Monday, February 1, 2016



Google дэлхийн хамгийн үнэтэй компани болов

Google корпорацийг эзэмшигч Alphabet Inc компани мягмар гаригийн биржийн арилжааны дүнгээр Apple-ийг гүйцэж дэлхийн хамгийн үнэтэй компани боллоо хэмээн Reuters уламжлав. Alphabet-ийн нийт хөрөнгийн хэмжээ 568 тэрбум долларт хүрчээ. Apple-ийнх 535 тэрбум доллар байна.
Alphabet компани хоёрдугаар сарын 1-нд 2015 оны дөрөвдүгээр улирлын болон өнгөрсөн оны тайлангаа нийтэлсэн юм. Өнгөрсөн оны арваас арванхоёрдугаар сарын цэвэр ашиг 5.3 хувиар нэмэгдэж 4.9 тэрбум долларт хүрчээ. Энэ хугацаанд компанийн орлого 17.8 хувиар өсч 21.3 тэрбум долларт хүрсэн байна. Нийт хөрөнгийн хэмжээгээр Apple компани сүүлийн хэдэн жилийн турш тэргүүлсээр ирсэн юм. Тэд Microsoft компанийг тэргүүн байрнаас нь буулгаж байсан. Харин үүний өмнө буюу хорин жилийн өмнө IBM дэлхийд манлайлж байсан билээ.

Google корпорац 2015 оны наймдугаар сарын 11-нд бүтцийн томоохон шинэчлэл хийж, тусдаа компанийн зохион байгуулалтад орохдоо Alphabet корпорацийн бүрэлдэхүүнд багтсан юм. Google корпорац 1998 онд байгуулагджээ. Түүний гол актив нь Ларри Пейж, Сергей Брин нарын байгуулсан адилхан нэртэй хайлтын систем байсан. Тэд Стэнфордын их сургуульд оюутан байхдаа интернэтийн хайлтын системийг санаачилсан нь ийнхүү дэлхийн тэргүүлэх компани болжээ. Эдүгээ интернэт дахь хайлтын системээр Google тэргүүлж, Yahoo, Altavista удаалж байна.

No comments:

Post a Comment