж байна. Компьютерийн микро чип үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг тус корпорац 2016 оны төлөвлөсөн ашиг буурахаар болсныг зарлажээ. Өчигдөр Уолл-Стритэд үнэт цаасны арилжаа хаагдахад тус компанийн хувьцааны үнэ 2.5 хувиар унажээ. Он гарсаар Intel-ийн хувьцаа 8.4 хувиар унаад байгаа юм. 2016 оны эхний улиралд дэлхий даяар персонал компьютерийн худалдаа 11.5 хувиар буурчээ. 

Monday, April 18, 2016




Гандболчин охин эцгээ аврахын тулд олимпийн тоглолтоос татгалзав

Аргентины гандболчин Хоана Боллинг эцгээ аврахын тулд 2016 оны олимпийн тоглолтод оролцохоос татгалзжээ. Цагтаа мэргэжлийн сагсанбөмбөгч явсан бүсгүйн эцэг Элнес Боллингийн бөөр дөрвөн жилийн өмнөөс ажиллагаагүй болж долоо хоногт гурван удаа диалезийн аппаратанд ордог болсон аж. Бөөр шилжүүлэн суулгах нь л түүний амийг аврах ганц боломж байлаа.
20 настай тамирчин бүсгүй аавдаа бөөрөө өгөх гэж удаан ятгасан байна. Ийнхүү дөрөвдүгээр сарын 5-нд охины бөөрийг авч, эцэгт нь шилжүүлэн суулгах мэс засал амжилттай болсон аж. Гэвч хэвлэлүүд 18-нд л энэ тухай мэдсэн аж. “Хэрвээ надад бөөр шилжүүлэн суулгах хэрэгтэй болсон бол аав минь ямар ч эргэлзээгүй бөөрөө өгөх байсан. Бидний бөөр нэг нэгэндээ яг таарч байгаа. Эцгийгээ аврах нь гандболоос илүү чухал” хэмээн Хоана ярьжээ. Хоана Боллинг тун ирээдүйтэй гандболчинд тооцогдож 2016 оны Рио-де-Жанейрогийн олимпийн тоглолтод оролцох Аргентины үндэсний шигшээ багт нэрлэгдээд байсан юм.

Н.Жокович шилдэг тамирчин болов

2015 оны дэлхийн шилдэг тамирчин шалгаруулах Laureus шагналын эзнээр Сербийн теннисч Новак Жокович тодорлоо. Берлинд болсон Laureus World Sports Awards-ийн эздийг танилцуулъя.
Оны шилдэг тамирчин – Новак Жокович (Серб), теннис
Оны шилдэг эмэгтэй тамирчин - Серена Уильямс (АНУ), теннис
Шилдэг Action тамирчин - Ян Фродено (Герман), триатлон
Оны цойлолт - Жордан Спейт (АНУ), гольф
Оны эргэн ирэлт - Дэн Картер (Шинэ Зеланд), регби
Зууны ололт - Ники Лауда (Австри), “Формула-1”
Хөгжлийн бэрхшээлтэй оны шилдэг тамирчин - Даниэль Диас (Бразил), усанд сэлэлт
Сайн санааны спорт - Moving the Goalposts (Кени), эмэгтэй хөлбөмбөг
Оны шилдэг баг – Шинэ Зеландын шигшээ, регби
Спортын сэтгэл зүрх - Йохан Кройфф (Голланд), хөлбөмбөг

