Туркийн хил дээр 35 мянган дүрвэгч иржээ
Сирийн Засгийн газрын хүчин Оросын агаарын хүчний
дэмжлэгтэйгээр Алеппо хотод дайралт хийж буйн улмаас олон мянган иргэн гэр
орноо орхин дүрвэж Туркийн хил дээр ирээд байна. Одоогоор 35 мянган дүрвэгч
Туркийн хил дээр ирээд байгаа ч Туркийн тал тэднийг нэвтрүүлэхгүй байгаа аж.
Европын холбооны гадаад бодлогын тэргүүн Федерика Могерини Туркийн талд хандаж
дүрвэгсдийг нэвтрүүлэхийг уриалав. Европын холбоо арваннэгдүгээр сард Турк улс
Сирийн дүрвэгсдэд туслахад нь зориулж гурван тэрбум еврогийн тусламж үзүүлсэн
юм. Одоогоор Турк улс 2.5 сая сири дүрвэгчийг хүлээж аваад байна. 2011 онд
эхэлсэн Сирийн иргэний дайны улмаас 4.6 сая иргэн орон гэрээ орхин дүрвэжээ.
Өнөөдөр Туркийн хил дээр ирээд байгаа 35 мянган дүрвэгчийг газар нутаг руугаа
оруулах шаардлагагүй хэмээн Туркийн Килис мужийн захирагч Сулейман Тарсиз
мэдэгджээ.
Хойд Солонгос пуужин туршжээ
Хойд Солонгосын эрх баригчид баруун хойд хэсгийн
туршилтын талбай дээрээс алсын тусгалтай пуужин харвалаа хэмээн Япон, Өмнөд
Солонгосын тал мэдэгдлээ. Пхеньян дэлхийг ажиглах хиймэл дагуултай пуужин харвахаар
зэхэж буйгаа урьд нь мэдэгдэж, энэ тухай мэдээллээ олон улсын байгууллага руу
илгээж байсан юм. Пуужингийн эхний шат Шар тэнгист, дараагийнх нь Номхон далайд
Филиппины эрэг орчимд унана хэмээн мэдээлж байсан аж. Сөүл, болон Токио хойдуудыг
АНУ-ын баруун эрэгт хүрэх чадвартай пуужинг туршиж байна хэмээн мэдэгджээ.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хе НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг яаралтай
хуралдуулахыг шаардаад байна.
132 хүн нурангинд дарагджээ
Тайванийн Тайнань хотод газар хөдөлсний улмаас 17 давхар
байшин нурж, дор хаяж 132 хүн нурангинд дарагджээ. 96 байртай тус байшинд 256
хүн амьдарч байжээ. Газар хөдлөлтийн улмаас барилгын дээд талын хэсэг нурсан
юм. Одоогоор нурангинд дарагдсан хэдхэн хүнийг гаргаад байгаа ба бусад
хүмүүсийг гаргахад барилгын хүнд техник хэрэгтэй байгаа аж. Газар хөдлөлтийн
улмаас 18 хүн амиа алдаад байна. 300 гаруй хүнийг аварч чаджээ.
6.4 магнитудын хүчтэй
газар хөдлөлт Тайванийн дөрөв дэх том хот Тайнань дахь хэд хэдэн барилгыг
нураасан байна. Тайвань арал газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд байрладаг. 1999
онд Тайваньд 7.6 магниутудын хүчтэй газар хөдөлж хоёр мянга 400 хүн амиа алдаж
байжээ.
No comments:
Post a Comment