Лаагаар тоглож байсан хүүхэд 600 байшин шатаажээ
Бирмийн өмнөд хэсгийн Палав хотод түймэр гарч 600 орчим
байшин шатлаа хэмээн Хятадын “Синьхуа” агентлаг мэдээллээ. Лаагаар тоглож
байсан хүүхэд энэ түймрийг эхлүүлсэн хэмээн орон нутгийн цагдаагийн газраас
мэдээлэв. Гал сөнөөгч машинууд тус хотод нэвтрэхэд хүндрэлтэй байсан тул усны
насос ашиглан гал унтраасан аж. Харин хүний амь нас үрэгдсэнгүй. Орон гэргүй
болсон оршин суугчдыг түр хоргодох байранд оруулжээ.
Toyota-гийн үйлдвэрүүд ажлаа сэргээлээ
Toyota компанийн Айчи муж дахь үйлдвэрт дэлбэрэлт болсны
улмаас зарим эд ангид тусгай ган төмөр дутагдал үүсч ажил зогсоод байсан юм.
Өчигдрөөс эхлэн тус компанийн Япон дахь 16 үйлдвэр ажлаа бүрэн сэргээгээд
байна. Ганцхан эд ангийн хомсдолын улмаас 80 мянган автомашин үйлдвэрлэж
чадаагүй бөгөөд ойрын үед энэ алдагдлаа нөхөхөөр төлөвлөж байгаа аж. Дэлбэрэлт
болсон үйлдвэрийн засвар гуравдугаар сард дуусах ч Toyota компани түр ханган
нийлүүлэгч олжээ. Toyota-гийн Япон дахь үйлдвэрүүд зургаан хоног үйлдвэрлэлээ
зогсоосон байна.
Сирийн курдуудыг довтолсоор байх болно гэв
Турк улс Сирийн курдуудын байрлалд цохилт өгсөөр байх
болно хэмээн Туркийн Ерөнхий сайд Ахмет Давутоглу Германы канцлер Ангела
Меркельтэй утсаар ярилцахдаа мэдэгджээ. Сири дахь курдуудыг довтлохоо зогсоохыг
шаардсан олон улсын дуу хоолой нэмэгдсээр байгаа юм. Гэвч Анкара курдуудын
түрэмгий үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн онцолж байна.
Туркт хориотой Курдистаны Ажилчны намтай нягт холбоотой
Сирийн курдын отрядууд Оросын нисэх хүчний дэмжлэгтэйгээр давшиж байгаа хэмээн
Давутоглу ярьжээ. Курдын отрядууд Турктай хил залгаа бүс нутгаас сири иргэдийг
хөөн гаргаж хүмүүнлэгийн хямрал үүсгэхийг хүсч байна хэмээн Турк үзэж байгаа
аж. Европ руу дахин дүрвэгсдийн давалгаа орж ирж магадгүй хэмээн Туркийн тал
сануулав. Франц, АНУ Анкарад хандаж Сирийн курдуудыг довтлохоо зогсоохыг
шаарджээ.
Жуулчид бараг очдоггүй орнууд
Жуулчид хамгийн бага очдог орнуудын жагсаалтыг гаргажээ.
Британийн Telegraph сонин жуулчин, аялагчид хамгийн бага очдог гурван орныг
нэрлэсэн байна.
Тувалу. Полинезийн арал дээрх Тувалу улсад жилд мянга
орчим л жуулчин хөл тавьдаг аж.
Кирибати. Микронези, Полинезийн 33 жижиг арлаас бүрддэг
Кирибатид загасчид, шумбагчид болон далайн эрэгт дурлагсад л очдог. Тус улс
жилд таван мянган жуулчин хүлээж авдаг.
Сан-Томе
болон Принсипи. Төв Африкийн хажууд далайд байдаг энэхүү арал улс жилдээ найман
жуулчин хүлээж авдаг. Гэвч аялал, жуулчлал хамгийн бага хөгжсөн орнуудыг сонгож
аялах хүмүүс цөөнгүй байдаг ажээ.
No comments:
Post a Comment