Saturday, February 13, 2016



Кейко Фухимори хэнийг ч ялахаар байна

Перугийн Ардын хүч намын лидер Кейко Фухимори ирэх зургадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатанд ямар ч өрсөлдөгчөө ялахаар байгааг судалгаа харуулж байна. Дөрөвдүгээр сарын 10-нд болох сонгуульд тэрээр 34 хувийн санал авах дүн гарчээ. Кейко Фухимори нь авлигын хэргээр 25 жилийн ял эдэлж байгаа экс Ерөнхийлөгч (1990-2000) Альберто Фухиморийн охин юм.
Кейкогийн ойрын өрсөлдөгч, Бүгд Перугийн төлөө намын нэр дэвшигч Хулио Гусман 14 хувийн санал авахаар байна. Судалгаанаас үзэхэд, Ерөнхийлөгчийн сонгуульд хоёрдугаар шат шаардлагатай болох нь тодорхой байгаа юм. Хоёрдугаар шатанд Фухимори хамгийн ойрын өрсөлдөгч Гусманыг 46:33 харьцаагаар ялах бололтой. Кейко Фухимори Ерөнхийлөгчөөр сонгогдвол шоронд хоригдож буй эцэгтээ өршөөл үзүүлнэ хэмээн мэдэгдэж байсан билээ.

Томоохон оол болжээ

АНУ-ын Пенсилвани мужид 50 орчим автомашин оролцсон томоохон осол болж гурван хүн амиа алдлаа хэмээн орон нутгийн эрх баригчид мэдээлэв. Цаг агаарын таагүй байдлын улмаас автомашинууд гулгаж мөргөлджээ. “Гэнэт цасаар шуурч, зам ч харагдахаа больсон. Юу ч харагдахаа больж, машинууд гулсаж мөргөлдөж эхэлсэн” хэмээн жолооч нар ярьж байна. Ослын улмаас 40 орчим хүн гэмтжээ. Цаг агаарын албанаас АНУ-ын зүүн хойд хэсгийн иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг сануулж байна.

Таван мянган жирэмсэн бүсгүй Зика вирусын халдвар тээж байна

Колумб улсад таван мянга гаруй жирэмсэн эмэгтэй Зика вирусын халдвар тээж байна хэмээн Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгээс мэдэгдэв. Тус улсад энэ вирусын 31 мянган тохиолдол бүртгэгдээд байна. Зика вурусын эсрэг хэд хэдэн вакцин гаргаж байгаа ч жилийн дараагаас л бүрэн хэмжээний туршилт нь эхэлнэ хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдэгдэв. Энэ өвчин урьдчилсан шинж тэмдэггүй болж байгаа бөгөөд хамгийн гол аюул нь шинээр төрж буй хүүхдүүдэд илэрч байгаа аж. Хүүхдүүд жижиг толгойтой, тархины хөгжлийн гажигтай төрж байна. Бразилд хэдэн мянган хүүхэд ийм оноштой төрөөд байна. Зика вирусын тархалт хавар идэвхжиж Европт тархах аюултай байгааг ДЭМБ сануулжээ. 

No comments:

Post a Comment