Tuesday, September 8, 2015




Ижил хүйстний гэрлэлтийг бүртгэхээс татгалзсан ажилтан суллагдлаа

АНУ-ын Кентакки мужийн шүүх ижил хүйстний гэрлэлтийг бүртгэж авахаас татгалзсан хотын захиргааны ажилтан Ким Дэвисийг шоронгоос суллах шийдвэр гаргалаа. Дэвисийн орлогч нар мужийн хуулийн дагуу ижил хүйстний гэрлэлтийг бүртгэхээр болсон ч тэрээр гэрлэлтийн баталгаан дээр гарын үсэг зурахаас татгалзсан тул хууль зөрчсөн хэмээн шоронд хоригджээ.
Ким Дэвис Кентакки мужийн Роуэн тойргийн иргэний бүртгэлийн дарга. Тэрээр шашны итгэл үнэмшлийнхээ улмаас ийм алхам хийсэн хэмээн тайлбарлажээ. Дэвис Христос апостолын сүмийн итгэгч бөгөөд ижил хүйстний гэрлэлтийг бүртгэх нь итгэл үнэмшилд нь харшилж байсан хэмээн ярьсан байна. Тэрээр ижил хүйстний гэрлэлтийг нүгэл хэмээн үздэг аж.

Лас-Вегасын нисэх буудалд British Airways-ийн онгоц шатжээ

Лас-Вегас хотын Маккаран олон улсын нисэх буудалд British Airlines авиакомпанийн Boeing 777-200 онгоц шатжээ. 159 зорчигч, экипажийн 13 гишүүнтэй нисэх онгоц буух, хөөрөх зурвас дээгүүр явж байхдаа шатсан бөгөөд бүх хүнийг аюулгүй гаргаж чадсан хэмээн New York Daily News сонин мэдээлэв. Зарим эх сурвалжийн мэдээлснээр, хоёр хүн хөнгөн гэмтэл авч эмнэлэгт хүргэгдсэн байна. Нисэх онгоц шатсан шалтгааныг судалж байгаа бөгөөд Маккаран нисэх буудал бусад гурван зурвасаа ашиглаж хэвийн горимд ажиллаж байна. Boeing 777-200 Лондон руу нисэх гэж байжээ.

Bon Jovi хамтлагийн Хятад дахь концерт цуцлагдав

Америкийн Bon Jovi рок хамтлаг энэ сард Бээжин, Шанхайд тоглох ёстой байсан ч Хятадын эрх баригчид цуцалжээ. Шалтгааныг албан ёсоор мэдээлэхгүй байгаа ч тус хамтлаг Түвдийн оюун санааны лидер Далай ламыг дэмждэг тул ийнхүү Хятадад концертоо толилуулах эрхгүй боллоо хэмээн хэвлэлүүд мэдээлж байна. Тус хамтлаг 2010 онд нэгэн тоглолт дээрээ дууны дундуур Далай ламын видео бичлэгийг харуулж байсан юм. Есдүгээр сарын дундуур Хятадад болох тоглолтын тасалбарын тал хувь нь зарагдаад байжээ. Хятад улс долдугаар сард Maroon 5 хамтлагийн тоглолтыг бас хориглож байв. Хамтлагийн даралтат хөгжимчин Жесси Кармайкл Далай ламыг дэмждэгээ ил тод илэрхийлж, төрсөн өдрөөр нь мэндчилгээ дэвшүүлж байсан нь ийнхүү Хятадын эрх баригчдын дургүйг хүргэсэн юм. Oasis, Linkin Park хамтлаг мөн ийм шалтгааны улмаас Хятадад хөл тавих эрхгүй болсон билээ. 

No comments:

Post a Comment