Sunday, September 13, 2015



Ромын пап ламд халдахаас сэргийлжээ

АНУ-ын тусгай албад Ромын пап лам Францискийг АНУ-д айлчлах үеэр амь насанд нь халдахаар бэлтгэж байсныг илрүүлж аюулгүй болголоо. Энэ тухай Конгрессын Үндэсний аюулгүй байдлын хорооны тэргүүн Майкл Маккол мэдэгджээ. Тэрээр өндөр тушаалын хүмүүсийг хамгаалдаг нууц албадаас энэ мэдээллийг авсан гэв. “Ромын пап сэтгэл хөдлөл ихтэй, хүмүүстэй харилцах дуртай. Энэ нь түүний аюулгүй байдалд ноцтойгоор нөлөөлж байгаа юм. Түүнийг Америкт ирэх үеэр бид дээд зэргээр сэрэмжтэй байх болно” хэмээн Маккол хэллээ.
Ромын католик шашны тэргүүн Франциск есдүгээр сарын 22-27-нд Вашингтон, Нью-Йорк, Филаделфи хотоор зочлоно. Вашингтонд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай уулзаж, АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим, Сенатын хамтарсан хуралдаанд оролцсон анхны пап лам болох юм. Нью-Йоркт НҮБ-ын Ерөнхий Ассамблейд үг хэлж, Филаделфид цагаачлал, шашны эрх чөлөөний асуудлаас үг хэлж, мөргөл зохион байгуулах аж. Пап лам Америк орохдоо Кубаар дайрах ажээ.

Египетийн цагдаа мексик жуулчдыг бууджээ

Египетийн цагдаа нар Мексикийн бүлэг жуулчид руу андуурч гал нээлээ хэмээн Reuters уламжлав. Урьдчилсан мэдээллээр 12 хүн амь насаа алдсаны дотор аялалын хөтөч байгаа аж. 10 гаруй хүн шархдаж гэмтсэн байна. Цагдаа нар жуулчдыг алан хядагчидтай эндүүрэн гал нээсэн хэмээн мэдээлж байна. Мексик жуулчид Египетийн аялал жуулчлалын гол бүсийн нэг Луксорт явж байсан ажээ.

Калифорнид ойн түймэрт 100 орчим байшин шатлаа

АНУ-ын Калифорниа мужийн хойд хэсгийн Миддлтон, Коб хотод ойн түймэр дэгдэж 100 орчим байшин, хөдөө аж ахуйн байгууламж шатжээ. Түймрээс хамгаалах албаны төлөөлөгч Даниель Берлантын мэдэгдэж буйгаар, одоогоор хохирлыг тогтоох боломжгүй, нутгийн иргэдийн аюулгүй байдлыг хамгаалахын тулд хамаг хүчээ дайчилж байгаа аж. Мужийн захирагч Жерри Браун Лейк, Нава тойрогт онц байдал зарлаад байна. Калифорниа мужийн Сан-Андреас хот долдугаар сард аянганаас үүссэн түймэрт нэрвэгдсэн хэвээр байна. Тус хотын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлжээ.

Селена, Бруклин нар хамтдаа

Нью-Йоркт болсон Моодны долоо хоногийн Polo Ralph Lauren үзүүлбэр дээр олны сонирхлыг татсан хоёр залуу байсан нь дуучин, жүжигчин Селена Гомес, Английн алдарт хөлбөмбөгч Давид Бекхэмийн том хүү Бруклин Бекхэм нар байлаа. Тэд шоунд хамтдаа хүрэлцэн ирж тун дэгжнээр зургаа татуулж байв. Бруклин ээж Викториа Бекхэмийн хамтаар ирсэн бөгөөд Викториа маргааш өөрийн шинэ загварын цуглуулгаа танилцуулах юм.

16 настай Бруклин аль хэдийнэ олны танил болж, хөөрхөн бүсгүйчүүдтэй романс үүсгэх болжээ. Тэрээр хэд хоногийн өмнө Парис хотоор Францын жүжигчин Соня Бен Амматай хөтлөлцөн явж байгаад гэрэл зурагчдын дуранд өртсөн юм. 23 настай Селена Ральф Лорений шоунд үсээ ардаа боож, богино өмд, хар арьсан цамцтай ирсэн нь тун дэгжин харагдаж байлаа.

No comments:

Post a Comment