Wednesday, September 23, 2015




Хулио Иглесиас 72 хүрлээ

Хулио Иглесиасын хувьд чухал өдөр тохиож байна. Тэрээр 72 нас сүүдрийг зооглосон цаг мөч нь гурван сарын өмнө Нью-Йоркт нуруундаа хагалгаа хийлгэснээс хойш анх удаа олны өмнө гарсан өдөртэй нь давхацжээ. Хулио Мексик улсыг хүндэтгэн гаргасан “Mexico цувралынхаа шинэ цомгийг танилцуулахдаа ихэд урам зоригтой, цоглог байлаа.
“Бие тэнхээ сайн, эрч хүчтэй байна. 1962 оны ослын үр дагавар одоо ч байсаар байна” хэмээн өгүүлэв. Тэрээр 1962 онд алдарт Реал Мадрид клубын хаалгач байхдаа осолд орж нуруугаа хүнд гэмтээсэн юм. “60 жилийн өмнө мэс засалд орсныхоо дараа босох бүртээ юу түшиж босох билээ гэж боддог байлаа. Хоёр сарын өмнө алхаж чадахгүй байсан. Одоо зүгээр ээ, зүрх минь сайн байна. 72 хүрчихлээ гэж бодохоор л сонин санагдсан. Харин сэтгэл минь хэзээ ч өвдөж шаналж байгаагүй шүү. Сэтгэл минь өвдөөгүй байхад би амьдарсаар байх болно” хэмээн нэрт дуучин хэллээ.
Хулио Иглесиас таван хэл дээр 80 орчим цомог гаргасан нь 300 сая хувиар борлогдоод байна. Анхны эхнэрийн хүү Энрике Иглесиас мөн л алдартай дуучин болсон. Дараа нь тэрээр 60 насандаа Голландын загвар өмсөгч Мирандатай гэрлэж таван хүүхэдтэй болжээ. Иглесиасын цомог нийтдээ 14 хэл дээр хэвлэгдэн гарч Гиннесийн номд бүртгэгдсэн байна. “Хүү Энрикетэйгээ хослон дуулахгүй юм уу” гэсэн асуултад “Тэр их бие даасан. Надтай хамт дуулаач гэж шахаад хэрэггүй. Одоохондоо бид хамтдаа дуулаагүй л байна” хэмээн өгүүлжээ.

Амиа золоислогчийн сүүлчийн мөчийг буулгажээ

Амиа золоислогч алан хядагчийн амьдралын сүүлчийн мөчийг харуулсан видео бичлэг интернэтээр тарлаа хэмээн Daily Mirror мэдээлэв. Бичлэг дээрх үйл явдал Сирид болж байна. Тэсрэх бодистой хантааз өмссөн нэгэн залуу дайсныхаа талбар руу явахаас өмнө уйлж байгаа нь харагдах аж. Узбекистанаас гаралтай Жафар Таяр хэмээх залууг бусад жихадист дайчид гаргаж өгч “Жафар, битгий ай. Аймшигтай санагдвал Аллахын тухай бодоорой” хэмээн тайвшруулах ажээ. Бичлэгийн төгсгөлд мнь залуу амиа золоислон бөмбөг дэлбэлж, утаа босох нь харагдаж байна.
Энэ залуу “Жабхат ан-Нусра” бүлгийн террористуудын хамт Сирийн Засгийн газрын хүчний эсрэг байлддаг “Катибат аль-Имам Бухари” бүлгийн гишүүн ажээ. Тэрээр хаана амьд тэсрэх бөмбөг болсон, хэдэн хүний аминд хүрсэн нь тодорхойгүй. Сирийн иргэний дайн 2011 оны хавар эхэлсэн юм. 230 мянган хүн амиа алдаж, 11 сая хүн дүрвээд байна. Радикал лал дайчдын дотор узбекүүд их байдаг аж.

Колумбын Засгийн газар босогчидтой энхийн тохиролцоо хийхэд бэлэн

Колумбын Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос, босогчдын FARC бүлгийн тэргүүн Родриго Эчеверри нар энхийн гэрээ байгуулах тохиролцоонд хүрчээ. Тэд Гавана хотноо Кубын лидер Рауль Кастрогоор зуучлуулан түүхэн уулзалт хийсний эцэст тохиролцоонд хүрч гар барилаа хэмээн Ройтерс мэдээлэв. Сантосын үзэж буйгаар, олон жилийн мөргөлдөөнд цэг тавих энхийн тохиролцоог хагас жилийн дотор байгуулах ёстой аж. Энхийн тохиролцоонд хүрсний дараа босогчид хоёр сарын дотор зэвсгээ хураалгах юм.
Колумбын хувьсгалт зэвсэгт бүлгийн (FARC) удирдагч Родриго “Бид энхий үйл явцыг түргэсгэж, заасан хугацаанд амлалтаа биелүүлэх болно” гэлээ. FARC 1964 онд байгуулагдсан цагаасаа хойш Засгийн газрын эсрэг тэмцэж 220 мянган хүний аминд хүрсэн юм. Тэд Колумбын өмнөд хэсгийн үлэмж газар нутгийг хяналтдаа авч, хар тамхи тариалан Америк руу гаргадаг байсан ажээ.

Европын  холбоо дүрвэгсдэд зориулж 1.1 тэрбум евро гаргана


Европын холбооны лидерүүд Ойрхи Дорнодод үлдээд байгаа Сирийн дүрвэгсдэд зориулж 1.1 тэрбум евро гаргахаар боллоо. Энэ мөнгийг НҮБ-ын зохих байгууллагуудад өгөх аж. Дээрх шийдвэрийн талаар Европын зөвлөлийн тэргүүн Дональд Туск цагаачлалын асуудлаарх тусгай хуралдаан дээр танилцуулсан байна. Гэвч хуралдаан ихээхэн маргаантай, ширүүхэн болсныг Еврокомиссын тэргүүн Жан-Клод Юнкер дуулгалаа. Европын холбоо өмнө нь Турк, Македон дахь цагаач, дүрвэгчдэд зориулж 1.7 тэрбум доллар гаргасан юм. 

No comments:

Post a Comment