Tuesday, February 23, 2016




Б.Обама Гуантанамогийн шоронг хаах төлөвлөгөөг танилцуулав

Барак Обама 2008 онд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байхдаа есдүгээр сарын 11-ны халдлагын дараа Гуантанамод (Куба) байгуулагдсан АНУ-ын шоронг хаана хэмээн амлаж байсан билээ. Тэрээр өчигдөр энэ шоронг бүрмөсөн хаах төлөвлөгөөг Конгресст танилцуулахдаа “Манай түүхийн нэг бүлгийг хаах тухай ярьж байна. Есдүгээр сарын 11-нээс хойш суралцсан хичээл биднийг урагш нь хөтлөх ёстой” хэмээн мэдэгджээ. Тэрээр Цагаан ордны Рузвельтийн танхимаас онцлохдоо өмнөх Ерөнхийлөгч Жорж Буш Гуантанамогийн шоронг хаагдаасай гэж хүсч байсныг нэг бус удаа дурджээ. 2002 оноос хойш 800 орчим хоригдол дамжсан, асар их хэл ам дагуулдаг шоронг бүрэн эрхийн хугацаанаасаа өмнө хаах төлөвлөгөөг Конгресс рүү илгээгээд байна.

30 дахин их өртөгтэй хоригдлууд

Гуантанамогийн шоронд Америкийн татвар төлөгчдийн мөнгөнөөс жил бүр 400-450 сая доллар зарцуулдаг. Ардчилсан намын сенатч Дианне Фейнштейн нэг жилийн өмнө танилцуулсан судалгаандаа, Гуантанамогийн нэг хоригдол АНУ-ын чанга дэглэмтэй шоронгийн хоригдлоос 30 дахин их өртөгтэй байгааг дурдаж байжээ. Б.Обамагийн засаг захиргаанаас үзэж буйгаар, терроризмд сэжиглэгдсэн хүмүүсийг АНУ-ын нутаг дэвсгэр дээр хорьсноор жилд 100 сая доллар хэмнэх аж.

Дайсны дайчид

Есдүгээр сарын 11-ний халдлагын дараа Афганистан, Иракт явуулсан цэргийн ажиллагааны явцад баривчлагдсан сэжигтнүүдийг хүлээж авахын тулд баривчилгааны төвийг Куба арлын зүүн өмнөд эрэг дахь АНУ-ын тэнгисийн цэргийн бааз дээр 2002 онд байгуулжээ. Тэдгээр сэжигтнүүдийг Жорж Бушийн засаг захиргааны зүгээс “Дайсны дайчид” хэмээн тодотгож, дайны олзлогдогсдын адилаар үндсэн эрхийг нь хязгаарласан юм.

1903 онд Кубаас АНУ-д найр тавьсан газар нутаг

АНУ-ын тэнгисийн цэргийн бааз байрладаг Гуантанамо муж дахь газар нутгийг Куба улс 1903 онд Испанийн эсрэг дайнд тусласанд нь талархаж АНУ-д өгсөн юм. АНУ-д найр тавьсан газар нутаг нь нийтдээ 117 км кв талбайтай, үүнээс 49 нь хатуу газар байдаг аж. Гуантанамогийн хойг Гавана хотоос 1000 км зайтай. Кубын одоогийн эрх баригчид тэр үед найр тавьсан газар нутгаа буцааж авахыг шаардаж байгаа юм.

Өнөөдөр 91 хоригдол үлджээ


Өнөөдөр Гуантанамогийн шоронд 91 хоригдол үлджээ. 2003 онд гэхэд л 680 хоригдол хүлээн авч байв. Нийтдээ 800 орчим хоригдол хүлээж авснаас 85 хувийг нь өөр шорон руу шилжүүлжээ. Өнөөдөр үлдсэн 91 хоригдлын 35-ыг нь өөр улс руу шилжүүлэхээр болоод байна. Үлдсэн нь АНУ дахь шоронд ял шийтгэлээ эдэлж дуусгах ажээ. Б.Обамагийн засаг захиргааны үед 147 хоригдол энэ шоронг орхиж, ихэнх нь буюу 81 нь Ойрхи Дорнод, Африк, Арабын хойгийг зорьжээ.

No comments:

Post a Comment