Saturday, September 12, 2015



Аятолла Хамени: “25 жилийн дараа Израилиас юу ч битгий үлдээсэй”

Тегераны Засгийн газар барууны хүчирхэг орнуудтай цөмийн тохиролцоонд хүрсний дараа Ираны тал АНУ-тай яриа хэлэлцээ хийхгүй хэмээн Ираны дээд лидер, аятолла Али Хамени албан ёсны веб хуудсаараа дамжуулан мэдэгдлээ. Энэ тайлбар нь Ираны аядуу үзэлтэй Ерөнхийлөгч Хасан Роханийн байр суурьтай зөрчилдөж байгаа юм. Тэрээр өнгөрсөн мягмар гаригт “Манай улс Сирийн хямрал, мөргөлдөөнийг шийдвэрлэхийн тулд Вашингтонтой яриа хэлэлцээний ширээнд суухад бэлэн” хэмээн мэдэгдсэн билээ. Харин Ираны шашны дээд лидер, шашны удирдагч аятолла Хамени “Бид америкуудтай тодорхой шалтгааны улмаас цөмийн хөтөлбөрийн асуудлаар хэлэлцээ хийчихсэн. Тэд яриа хэлэлцээнд сайн хандсан. Гэвч АНУ-тай өөр сэдвээр дахин ямар нэг яриа хэлэлцээ хийхгүй” хэмээн хэлсэн байна.
Венийн тохиролцооны дараа хоёр улсын харилцаа хэвийн болсон юм. Ерөнхийлөгч Барак Обамагийн шийдвэр Конгресс дээр 42 саналаар батлагдсан ч бүгднайрамдахчууд болон Израилийн төлөөх лобби бүлгийнхэн үүнийг эсэргүүцсээр байгаа аж. “Ираны эсрэг үзэл, хандлагаа нуудаггүй америкууд бидний эсрэг хууль батлахыг оролдож байна. Яриа хэлэлцээ нь зөвхөн биднийг хянаж, байр сууриа тулгаж байх нэг хэрэгсэл болчихсон” хэмээн Али Хамени албан өргөөндөө цугларсан 100 орчим зочдын өмнө хэлсэн удаатай.

Тегераны цөмийн хөтөлбөрийн талаарх яриа хэлэлцээг эрс эсэргүүцдэг дуу хоолойны нэг, Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Ираны цөмийн хөтөлбөрийг “Манай улсын эсрэг аюул заналхийлэл. Ираны цөмийн хөтөлбөрийн талаар ямар нэг яриа, тохиролцоо байх ёсгүй. Энхийн, иргэний гэх тодолголтой энэ хөтөлбөрийг шууд зогсоох ёстой” хэмээн нэг бус удаа мэдэгдэж байсан юм. Ираны дээд лидер Хамени сионист улсын эсрэг дуугарахаа мартсангүй. “Энэ бол бурхны хүсэл зориг. 25 жилийн дараа Иран улсаас юу ч битгий үлдээсэй. Тэр болтол лалын түүхэн жихад тэднийг нэг ч хором амар заяа үзүүлэхгүй байх болно” хэмээн онцолсон байна. 2005-2013 онд Ираны Ерөнхийлөгчөөр ажилласан Махмуд Ахмадинежад “Иран улсыг газрын хөрснөөр арчих хэрэгтэй” хэмээн мэдэгдэж дэлхий нийтийн шуугиулж байв. Иран улс энхийн зорилготой цөмийн хөтөлбөр нэрийн дор цөмийн зэвсэгтэй болохоор чармайж байна хэмээн израилиуд харддаг. Тэд цөмийн зэвсэгтэй болбол хамгийн түрүүнд Израилийн эсрэг хэрэглэнэ хэмээн үзэх хүмүүс цөөнгүй байдаг ажээ.

No comments:

Post a Comment