Tuesday, September 29, 2015



Өрсөлдөх чадвараараа Монгол улс 104-т жагслаа

Дэлхийн эдийн засгийн форумаас дэлхийд өрсөлдөх чадварыг дэд бүтэц, зах зээл, хөдөлмөрийн зах зээлийн үр өгөөжтэй байдал, боловсрол, эрүүл мэндийн чанар, макро эдийн засгийн байдал, технологийн шинэчлэл, санхүүгийн зах зээлийн хөгжил зэрэг 110 үзүүлэлтийг гол болгож гаргадаг. Монгол улс Ливан, Киргиз, Габон, Бутан, Аргентин, Бангладеш улстай мөр зэрэгцэн 104-т бичигджээ.

Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан глобал өрсөлдөх чадварын үзүүлэлтээр ОХУ найман байр дээшилж 45-р байрт орж иржээ. Оросууд Турк, Филиппин зэрэг орныг гүйцсэн байна. Олон улсын валютын сангаас гарсан тооцоогоор, ОХУ-ын худалдан авах чадвар 2.55 их наядаас 3.56 их наяд доллар болж өсчээ. Энэ үзүүлэлтээр Москва дэлхийд зургадугаарт бичигдэж байна.
Оросын эдийн засаг дахь зах зээлийн бусад үзүүлэлт (бизнесийн харилцаа, зохицуулалт, дотоод өрсөлдөөн) ч сайжирчээ. ОХУ 2012 онд Дэлхийн худалдааны байгууллагад элссэнээр гаалийн татвар буурч олон улсын тавцанд нэр хүнд нь өссөн хэмээн мэргэжилтнүүд тэмдэглэж байна. Мөн Орос улсын маш том зах зээл, макро эдийн засгийн тогтвортой сайн үзүүлэлт, хүний нөөц, дэд бүтцийн хөгжил зэрэг нь өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлсээр байна. Харин институцын хөгжил (140 орноос 100-р байр), санхүүгийн зах зээлийн (140 орноос 95-р байр)-ийн үзүүлэлтээр хол хоцорсон хэвээр.
Глобал өрсөлдөх чадварын жагсаалтыг Швейцарь улс долоо дахь жилдээ дараалан тэргүүлэв. Араас нь Сингапур, Америк бичигджээ. Герман улс тавдугаар байрнаас дөрөв рүү, Голланд наймдугаар байрнаас тав руу дэвшив. Эхний аравт Япон, Хонконг, Финланд, Швед, Их Британи оржээ. Хятад 28-д, Бразил 57-гоос 75 руу ухарчээ. Энэтхэг 71-ээс 55 руу орж ирсэн байна.

Twitter 140 тэмдэгтийн хязгаарлалтаа цуцлах уу

Twitter нийгмийн сүлжээ ашиглагчиддаа зориулж 140 тэмдэгтээс илүү жиргээг зөвшөөрөхөөр боллоо хэмээн хэвлэлүүд мэдээлэх болов. Гэвч хэзээ ийм болох нь тодорхойгүй, Twitter-ээс ямар нэг мэдэгдэл, тайлбар хийгээгүй байна. Бичил бичвэрийн Twitter сайт нь 2006 оны долдугаар сард мэндэлсэн ба нэг бичвэр буюу жиргээг 140 тэмдэгтэд багтаахыг шаарддаг нь гол онцлог нь юм. Жиргэхэд тэмдэгтүүд хэтэрхий цөөн байна гэсэн гомдол байнга гардаг. Twitter энэ хүсэлтийг харгалзаж хувь хүмүүсийн хоорондох зурвас дээр тэмдэгтийн хязгаарлалт тавихаа  больсон юм. Өнөөдөр дэлхийн 500 сая хүн Twitter-т данстайгаас 302 сая нь идэвхтэй ашигладаг ажээ.

Дүрвэгсдэд хэн мөнгө гаргах вэ

“Их-7”-гоос гадна ямар улсууд дүрвэгсдэд зориулж мөнгө гаргах нь тодорхой боллоо. “Их-7” болон Персийн булангийн хэд хэдэн орон НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан хороо, Дэлхийн хүнсний хөтөлбөрт 1.8 тэрбум доллар цуглуулж өгөх тохиролцоонд хүрчээ.  Дэлхийн тэргүүлэх долоон гүрэн дээр Австри, Кувейт, Голланд, Норвеги, Катар, Саудын Араб, Швед, Швейцарь, Турк, Арабын нэгдсэн эмирт улс дүрвэгсдэд туслахаар боллоо.

Ойрхи Дорнод дахь дайн, мөргөлдөөний улмаас Европын холбооны улсуудад өдөр бүр хэдэн мянган дүрвэгч, цагаач орж ирсээр байгаа юм. Энэ талаар дорвитой арга хэмжээ авахаас өөр аргагүй болж, Европын улсуудын хэлэлцэх ганц сэдэв болоод байгаа билээ. 

No comments:

Post a Comment