Tuesday, February 16, 2016



Израиль газар доорх хонгилыг устгах аргыг хайж байна

Газар дор ямар нэг юм хөдөлж байна. Сүүлийн хоёр долоо хоногт лалын “Хамас” бүлгийн зэвсэгт жигүүрийн 11 гишүүн Газын зурвас дахь газар доогуурх хонгил нурсны улмаас “ажлын ослоор” амиа алджээ. Израилийн хил дээрх тосгоны оршин суугчид гэрийн ойролцоо “хачирхалтай дуу чимээ” гарсныг илчилж байгаа юм. “Хамас”-ын пуужингаас илүүтэй зэвсэгтэй этгээд хонгилоос шууд гал тогооны өрөө рүү нь гарч ирэх вий хэмээн айдаг аж. Газар доорх доргилт дайны бөмбөрийг нүдэж байна. “Хамас”-ын тусгай нэгтгэлийн мянга орчим цэрэг өдөр бүр хонгил ухаж, Израилийн цэргүүд нүх сүв болгоныг нууц хонгил байх вий хэмээн хардах болов. “Газар доорх хонгилын аюул заналхийллийн өмнө манай тагнуулын алба урьдчилан сэргийлэх нууц ажиллагаа явуулж байгаа” хэмээн Израилийн армийн тэргүүн, генерал Гади Эйзенкот өгүүлэв.
Израиль улс Газын зурвас, Египетийн хилийн доогуур байдаг олон зуун хонгилыг устгах гэж олон жил оролдож байгаа юм. Египетийн эрх баригчид Синайн хойгийг Палестины дайчидтай холбодог 1200 орчим хонгилыг устгаж байсан билээ.  “Хамгаалагч зурвас” тусгай ажиллагааны явцад Израиль улс өөрийн газар нутаг руу орж ирсэн 33 хонгилыг устгаснаас хойш “газар доорх цаган бөмбөг”-ийг идэвхгүй болгох шинэ технологи бүтээхийн тулд хэдэн зуун сая доллар зарцуулаад байна. Газар доорх нүх, хонгилыг илрүүлж, барилгын ажлыг нь “зогсоодог” технологийг израилиуд боловсруулж байгаа аж. Батлан хамгаалах яам 400 орчим санал, санаачилгыг судалсны дараа энэ онд зохих арга хэлбэрийг олно хэмээн найдаж байгаа аж.
“Бид ард түмнээ хамгаалж, Аль-Акса сүмийг чөлөөлөхийн тулд Газын зурвас даяар хонгил барих болно. Бид ариун газруудыг чөлөөлөхөөс нааш зосгохгүй” хэмээн Палестины босогчдын лидер Исмаил Хания мэдэгджээ. Хания “Гал зогсоох нь унтах, амрахад бус, харин Израильтай цаашид хийх тулгаралтад бэлтгэнэ гэсэн үг. Газын зүүн хэсэгт баатрууд хонгил ухаж, баруун хэсэгт нь пуужин харвах сургуулилт хийдэг” хэмээн хэлж байсан удаатай. 2006 оны дайнаас хойш “Хезболла” бүлэг газраас пуужин харваж, газар доорх хонгил дээр суурилсан партизаны дайныг Израилийн эсрэг хэрхэн өрнүүлэх “хичээл”-ийг “Хамас”-т заасан юм. Өнөөдөр Газын зурвасаас Египетийн хилийг өнгөрүүлэн ухсан олон хонгил нь гэрэл цахилгаантай, харилцаа холбоотой болжээ. Өндөр нь хоёр, өргөн нь 1.5 метртэй хонгил 25 метрийн гүнд байрлана. Тель-Авив дахь трамвайнаас ч хурдан барьдаг “Хамас”-ын бүтээн байгуулалт нь лалын бүлгүүдэд Израилийн нисэх хүчний довтолгооноос бултах, мөн газар дээр гаралгүйгээр Израилийн өмнөд нутаг руу пуужин харвах боломжийг олгодог. Лалын террористууд 2006 онд газар доорх хонгилоор Израиль руу нэвтэрч хоёр цэргийг алж, Гилад Шалитыг барьцаалснаас хойш Тель-Авив хонгилуудад ихээхэн анхаарал хандуулах болж, Израилийн талд илэрсэн хонгил бүрийг устгаж иржээ. Газын зурвасыг хянадаг “Хамас” бүлэг тэдгээр хонгилоор зэвсэг, техник, хууль бус бараа зөөхдөө зөвхөн Израилийн эсрэг үйл ажиллагаа явуулахад ашигладаг аж. “Тэд Газын зурваст ирж байгаа цементээр байшин барихын оронд Израилийн эсрэг хонгил барихад л ашигладаг. Лалын босогчдын ийм үйлдлийн улмаас Газын зурвасын хоёр сая хүний амьдрал огт дээшилдэггүй” хэмээн Израилийн армийн тусгай ажиллагааны дарга, генерал Ницан Алон ярилаа.

Израилийн тал одоогоор Газын зурваст гал зогсоогоод байгаа ч энэ тун хэврэг, эмзэг эд юм. Учир нь, лалын босогчдын довтолгооноос сэргийлэхийн тулд нэг хонгилыг бөмбөгдөх юм бол гал зогсоох гэрээ зөрчигдөнө. Бөмбөгдөхгүй бол газар доогуурх хонгил нэмэгдсээр, террористууд алан хядах ажиллагаандаа ашигласаар байх нь ойлгомжтой. Израилийн Ерөнхий сайд Б.Нетаньяху энэ тал дээр ацан шалаанд ороод байгаа юм.

No comments:

Post a Comment