Monday, February 15, 2016



Иран ОХУ-аас зэвсэглэл худалдан авахыг хүсч байна

Москвад хүрэлцэн ирсэн Ираны Батлан хамгаалахын сайд Хосейн Дехган ОХУ-ын сайд Сергей Шойгу, Дмитрий Рогозин нартай уулзаж цэргийн салбар дахь хамтын ажиллагааны талаар ярилцав. Тегеран ОХУ-аас найман тэрбум долларын зэвсэг, техник худалдан авах хүсэлтэй байна. Тэд Су-30СМ загварын сөнөөгч онгоц, сургуулилт-байлдааны Як-130 нисэх онгоц, Ми-8, Ми-17 нисдэг тэрэг, “Бастион” пуужингийн цогцолбор, дизель-цахилгаан шумбагч хөлөг авахаар төлөвлөжээ. Гэвч цэргийн салбар дахь хамтын ажиллагаанд хоёр хүчин зүйл саад болж магадгүй. Иран эдгээр зэвсэглэлийг зээлээр авах сонирхолтой байгаа ч Москва эдийн засаг дахь хямралынхаа улмаас бэлэн мөнгөөр арилжих сонирхолтой байна. Мөн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 2231-р тогтоолоор Иранд зэвсэг нийлүүлэхийг 2020 он хүртэл хориглосон байгаа. Тиймээс ОХУ энэ хугацаанаас өмнө Иранд зэвсэг, техник нийлүүлэх боломжгүй юм.

2016 онд Германд 500 мянган дүрвэгч ирнэ

2016 онд улс оронд 500 мянган дүрвэгч ирнэ хэмээн Германы Засгийн газар таамаглаж байна. Германы Дотоод хэргийн сайд Томас де Мезьер Цагаачлал, дүрвэгсдийн товчооны тэргүүн Франц-Юрген Вайст хандаж 2016 оны дүрвэгсдийн урсгалд бэлтгэлтэй байхыг уриалжээ. 2015 онд Сири, Ойрхи Дорнодын дайн самуунаас дүрвэсэн нэг сая орчим цагаач Европт орж ирсний 350 мянга нь Германд ирсэн юм. НҮБ-ын элч Жорж Клуни, гэргий Амаль Клунийн хамтаар Германы канцлер Ангела Меркельтэй Европ дахь дүрвэгсдийн асуудлаар ярилцжээ. Берлины эрх баригчид 2016 онд дүрвэгсдийг хүлээж авах, байрлуулах, нийгэмшүүлэхэд 50 тэрбум евро зарцуулахаар төлөвлөсөн байна.

Имельда Маркосын үнэт эдлэл дуудлага худалдаанд

Филиппины тэргүүн хатагтай асан Имельда Маркост харъяалагдаж байсан 21 сая доллараар үнэлэгдэх үнэт эдлэл дуудлага худалдаанд тавигдахаар болжээ. Тэдгээрийн дотор 25 каратын маш ховор ягаан алмааз байгаа аж. Ерөнхийлөгч Фердинанд Маркос 1986 онд эрх мэдлээсээ зайлуулагдсаны дараа хатагтай Имельда Маркосын үнэт эдлэлийн цуглуулгыг эрх баригчид хурааж авсан юм. Имельда үнэт эдлэлийн дуудлага худалдааг эсэргүүцэж байна. Филиппины Засгийн газар дуудлага худалдааг яаралтай зохион байгуулах хүсэлтэй байгаа бололтой. Учир нь бага Фердинанд Маркос сонгуульд ялж дэд ерөнхийлөгч болвол дуудлага худалдааг цуцалж магадгүй байгаа юм. 

No comments:

Post a Comment