Японы хүн ам нэг саяаар багасчээ
Японы хүн ам сүүлийн таван жилд бараг нэг саяаар багассан
нь дайн байлдаан болон үхлийг нэмэгдүүлдэг ямар нэг хямралд өртөөгүй орны хувьд
түгшмээр үзүүлэлт юм. 2015 оны хүн амын тооллогын дүнгээс харахад, тус улсын
иргэдийн тоо 0.7 хувиар буурчээ. Токиогийн эрх баригчид 1920 оноос хойш хүн
амаа тоолж эхэлснээс хойш анхны бууралт нь энэ болж байна. Дотоод хэргийн
яамнаас гаргасан тоо баримтаар, 2015 онд 127.1 сая иргэн бүртгэгдсэн нь 2010
оны тооллогоос 947 мянгаар бага байгаа аж. Энэхүү буруу хандлагын үр дүн эдийн
засаг болон улс төрд ажиглагдаж эхэлжээ.
Төрөлтийн хамгийн бага түвшин, хүн амын хурдацтай
хөгшрөлт болон газар нутаг дээрээ цагаачдыг тун цөөн хүлээж авдаг Япон орон ийм
нөхцөл байдалтай тулгарах нь олон жилийн өмнөөс тодорхой болсон билээ. Засгийн
газраас эмэгтэйчүүдийг илүү олон хүүхэдтэй болохыг уриалан, хүчин чармайлт
гаргасан ч олигтой үр дүн өгсөнгүй. Гадаадын иргэд, цагаачдад хаалгаа томоор
нээх тухай ярьж байгаа ч япон иргэдийн ихэнх нь үүнийг дэмжихгүй байгаа юм. Ерөнхий
сайд Шинзо Абэ хүн ам буурсан үзүүлэлтийн дараа мэдэгдэл хийхдээ, хүн амынхаа
тоог 100 саяаас буулгахгүй байх урт хугацааны зорилго тавьж буйгаа дуулгав.
Гэсэн хэдий ч НҮБ зэрэг олон улсын байгууллагуудын үзэж буйгаар энэ зорилгод
хүрэхэд тун хэцүү ажээ. Энэ зууны эцэс гэхэд Японы хүн ам одоогийнхоос 40
хувиар буурч 83 саяд хүрнэ хэмээн үзэж байна. Абэ энэ зорилгодоо хүрэхийн тулд
2012 онд нэг эмэгтэйд 1.4 хүүхэд ногдож байсан төрөлтийн түвшинг 1.8 болгохоор
эрмэлзэж байгаа аж. Арван жилийн өмнөхтэй харьцуулахад энэ үзүүлэлт бага ч
гэсэн өссөн ч япон эмэгтэйчүүд ажил, мэргэжлийнхээ замналаас татгалзах дарамт
шахалтад орохгүйн тулд улам орой гэрлэх хандлагатай болж байгаа юм.
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, жинхэнэ бэрхшээл, асуудал
нь хүн амын тоо, хэмжээ биш, харин “Ард иргэдийн пирамид” хэмээн нэрлэгдсэн
хуваарилалтын систем ажээ. Төрөлтийн бага түвшний улмаас дараагийн үе нь
өмнөхөөсөө цөөрч, залуусыг пирамидын суурь гэж үзвэл дээр байгаа хөгшин хүмүүсийг
тулж түшиж байна гэсэн үг. Залуусаас бүрдсэн суурь улам бүр олширсоор байгаа
хөгшин хүмүүсийг тулж, даах хэрэгтэй болж байна. Өнөөдөр японуудын дөрөвний нэг
нь 65-аас дээш настай, 2060 он гэхэд тэд 40 хувийг эзэлж тэтгэвэр, эрүүл ахуйн
зардал нь улам нэмэгдэнэ. Ажиллах хүч улам буурсаар байгаа Япон оронд хөгшин
хүмүүсийг асарч тэтгэх ажил хийх хүн улам цөөрсөөр байгаа юм. Хүн амын бууралт
улс орны муж, нутаг бүрт ажиглагдахгүй байна. Жишээ нь, Фукушима зэрэг хөдөө
нутгийн хүн ам цөөрсөн бол, хүн амын суурьшил ихтэй хотуудын хүн ам улам өсчээ.
Хамгийн том хот Токиогийн хувьд, оршин суугчид нь 13.5 саяд хүрч 2010 оныхоос
2.7 хувиар нэмэгджээ. Нийслэл хотын дагуул хотуудын хүн амыг нийтэд нь тоолбол
Их Токиогийн хүн ам 36 саяд (2010 оныхоос 1.4 хувиар илүү) хүрчээ. Япон улс нь хүн амынхаа тоогоор дэлхийд аравт орж байгаа ч эхний
20 улсаас хүн ам нь цөөрч байгаа цорын ганц улс ажээ.
No comments:
Post a Comment