Wednesday, February 17, 2016



Гарри Каспаровын талаар мэдэхгүй байж магадгүй зургаан баримт

Гарри Каспаров шатрын дэлхийн аварга болсноос хойш 30 жил өнгөрчээ. Тэрээр хамгийн залуу (22 нас) дэлхийн аварга юм. Түүнийг шатрын түүхэн дахь хамгийн шилдэг тоглогч гэж үздэг билээ. Каспаровын талаар мэдэхгүй байж болох зарим баримтыг дэлгэе.

Еврей гарал

Каспаров 1963 оны дөрөвдүгээр сарын 13-нд Азербайжаны Баку хотод төржээ. Эцэг нь долоон настайд нь нас барсан тул эхийнхээ Гаспарян овгийг авч, дараа нь оросчилж Каспаров болгожээ. Эцэг нь еврей хүн байсан учраас улс төрийн шалтгааны улмаас овгоо сольсон юм уу хэмээн асуухад “Цэвэр гэр бүлийн шийдвэр байсан” хэмээн хариулжээ. “Би ээжийнхээ гэр бүлтэй, өвөөтэйгээ өссөн. Намайг хагас еврей, хагас армян гэж бүгд мэддэг байсан. Гарал үүслээ нуугаад байх ямар ч шаардлага байгаагүй” хэмээн Каспаров өгүүлж байв. ЗХУ задарсны дараа Каспаров Оросын иргэншилтэй болжээ. 1990 онд Азербайжанд армянуудын эсрэг үзэл дэгдсэний улмаас гэр бүлийн хамт Москвад шилжиж иржээ.

Ээжийн голлох үүрэг

Каспаров аав, ээжийгээ шатар тоглож байхыг харсаар таван настайдаа шатар тоглож сурчээ. Хоёр жилийн дараа ээж нь өнчин хоцорсон хүүгийнхээ сэтгэлийг сэргээхээр шатрын дугуйланд оруулжээ. Ээж Клара нь хүүгээ дэлхийн аварга болгохын тулд автомат зэвсгийн инженерийн ажлаа орхисон хэмээн Каспаров ярьдаг. Тэр үед шатрын авъяаслаг тоглогчид хамгийн тохиромжтой газар нь ЗХУ байсан юм. Өрнөдөөс оюун ухаанаараа илүү гэдгээ харуулах нэг талбар нь шатар байсан билээ. 1976 онд (13 настайдаа) ЗХУ-ын өсвөрийн шатрын бүх тэмцээнд түрүүлж, 14 настайдаа сайн шатарчин болно гэдгээ ойлгосон гэдэг. “Би сайн гэдгээ, бүр онцгой гэдгээ мэдэж байсан” хэмээн Каспаров ярьж байлаа.

Таван сар үргэлжилсэн тулаан

Каспаров 1984 онд дэлхийн аварга Анатолий Карповтой аваргын төлөө тоглох эрх олж авлаа. Москвад болсон тоглолтод хэн түрүүлж зургаа хожсон нь аварга болох байв. Карпов 3, 6, 7, 9-р өрөгт хожсон ч дараагийн өргүүдэд тэнцсээр 27 дахь өрөгт тав дахь хожлоо авчээ. Карпов аваргаа хамгаалах нь бараг тодорхой байсан ч Каспаров 32 дахь өрөгт анхны хожлоо авч, 48 дахь өрөгт гурав дахь хожлоо авч харьцааг 5-3 болгожээ.
Ийнхүү тэдний тулаан таван сарын турш үргэлжлэхэд Олон улсын шатрын холбооны тэргүүн Кампоманес тэдний эрүүл мэндийг хамгаалж байна хэмээн тулааныг ялагчгүйгээр зогсоох шийдвэр гаргажээ. Карпов энэ хугацаанд 10 кг турж, Каспаров өрсөлдөгчөөсөө илүү сайн харагдаж байсан юм. Хоёр тоглогч хоёул тэмцээнээ үргэлжлүүлэх хүсэлтэй байсан тул дээрх шийдвэр ихээхэн маргаан дагуулсан билээ.

Даагаа нэхэв

Дараа жил нь Москвад даагаа нэхэхээр ирлээ. Олон улсын шатрын холбоо дэлхийн аваргын тоглолтын форматыг батлахаар Тунист хуралдаж, өмнөх форматаар цагийн хязгаартай, гэхдээ хамгийн ихдээ 24 өрөг тоглуулах шийдвэр гаргажээ. 24 өрөг тоглоод тэнцсэн тохиолдолд тэр үеийн дэлхийн аварга Карпов цолоо хамгаалж үлдэх байв. Тулаан 1985 оны есдүгээр сарын 3-нд Чайковскийн театрт эхэлж Каспаров 24 дэх өрөгт хараар тоглож хожсоноор 13-11 харьцаагаар хамгийн залуу дэлхийн аварга болсон юм. Тэрээр аварга болсныхоо дараа “El Pais” сонинд ярилцлага өгөхдөө Кампоманесийг “Дарангуйлагч” хэмээн нэрлэжээ.

Улс төрийн тэмцэл, цөллөг

Каспаров Оросын Ерөнхийлөгч В.Путинийг хүчтэй эсэргүүцэгчдийн нэг болсон юм. 2005 онд Иргэний нэгдсэн фронтыг байгуулж, Өөр Орос эвслийг толгойлж чөлөөт, шударга сонгуулийг шаардахын тулд сөрөг хүчнүүдийг нэгтгэх оролдлого хийж байв. 2007 оны дөрөвдүгээр сард нэгэн жагсаалд оролцох гэж яваад баривчлагдаж, тусгай албаныханд байцаагджээ. Тэрээр Орост хэд хэдэн удаа баривчлагдаж байв. Өөр Орос намын нэр дэвшигчдийг парламентын сонгуульд өрсөлдөхийг хориглосны дараа эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж цагдаагийн хамгаалалтын сэтлэх гэж оролдсоныхоо төлөө тав хоног хоригдох ялаар шийтгүүлжээ. 2007 оны арванхоёрдугаар сард сонгуульд өрсөлдөх боломжгүй гэдгээ мэдээд улс төрийн тэмцлээ орхихоор шийдлээ. 2013 онд ОХУ дахь амьдрал нь аюулд орсон хэмээн үзэж сайн дураараа АНУ руу дүрвэжээ.

Харь гаригийнханд барьцаалагдсан нь


Каспаров 2014 онд Олон улсын шатрын холбооны тэргүүнд санаархав. Гэвч тэрбумтан Кирсан Илюмжиновт ялагдсаныхаа дараа саналыг луйвардсан хэмээн үзэж, Илюмжиновыг Оросын Ерөнхийлөгч Путиний ойрын хүн хэмээн буруутгажээ. “Энэ бол шатрын бус, улс төрийн тулаан” хэмээн Каспаров хэлсэн аж. Илюмжинов Каспаровыг “Харь гаригийнханд барьцаалагдсан хүн. Харь гаригийн хүмүүс түүнийг аварга том хөлгөөр өөр гариг руу аваачсан” хэмээн ярьсан юм.

No comments:

Post a Comment