Египетийн шүүх цаазын ялтай 149 хүнийг өршөөжээ
Каирын давж заалдах шатны шүүх Египетийн экс Ерөнхийлөгч
Мухаммед Мурсийн талын 149 хүнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ. Тэднийг
2013 оны зун жагсаал хийж, эмх замбараагүй байдал бий болгосон хэмээн цаазын ялын
дээд хэмжээгээр шийтгээд байсан юм. 2015 оны хоёрдугаар сард Египетийн шүүх
олон улсын эсэргүүцлийг үл тоож “Лалын ахан дүүс” хөдөлгөөний 183 гишүүнд цаазаар
авах ял оноосон юм. Мөн экс Ерөнхийлөгч Мухаммед Мурсийг гадаадын тагнуулын
албанд мэдээлэл дамжуулсан хэмээн үзэж 25 жил шоронд хорих ялаар шийтгэсэн
билээ. Шүүхээс олон хүний цаазын ялыг хүчингүй болгосон ч “Лалын ахан дүүс”
хөдөлгөөний ерөнхий санхүүч Хайрат Шатер, оюун санааны лидер Мухаммед Бадиа
нарт оноосон ялын дээд хэмжээг хэвээр үлдээжээ. Мөн тус байгууллагын 13 гишүүнд
цаазын ял оноосон юм. Эдгээр хүмүүс бүгд оргож алга болсон тул ялыг эчнээ
оноожээ.
Мурси болон түүний талынхныг Египетийн газар нутаг дээр
алан хядах ажиллагаа явуулах зорилгоор Палестины “Хамас”, Ливаны “Хезболла”
бүлэгтэй хамтран ажилласан хэмээн буруутгасан байна. Мөн гадаад орны
төлөөлөгчдөд Египетийн батлан хамгаалах чадвартай холбоотой төрийн нууцыг
дамжуулсан хэмээн үзсэн ажээ. Шүүхээс энэ өдөр Мурсийн бас нэг хэргийг хэлэлцэж
цаазаар авах ял оноолоо. “Лалын ахан дүүс” хөдөлгөөний гишүүд бөөнөөрөө
шоронгоос оргосон хэрэгт Мурсийг ийнхүү буруутгасан аж.
Мухаммед Мурси 2013 оны долдугаар сард цэргийн эргэлтийн
улмаас Египетийн Ерөнхийлөгчийн албан тушаалаас зайлуулагдсан юм. Дараахан нь
тэрээр өөрийнх нь эсрэг жагсаж цугласан хүмүүсийг тараахдаа хүч хэрэглэж,
иргэдийн амь насанд хүрсэн хэргээр баривчлагдсан аж. Экс Ерөнхийлөгч дээрх бүх
буруутгалыг няцааж, улс төрийн шалтгаанаар мөрдөж, шийтгэж байна хэмээн
мэдэгджээ.
No comments:
Post a Comment