Иерусалимд автобусанд бөмбөг дэлбэрчээ

Иерусалим хотын баруун өмнөд хэсгийн Дерех Хеврон гудамжинд зорчигч тээврийн автобусыг дэлбэлжээ. Дор хаяж 21 хүн шархадсанаас хоёрынх нь биеийн байдал тааруу байна. Автобусанд дэлбэрэх төхөөрөмж тавьсан байсан хэмээн  хотын дарга Нир Баркат мэдэгдлээ. Мэргэжилтнүүдийн баталснаар, дэлбэрэх төхөөрөмжийг автобусны хойд хэсэгт тавьсан байжээ. Дэлбэрэлт болох үед автобусанд хүн байгаагүй бөгөөд хажуугийн автобус, машинд байсан хүмүүс шархадсан байна. Цагдаа нар үүнийг алан хядах ажиллагаа хэмээн үзэж, боломжтой бүх хувилбарыг судлан шалгаж байна. Сүүлийн үед израиль иргэд рүү хутга барин дайрсан палестинуудын довтолгоо буурахгүй байгаа. Харин олон нийтийн газар бөмбөг дэлбэлэх нь ихээхэн цөөрөөд байгаа билээ.

Амиа алдсан иргэдийн тоо 376-д хүрэв

Эквадорын эрэг орчимд 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөөд дөрөв хонож байна. Аврах албаныхан 376 хүний цогцсыг олж ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгөөд байна. Амиа алдсан иргэдийн нэрсийг Ерөнхий прокурорын газрын сайтад байрлуулжээ. Портовиехо, Педернал, Манта хот хамгийн их хохирол амсчээ. Эквадорт аврах ажиллагаа үргэлжилсээр байна. Колумб, Венесуэль, Чили, Кубын аврагчид ослын газар ажиллаж байгаа аж. Эквадор, Япон дахь газар хөдлөлт хоорондоо холбоотой байсан хэмээн зарим хэвлэлд бичжээ. Японы Кюшю аралд газар хөдөлж арав гаруй хүн амиа алдсан юм.

Лондонд нохойнд зориулсан кафе нээнэ

Лондон хотод нохойнд зориулсан түр кафе нээхээр зэхэж байна хэмээн Mashable сайт мэдээлэв. Bites and Bones кафе дөрөвдүгээр сарын 27-ноос тавдугаар сарын 1 хүртэл ажиллах юм. Pet Pavilion компани Bluebird зоогийн газартай хамтран энэ төслийг хэрэгжүүлж байна. Дөрвөн хөлтэй зочид гурван хоолноос сонгон зооглож болно. Бугын болон тахианы махан зайдас, хүрэн будаа, мөн нохойн зориулсан шар айргаар үйлчлэх ажээ. Мөн нохойны дээд зэргийн арчилгаа болон дискотекийг санал болгож байна. АНУ-ын Калифорни мужийн Силвер-Лейк хотод анхны нохойны зоогийн газар нээгдэж байсан билээ. Мөн Японд ийм кафе нээсэн нь зочид ихтэй байдаг аж. 


Сөрөг хүчин Б.Асадыг эвлэрлийг зөрчсөн хэмээн буруутгаж, цэргийн ажиллагааг эхлүүлэв

Сирийн сөрөг хүчин Засгийн газрын цэргийг эвлэрэл, гал зогсоох гэрээг зөрчсөн хэмээн буруутгаж, нэгдсэн удирдлагад орж буйгаа зарлалаа. Сөрөг хүчин нэгдэж буй нь Сирийн Ерөнхийлөгч Башар Асадыг цэргийн хүчээр сөрөн зогсож, Хама, Латаки мужид цэргийн ажиллагаа явуулах зорилготой хэмээн BBC News мэдээлэв. “Эрх баригч дэглэмийн хүчин эвлэрлийн гэрээг байнга зөрчиж, дүрвэгсдийг бөмбөгдөж, орон сууц, барилга байшинд агаараас цохилт өгсөөр байгаа тул бид хариу тулааныг эхлүүлж байна” хэмээн Сирийн босогчдын мэдэгдэлд онцолжээ. “Ахрар аль-Шам” бүлэглэл, “Жейш аль-Ислам” лалын байгууллагуудын холбоо, мөн Сирийн чөлөөлөх армийн туган дор байлдаж буй хэсэг, бүлэглэлүүд мэдэгдэлд гарын үсэг зуржээ. Үүнтэй холбогдуулан сөрөг хүчнийхэн Женев дахь Сирийн талаарх хэлэлцээг хойшлуулахаар шийдсэн байна. Гэхдээ энэ нь хэлэлцээг цуцлах, эсвэл зогсоож буй хэрэг биш гэдгийг дурджээ.
НҮБ-ын ивээл дор, Орос, Америк болон бусад улсын оролцоотой Сирийн талаарх хэлэлцээ гуравдугаар сарын 14-нд Женевт эхэлсэн билээ. Хэлэлцэх асуудлын жагсаалтыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл баталсан юм. Уулзалт, хэлэлцээнд Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын засаг захиргаа болон сөрөг хүчний төлөөлөгчид оролцож байгаа. Туркийн талын дургүйцлийн улмаас курдуудыг хэлэлцээнд оруулаагүй аж. Хоёрдугаар сарын 27-ноос Сирид гал зогсоох тохиролцоог мөрдөж эхэлсэн. Гал зогсоох гэрээг орос, америкууд санаачилжээ. Энэ баримт бичгээр, цэрэг, дайны үйл ажиллагаа зөвхөн “Исламын улс” бүлэгт хамаатайгаар үргэлжилнэ хэмээн зааж өгчээ.

