Monday, February 29, 2016



Хоёрдугаар сарын 29: Өндөр жилийн тухай таван сонирхолтой баримт

365.2422 өдөр. Дэлхий Нарыг тойрон эргэхдээ яг ийм хугацаа зарцуулдаг аж. Гэвч XVI зууны эцсээр нэвтрүүлсэн өрнийн зурхайн дагуу нэг жил 365 хоногтой хэмээн тогтоосон юм. Жил бүр илүү гардаг таван цаг, 48 минут, 46 секундыг дөрвөн жил тутамд нэмээд нэг илүү өдөр гаргаж ирснээр газар, дэлхийн цагийг зохицуулж иржээ. Ингээд дөрвөн жил тутамд нэг тохиодог хоёрдугаар сарын 29 буюу өндөр жилийн талаар ВВС таван сонирхолтой баримтыг хуваалцаж байна.

1. Эзэн хааны буруу

Манай эрины өмнөх I зуунд Ромын эзэнт гүрний хаан Жулио Цезарь одон орончдыг цуглуулж хоёр жил тутамд 22 өдөртэй илүү нэг сар, 355 өдөртэй хуучин цаглабарыг сайжруулах даалгавар өгчээ. Ийнхүү зурхайчид жилийн дөрвөн улиралтай зохицохгүй байсан хуанлийг жилд 365 өдөртэй болгож, илүү гарсан цагийг нэгтгэн тодорхой жил бүрт нэг өдрийг нэмэх болсноор өндөр жил бий болжээ. Цезарийг залгамжлан гарч ирсэн Августо хаан долдугаар сарыг (Julio) өөрийн сар болгосон Жулиогийн адилаар өөрийн сартай байхыг хүссэнээр наймдугаар сар дээр нэг хоног нэмж хоёрдугаар сарыг өөрийн сар болгожээ.

2. Эмэгтэйчүүдэд алтан боломж

Өндөр жил бүх төрлийн ёслол хүндэтгэл, гэр бүлтэй холбоотой итгэл үнэмшлээр дүүрэн байдаг аж. Грект хосууд ирээдүйд эз, муу үр дагавар авчирдаг хэмээн өндөр жилд гэрлэхээс зайлсхийдэг. Гэвч Их Британид өндөр жил буюу хоёрдугаар сарын 29 нь эмэгтэйчүүд нь эрчүүддээ гэрлэх санал тавьж болдог өдөр хэмээн алдаршжээ. Энэ заншил XIX зуунд дэлгэрч, эмэгтэйчүүд ил захидал дээр гэрлэх саналаа бичээд хайртай залуудаа өгдөг болсон байна. Домогт өгүүлснээр, Ирландын гэгээнтэн Патрик эмэгтэйчүүд дөрвөн жилд нэг удаа эрчүүдийг гуйхыг зөвшөөрсөн лүндэн буулгасан гэдэг. Мөн Шотландын хатан хаан Маргарита 1288 онд ганц бие бүсгүйчүүд өндөр жилд эрчүүдэд гэрлэх санал тавих, энэ саналд татгалзсан эрчүүдийг торгож байх зарлиг гаргаж байсан гэх нь бий.

3. Илүү өдрийн маргаан

Та сар бүр цалин авдаг бол өндөр жил таны хувьд муу мэдээ. Учир нь та нэг өдөр илүү ажиллаад авдаг цалингаа л авна гэсэн үг. Гэвч үүний цаана өндөр жилийн эдийн засгийн үр дагаварыг тооцож гаргах гэсэн адармаатай зүйл байдаг ажээ. Статистикийн шинжээчид хоёрдугаар сарыг харьцуулж, дотоодын нийт бүтээгдэхүүн зэрэг эдийн засгийн янз бүрийн үзүүлэлтийг хэмжихийн тулд тогтсон тоо баримтыг ашигладаг. Тиймээс өндөр жилийг тооцолгүйгээр хоёрдугаар сарыг 28 хоног + дөрөвний нэг өдөртэй хэмээн тооцдог аж.
АНУ-ын Мэрилэндийн дунд сургуулийн нэгэн багш 2008 онд хоёрдугаар сарын 29-нд амарч байх санал дэвшүүлсэн нь ихээхэн дуулиан тарьсан юм. Эсвэл амралтын хоног дээр нэг хоног нэмэх санал гаргажээ. Гэвч үүнийг дэмжсэн улс орон одоогоор байхгүй байна.

4. Сайн дурын, буяны өдөр

Өндөр жилд өөр сонирхолтой санал, санаачилга их гардаг. Зарим нь carpe diem буюу боломжийг ашигла хэмээн уриалж, хоёрдугаар сарын 29-нд хүмүүсийг сайн дураар ажиллаж, буян үйлдэхийг уриалдаг байна. “Өндөр өдрөө буяны үйлст хандивлана уу” хэмээн Easyfundraising.org болон Европ, Америк дахь бусад сайт, байгууллагууд уриалж, олон нийтийг хамруулдаг болжээ. Үүний цаана хоёрдугаар сарын 29-нийг амралтын өдөр болгож, ажилчиддаа чөлөө олгохыг давхар уриалж байдаг бололтой. АНУ-д гэхэд л энэ өдөр хорт хавдрын эсрэг аян өрнүүлж багагүй хандив цуглуулдаг ажээ.

5. Техаст төрсөн өдрөө үнэгүй тэмдэглэ

Өндөр жил нь хоёрдугаар сарын 29-нд төрсөн хүмүүсийн хувьд том баяр. Энэ хүмүүс дөрвөн жилд нэг л удаа төрсөн өдрөө “үнэн зөвөөр” тэмдэглэж чаддаг. “Хүүхэд байхдаа зарим жилд миний төрсөн өдөр байхгүй байхыг хараад гайхдаг байлаа. Харин одоо үүндээ дасаад, харин ч бүр зугаатай болсон” хэмээн Димитриос Михалополус ВВС-д ярилаа.

Өнөөдөр дэлхий даяар хоёрдугаар сарын 29-нд төрсөн 4.1 сая хүн байна. Өндөр өдөр мэндэлсэн хүмүүс АНУ-ын Техас мужийн Антони хотод төрсөн өдрийн баяраа тэмдэглэж болно. Өндөр жилийн дэлхийн нийслэл хэмээн өргөмжлөгдсөн тус хотод өндөр жилд дөрвөн өдрийн турш баяр цэнгээн зохион байгуулж, хоёрдугаар сарын 29-нд төрсөн хүмүүст зориулан тансаг оройн зоог барьдаг ажээ.

No comments:

Post a Comment