Ким Чен Уны “Аймшгийн хаант улс”
Хойд Солонгос сансрын тойрог замд хиймэл дагуул
оруулахаар пуужин харвасны дараа хоёр Солонгос дахин шинэ хямралтай тулаад
байна. Хойдууд хиймэл дагуул нэрээр алсын тусгалтай пуужин туршсан хэмээн
хардаж байгаа юм. Өмнөдийн Засгийн газар үүний хариуд 38-р өргөрөг дахь Кэсоны
үйлдвэрлэлийн чөлөөт бүсийг хаажээ.
Гэвч залуу дарангуйлагч Ким Чен Уны тулаан өрнүүлж байгаа
ганц талбар нь энэ биш аж. Yonhap, Reuters агентлаг мэдээлж буйгаар, тэрээр
армийн тэргүүн, генерал Ри Ён Гилийг цаазлах тушаал өгчээ. Хойд Солонгос нь манай
гаригийн хамгийн хаалттай, нууцлагдмал улс тул дээрх мэдээллийг батлах
боломжгүй. Гэвч Өмнөд Солонгосын нууц албадын үзэж буйгаар, Пхеньяны дэглэм
сталинист маягийн шинэ цэвэрлэгээ, устгал хийж эхэлсэн хэмээн үзэж байна. “Ким
Чен Ун зэвсэгт хүчнээ тун их хардаж, сэрдэж байгаа нь харагдаж байна. Тэр
аймшиг, айдсаар улс орноо удирдсаар байна” хэмээн өмнөдийн тагнуулын эх сурвалж
Yonhap агентлагт ярьжээ. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Ким Чен Ун Батлан
хамгаалахын сайд Хён Ён Чолыг цаазалсан юм. Гэвч зүгээр цэргүүдээр буудуулж
биш, харин их буугаар буудаж юу ч үгүй болгож хороосон хэмээн мэдээлж байсан билээ.
66 настай Хён Ён Чолыг тушаал зааврыг үл биелүүлж, цэргийн жагсаалын үеэр унтаж
байсан хэмээн буруутгаж бусдыг нь айлган сүрдүүлэхийн тулд хэдэн зуун цэргийн
албан тушаалтанд зэрлэг цаазлалтыг хүчээр харуулсан аж.
Ким Чен Ун 2011 онд эцгийнхээ үхлийн дараа эрх мэдлийг
гартаа авснаас хойш армийн удирдагчийг тав дахь удаагаа “сольж буй” нь энэ юм. “Хайрт
удирдагч” Ким Чен Ир 20 жил улс орноо удирдахдаа армийн толгойг гурван удаа
сольж байжээ. Ким Чен Ун 2013 оны арванхоёрдугаар сард хүргэн ах, дэглэмийн
хоёр дахь хүн Чан Сон Тэкийг цаазлах тушаал өгч байв. Тэрээр эцгийнхээ дүү
охины нөхрийг цэргийн зөвлөгөөн дээрээс баривчлуулж байсан билээ. Чан Сон
Тэкийг эрх мэдэл булаацалдсан, төрийн хөрөнгийг хувьдаа зарцуулсан зэрэг олон
хэрэгт буруутган пулеметоор шүршин цаазалжээ. Гурав хоног өлсгөлөн байлгасан
120 нохойтой торонд оруулж тасчуулсан хэмээн Хятадын нэгэн сайт мэдээлж байсан
нь худлаа болж таарсан аж.
Өмнөд Солонгосын тагнуулын албаны мэдээллээр, Ким Чен Ун
эрх мэдэлд гарснаасаа хойш 100 орчим өндөр албан тушаалтныг цаазалжээ. Тэдний
дотор Өмнөд Солонгостой харилцах харилцааг хариуцсан түшмэлүүд ч байгаа юм. Тэдний
зарим нь автомашины хачирхалтай ослоор нас барж байгааг өмнөдийн тагнуулын
албад анзаарчээ. Хамгийн сүүлд, Өмнөд Солонгостой хийх хэлэлцээний ахлагч, 73
настай Ким Чан Гон өнгөрсөн арванхоёрдугаар сард автын ослоор нас баржээ. Ким
Чен Ун эцгийнх нь үед ахмад генералуудаас бүрдсэн армийн удирдлагад эрх мэдлээ
бэхжүүлэхийг хичээж байна хэмээн Сөүл үзэж байна. Тэрээр дөнгөж 33 настай тул
туршлага дутагдаж, цэргийнхний зүгээс үл хүндэтгэх, дутуу үнэлэх хандлага
ажиглагддаг аж. Ким Чен Ун энэхүү хандлагыг өөрийн эрх мэдэлд ирж буй
заналхийлэл хэмээн хүлээн авдаг хэмээн өмнөдийн тагнуулын алба үзэж байна. Түүний
хууль ёсны байдал нь зөвхөн Кимийн удмын гурав дахь гишүүн гэсэн нэрнээс
хамаарч байгаа билээ.
No comments:
Post a Comment