2011 оны хавар Сирийн иргэд эрх баригч дэглэмийг эсэргүүцэн жагссанаар тус улсад иргэний дайны эхлэл тавигдсан юм. Одоо ч үргэлжилсээр буй иргэний дайнд 470 мянган хүн амиа алдаж, хоёр сая орчим хүн шархаджээ. Хоёр сая 700 мянган сири иргэн орон гэрээ орхин дүрвэжээ. Сири дахь дайн, мөргөлдөөнийг лалын хэт даврагчид овжин ашиглаж, Иракт үүсч бий болсон “Исламын улс” бүлэг Сирид нэвтэрч үлэмж хэмжээний газар нутгийг хяналтдаа аваад байгаа юм. 

Sunday, April 17, 2016



Дилма Русефийг огцруулахын төлөө саналаа өгчээ

Бразилийн Конгрессын доод танхим Ерөнхийлөгч Дилма Русефийг огцруулж, эрүүгийн хариуцлагад татахыг (импичмент) дэмжиж саналаа өгчээ. Төрийн тэргүүнийг хариуцлагад татах санал хураалтыг депутатуудын гуравны хоёр нь буюу 342 нь дэмжсэнээр “Дилма Русефийн хэрэг”-ийг дээд танхим буюу Сенатад хэлэлцүүлж санал хураахаар боллоо хэмээн Reuters уламжлав. Нийтдээ 367 депутат Ерөнхийлөгчийг огцруулж, авлигад холбогдсон хэргийг нь шалгах ёстой гэж үзжээ. 137 депутат төрийн тэргүүнийг огцруулахыг эсэргүүцсэн бол, долоо нь санал өгөхөөс татгалзсан байна.
Парламентын дээд танхим буюу Сенатад энгийн олонхийн санал л Ерөнхийлөгчийг огцруулахад хангалттай. Хатагтай Русефт импичмент тулгасан тохиолдолд түүний халдашгүй бүрэн эрх нь автоматаар алга болох юм. Ерөнхийлөгчийг эрүүгийн хариуцлагад татсан тохиолдолд Бразилийн хуулийн дагуу дэд ерөнхийлөгч, Бразилийн ардчилсан хөдөлгөөний тэргүүн Мишель Темер Ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэх юм.
Хэд хоногийн өмнө тус улсын 17 хотод Дилма Русефийг дэмжигчид импичментийн эсрэг жагсаал зохион байгуулжээ. Ерөнхийлөгчийг авлига, төсвийн хөрөнгийг зүй бусаар зарцуулж, үрэн таран хийсэн, сонгуулийн кампанит ажлаа хууль бусаар санхүүжүүлсэн хэмээн буруутгаж байгаа билээ. Дилма Русеф 2014 оны аравдугаар сард Бразилийн Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон юм. Үүний өмнөхөн түүний нэр авлигын томоохон хэрэгт холбогдсон ажээ. Тэрээр анх Ерөнхийлөгчөөр сонгогдохоосоо өмнө нефтийн аварга компани Petrobras-ийн Удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан билээ. Тус компани Русефийн сонгуулийн кампанит ажлыг хууль бусаар ивээн тэтгэсэн хэрэгт буруутгагдаад байгаа. Мөн Petrobras нь төрөөс ихээхэн хэмжээний тусламж, дэмжлэг авсан, татвараас зайлсхийсэн, томоохон тендер, гэрээ олж авахын тулд нэлээдгүй улстөрчдийг хахуульдсан хэрэгт татагдаад байгаа юм. Энэ хэргээр хэд хэдэн өндөр албан тушаалтныг баривчлаад байгаа ажээ. Сүүлийн үед Бразилийн эдийн засаг ихээхэн доголдож, авлига газар авсан юм. Ард иргэд улс орны удирдлагыг үүнд буруутгаж эрх баригчдын эсрэг жагсаал хийх болжээ. 2016 оны зун Рио-де-Жанейрод болох зуны олимпийн бэлтгэл ажил ч ихээхэн саадтай байна. Саяхан Бразилийн прокурорын газраас зориулалтын хөрөнгийг буруу зарцуулж, завшсан хэмээн олимпийн 12 төрлийн уралдаан, тэмцээн болох цогцолборын барилгын ажлыг зогсоох шийдвэр гаргажээ. 
Өмнөд Осети Оросын бүрэлдэхүүнд орох уу

