Sunday, February 21, 2016



Боливчууд Эво Моралесийг эсэргүүцэж байна

Боливт Ерөнхийлөгч Эво Моралест дөрөв дэх удаагаа төрийн тэргүүний сонгуульд өрсөлдөх боломжийг олгох Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжих эсэх асуудлаар бүх нийтийн санал асуулга болж өнгөрлөө. Санал асуулгын урьдчилсан дүнгээр, тус улсын иргэдийн 66.1 хувь нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг эсэргүүцжээ. 33.8 хувь нь Үндсэн хуульд зохих өөрчлөлт оруулж Моралесийг дахин нэр дэвшихийг дэмжсэн байна. Боливийн Ерөнхийлөгчөөр гурван удаа сонгогдсон Э.Моралес дахин нэр дэвшиж өрсөлдөхийн тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах санал гаргасан юм. Гэвч Боливийн иргэд түүнээс залхсан бололтой, түүнийг дахин төрийн тэргүүнд өрсөлдөхийг дэмжсэнгүй.

Дэлбэрэлтэд 140 хүн амиа алджээ

Сирийн нийслэл Дамаск хотын Саид Зейнаб дүүрэгт дөрвөн дэлбэрэлт болж 83 хүн амиа алдлаа хэмээн төрийн мэдлийн телевиз дамжуулав. Үүний өмнө Хомс хотод халдлага болж 53 хүн амиа алдсаныг Сирийн хүний эрхийн ажиглалтын хорооноос мэдээлсэн юм. Лалын алан хядагч “Исламын улс” бүлэг дээрх хоёр халдлагыг зохион байгуулснаа хүлээн зөвшөөрчээ. Дэлбэрэлт “Исламын улс” бүлгийг эсэргүүцдэг лалын шашны урсгалынхан амьдардаг дүүрэгт болсон аж. Саид Зейнаб дүүрэгт лалын шашныг үндэслэгч Мохамедийн ач хүүгийн бунхан байрладаг шийт шашны хамгийн ариун, том сүм байдаг ажээ.

Македон Афганистаны иргэдэд хилээ хаалаа

Македон улс Афганистаны иргэдэд хилээ хааж, зөвхөн сири, иракуудыг газар нутаг руугаа нэвтрүүлж байна хэмээн Грекийн цагдаагийн газраас мэдээлэв. Серб улс афган иргэдийг оруулахгүй байгаа тул Македонийн эрх баригчид арга буюу ийм арга хэмжээ авсан хэмээн АР агентлаг уламжилжээ. Македон улс өнгөрсөн бямба гаригаас эхлэн цагаачдыг паспортоо үзүүлэхийг шаардаж, хяналт, шалгалтаа чангатгаад байгаа юм. Өмнө цагаачид зөвхөн Грек улсаас олгосон бүртгэлийн баримт бичгээр Македоны хилийг давж байсан аж. Хил хаасны улмаас Грекийн тал дээр бөөгнөрөл үүсээд байна. Нийтдээ дөрвөн мянга орчим хүн Македоны хил дээр ирээд байгаа ажээ. 

No comments:

Post a Comment