Monday, February 22, 2016




Б.Обама Сирид гал зогсоох тохиролцоонд баяр хүргэв

Америк, Оросын тал Сирид гал зогсоох тохиролцоонд хүрснийг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама сайшаан баяр хүргэжээ. “АНУ, ОХУ болон Сирийг дэмжих олон улсын бүлгийн бусад хамтрагч гал зогсоох нөхцөл, загварыг ярилцаж тохирсонд Ерөнхийлөгч Обама баяр хүргэж байна” хэмээн Цагаан ордны албаны мэдэгдэлд онцолжээ. Гал зогсоох асуудал дээр Сирийн удирдлага болон зэвсэгт сөрөг хүчнээс нааштай хариу өгч, эвлэрлийн гэрээг бүх талууд шударгаар мөрдөхөөр болсон нь хамгийн гол ололт болж байна хэмээн Б.Обама үзсэн байна. Гэвч Сирид гал зогсоох тохиролцоонд “Исламын улс” болон “Фронт Ан-Нусра” бүлэг оролцоогүй ажээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний батлан хэлснээр, Сирид тулалдаж буй талууд хоёрдугаар сарын 27-нээс гал зогсоох гэрээг мөрдөж эхлэнэ. Америк, Оросын цэргийнхэн хамтран гал зогсоолт явагдахгүй нутаг дэвсгэрийг газрын зураг дээр тэмдэглэж, тэнд террорист бүлгүүдийн эсрэг ажиллагааг явуулсаар байх болно хэмээн мэдэгдлээ.

BHP Billiton 5.5 тэрбум долларын алдагдал хүлээжээ

Уул уурхайн олборлолтоор дэлхийд дээгүүр ордог BHP Billiton компани хагас жилийн хугацаанд 5.5 тэрбум долларын алдагдал хүлээснээ мэдэгдлээ. Хятадын эдийн засгийн өсөлт удааширч, уул уурхайн бүтээгдэхүүний үнийн уналт компанийн бизнест сөргөөр нөлөөлжээ. Улмаар BHP Billiton хувьцаа эзэмшигчиддээ өгдөг ногдол ашгаа 75 хувиар бууруулахаас өөр аргагүй болж, нэгж хувьцааны үнэ 16 цент болсон байна. Хамгийн сүүлд 1988 онд ногдол ашгийн хэмжээгээ багасгаж байсан юм. Нефть, хий, нүүрсний үнэ 2014 оноос хойш унаж, 2016 оны эхээр уналт түргэсчээ. 2001 онд Британийн Billiton, Австралийн BHP компани нийлж уул уурхайн дэлхийн хамгийн том компанийг үүсгэж байжээ.

Ж.Ассанжийг баривчлах тушаалыг цуцлахыг хүслээ

WikiLeaks-ийг үүсгэн байгуулагч Жулиан Ассанжийн өмгөөлөгчид Шведийн шүүхт хандаж түүнийг баривчлах шийдвэрийг цуцлахыг хүслээ. “Шинэ нөхцөл байдал гарч ирсэн тул өмнө нь гаргасан шийдвэрийг эргэж харах үндэслэл гарч ирлээ” хэмээн өмгөөлөгч Томас Олссон мэдэгдэв.
Хууль бусаар эрх чөлөөг боогдуулж буй асуудлаарх НҮБ-ын ажлын хэсгээс гаргасан дүгнэлтэд Их Британи, Швед улс Ассанжийг 2010 оноос хойш хууль бусаар хорьж, саатуулж байсан гэж үзсэн юм. Ассанж Лондон дахь Эквадорын элчин сайдын яамыг орхиж, Их Британи, Шведийн эрх баригчдаас нөхөн төлбөр авах эрхтэй хэмээн НҮБ-ын шинжээчид үзжээ. Британийн тал “НҮБ-ын хорооны шийдвэрийг биелүүлэх хууль зүйн үндэслэл байхгүй. Ассанжийг Шведэд шилжүүлж өгөх үүргээ гүйцэтгэнэ” хэмээн хариу барьсан аж. Шведийн мөрдөгчид Ассанжийг 2010 онд Wikileaks-т сайн дураар ажиллаж байсан хоёр бүсгүйг хүчирхийлсэн гэх хэргээр байцаахыг хүсч байгаа юм. Wikileaks сайт Пентагон, Төрийн департамент болон АНУ-ын төрийн байгууллагуудын нууц материалуудыг нийтэлж нэрд гарсан билээ.

No comments:

Post a Comment