Өмнөд Осетийн бүгд найрамдах улсын тэргүүн Леонид Тибилов энэ оны наймдугаар сараас өмнө ОХУ-д нэгдэх эсэх бүх нийтийн санал асуулга явуулна хэмээн мэдэгдлээ. Тэрээр санал асуулгын дүнд эргэлзэхгүй байгаа аж. “Ард түмэн “Тийм” гэж хэлнэ гэдэгт би 100 хувь итгэж байна” хэмээн Өмнөд Осетийн тэргүүн хэлжээ. Кремлийн лидер Владимир Путин энэхүү бүх нийтийн санал асуулгыг эсэргүүцэхгүй гэж мэдэгдсэн байна.
Өмнөд Осетийн Үндсэн хуулийн 10-р бүлэгт “Өмнөд Осети нь бусад улс оронтой холбоо байгуулж, бүрэн эрхийнхээ зарим хэсгийг холбоонд шилжүүлж болно” гэж заасан дээр “Бүрэн эрхийнхээ зарим хэсгийг ОХУ-д шилжүүлэх эрхтэй” гэж нэмэх бодолтой байгаа аж. Өмнөд Осети нь 50 мянган хүн амтай, дийлэнх оршин суугчид нь Оросын иргэншилтэй. Албан ёсны валют нь Оросын рубль. Тус бүгд найрамдах улсын эдийн засгийн 99 хувь нь Орос руу чиглэдэг ажээ.

Францын зорчигч тээврийн онгоц Тегеранд ирлээ

Францын Air France авиакомпанийн зорчигч тээврийн онгоц сүүлийн найман жилд анх удаагаа Тегеранд ирлээ. Иран болон дэлхийн тэргүүлэх гүрнүүдийн хооронд байгуулсан цөмийн хэлэлцээ хүчин төгөлдөр болсны дараа ийм боломж гарч иржээ. 2008 онд Ираны цөмийн хөтөлбөрийн улмаас хориг арга хэмжээ авсны дараа Иран,Францын хоорондох шууд нислэг зогссон юм. Гэвч найман жилийн дараа энэ нислэг сэргэж Францын Тээврийн сайд Ален Видал 15 франц бизнесмэний хамт иржээ. 2015 оны долдугаар сарын 14-нд Вена хотод Иран болон зургаан орон (НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүн Америк, Франц, Их Британи, Хятад, Орос болон Герман) Ираны цөмийн хөтөлбөрийн талаар тохиролцоонд хүрч, Тегераны эсрэг хориг арга хэмжээг цуцлахаар болсон юм. Иран улс цөмийн түлшнийхээ 98 хувиас хагацахыг зөвшөөрсөн ажээ.

400 цагаач Газар дундын тэнгист живжээ

Египетээс ирж буй мэдээллээр, Европын  эрэг хүрэхээр тэмүүлж байсан 400 орчим цагаач Газар дундын тэнгист живж амиа алджээ. Тэдний ихэнх нь Сомалийн иргэд байсан бололтой. Цагаачид дөрвөн ямбий завиар далай тэнгисийг гаталж яваад осолджээ. Сүүлийн үед Египет нь Европт хөл тавих гэсэн хууль бус цагаачдын дамжин өнгөрөх цэг болж хувираад байна. Александриа хотоос хэдэн мянган цагаач завь, усан онгоцонд сууж Европыг зорих болжээ. 2016 он гарсаар Газар дундын тэнгист 100 мянга гаруй цагаач амиа алдаад байна. 2016 онд Европт дахиад нэг сая хууль бус цагаач ирнэ хэмээн Цагаачлалын асуудал хариуцсан олон улсын байгууллагаас мэдэгдлээ.

Эквадорын газар хөдлөлтөд 262 хүний амь үрэгдээд байна

Өнгөрсөн бямба гаригт Эквадорын зүүн өмнөд хэсэгт газар хөдөлсний улмаас амиа алдсан хүний тоо 262-д хүрээд байна. Бэртэж гэмтсэн хүний тоо хоёр мянга 600-д хүрлээ хэмээн тус улсын дэд ерөнхийлөгч Хорхе Глас мэдэгдлээ. 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн төв нь зүүн хойд хэсгийн эрэг орчмын 19 км-ийн гүнд болжээ. Маш олон байшин барилга нураад байна. Амиа алдсан хүний тоо нэмэгдэж магадгүй байна. Газар хөдлөлтөд ихээхэн өртсөн эргийн Педернал амралтын газарт аврах багийнхан хүрэхэд тун хэцүү байгаа аж. Орон нутгийн цагаар 18:58-д бүртгэгдсэн газар хөдлөлт бараг бүх улс орон даяар мэдрэгджээ. Байгалийн гамшиг тохиосон зургаан мужид 10 мянган цэргийн албан хаагч, гурван мянга гаруй цагдаа ажиллаж байна. 

Saturday, April 16, 2016




Тед Круз Трампыг давамгайлав

Техасын сенатч Тед Круз Вайоминг мужид болсон Бүгд найрамдах намын сунгаанд ялалт байгуулж 14 төлөөлөгчийн саналыг бүгдийг нь авлаа. Үүний өмнөх сунгаанд Круз 12 төлөөлөгчийн санал, Дональд Трамп нэг, сенатч Марко Рубио нэг санал авсан юм. Бүгд найрамдах намын сунгаанд одоогоор Дональд Трамп 744 төлөөлөгчийн санал аваад байна. Намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд 1237 төлөөлөгчийн санал хэрэгтэй. Т.Круз 559, Жон Кейсик 144 саналтай байна. Флорида мужийн сенатч, куба гаралтай Марко Рубио сунгаар орхиж, цаашдаа Тед Крузыг дэмжинэ гэдгээ мэдэгджээ.
Энэ мягмар гаригт Нью-Йоркт болох чухал сунгаанд нэр дэвшигчид идэвхтэй бэлтгэж байна. Энд 95 төлөөлөгчийн саналыг хуваах юм. Бүгд найрамдах намаас АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг долдугаар сарын 18-21-нд Кливлендэд болох намын их хурлаас тодруулан зарлана. Ардчилсан намын нэр дэвшигч Филадельфид долдугаар сарын 28-нд тодрох юм.

Лондонд Засгийн газраа эсэргүүцэн жагслаа

Их Британийн хэдэн мянган иргэн Лондоны гудамжинд гарч Засгийн газрын эдийн засгийн бодлогыг эсэргүүцэн жагслаа. Жагсагчид Трафалгар талбайд цугларч эрүүл мэнд, боловсрол, нийгмийн халамжийн салбарын санхүүжилтыг хасч буйгаа зогсоохыг шаарджээ. Харин эрх баригчид төсвийн алдагдлыг бууруулахын тулд хэмнэх, хасах арга хэмжээ авч байгаа гэдгээ тайлбарлаж байна. Засгийн газар 2020 он хүртэл нийгмийн халамжийн зардлыг 12 тэрбум паундаас бууруулахаар болсон юм. Гэвч Хөдөлмөрийн сайд Ян Данкан Смит нийгмийн халамж, ажилгүйдлийн тэтгэмжийг бууруулж буйг эсэргүүцэн огцорсны дараа эрх баригчид энэ бодлогоо эргэн харахаар болжээ. Жагсаалд оролцсон олон хүн Ерөнхий сайд Дэвид Кэмероныг огцрохыг шаардаж байна. Саяхан ил болсон Панам дахь офшор данс, компаниудын дотор Д.Кэмероны нэр дуулдаж байсан билээ.

Сирийн 12 цагаач пап ламын хамт Итали руу нисчээ

Грекийн Лесбос арал дээр дүрвэгсдийн хуаранд зочилсон Ромын пап лам Франциск Итали руу буцаж нисэхдээ Сирийн 15 цагаачийг авч явсан байна. Пап ламын онгоцонд гурван гэр бүлийн 12 хүн (зургаа нь хүүхэд) суужээ. Ромын католик шашны тэргүүний сонгосон эдгээр азтай хүмүүс Италид цагаачлах эрхтэй болж байгаа ба тэднийг Италид суурьшихад нь Ватикан туслах аж. Европ тив дүрвэгсдийг сайнаар хүлээж авах ёстой гэдгийг пап лам Франциск харуулахыг зорьсон хэмээн Ватиканаас мэдэгджээ.
Франциск Лесбос аралд айлчлах үеэр 200 орчим цагаач эсэргүүцлийн жагсаал хийж, буцаан цөлөхийг зогсоож, Европын эрх баригчдыг хилээ нээхийг шаарджээ. Өнөөдөр Грекийн Лесбос арал дээр гурван мянга орчим цагаач цуглаад байгаагийн дийлэнхийг нь Турк руу буцааж цөлөхөөр болоод байна.

Хятад саятан тосгоны бүсгүйн төлөө эд баялагаасаа татгалзжээ

Хятадын сяатан Яо Наньшан тосгоны энгийн нэгэн бүсгүйн төлөө эд баялагаасаа татгалзжээ. Наньшан 2015 оны аравдугаар сар хүртэл Испанид амьдарчээ. 57 настай саятан эр Хятадын Чэцзян мужийн тосгонд ирж жинхэнэ хайртайгаа үлдсэн амьдралаа өнгөрүүлэхийн тулд Европ дахь эд хөрөнгөөсөө татгалзахаар шийдсэн байна. Тэд 2013 онд танилцжээ. Бэлэвсэрсэн Лицзянь бүсгүйн охид цусны ховор өвчин туссан юм. Саятан эр хайр сэтгэлээ илчлэхэд Лицзянь өөрийн хүндрэл, зовлонгоороо түүнд садаа болохгүйн тулд татгалзсан хариу өгчээ. Гэвч Наньшан “Үгүй” хэмээх хариуг хүлээж авсангүй. Тэрээр Испанид буцан очиж бүх хөрөнгө, активаа хүүхдүүддээ шилжүүлж өгчихөөд Хятадад буцаж иржээ. Наньшан өнгөрсөн шинэ жилээр сэтгэлт бүсгүйтэйгээ гэрлэсэн бөгөөд эдүгээ тэд тосгондоо аж ахуй эрхэлж, мөн жижиг зочид буудал ажиллуулан амьдарч байна.