Tuesday, September 22, 2015



Есөн минутад таван гоол оруулжээ

Германы Байерн Мюнхен багийн польш довтлогч Роберт Левандовски “Волфсбург” багийн хаалганд есөн минутын дотор таван гоол оруулж Бундеслигийн рекорд тогтоов. Тэрээр хоёрдугаар үед сэлгээгээр орж ирж 51, 52, 55, 57, 60 дахь минутад гоол оруулжээ. Тэрээр сэлгээгээр орж ирээд таван гоол хийсэн Бундеслийгийн   анхны тоглогч боллоо. Мөн хоёр дахь хамгийн хурдан хет-трик (дөрвөн минут), хамгийн хурдан покер (зургаан минут)-ийн эзэн болов.
Байерн Мюнхен зургаан тоглолтод зургаан хожил авч 128 оноотой хүснэгтийг тэргүүлж байна. Боруссиа Дортмунд 15 оноотой удаалж байна.

120 мянган цагаачийг тараан байршуулна

Европын холбооны хууль зүй, дотоод хэргийн зөвлөл Итали, Гркээс ирсэн 120 мянган дүрвэгчийг тараан байрлуулахыг дэмжжээ. Европын холбооны орнуудын Дотоод хэргийн сайд нар 22-нд уулзаж энэ талаар ярилцсан ч тохиролцож чадаагүй. ЕХ олонхийн саналаар шийдэх хэрэгтэй болж санал хураахад Чех, Унгар, Румын, Словак, Финланд татгалзсан юм. Ийнхүү дүрвэгсдийг хуваан байршуулахаар болсон ч энэ нь эцсийн шийдвэр биш гэж байна. Европт сар бүр 150 мянган дүрвэгч орж ирж байгаа аж. Газар дундын тэнгисээр дамжин орж ирсэн 440 мянган цагаачийн гурван мянга нь замдаа амь үрэгджээ. Грект гэхэд л өдөр бүр дөрвөн мянган дүрвэгч орж ирж байна.

Израилийг 25 жилийн дотор устгахад бэлэн гэв

Ираны армийн удирдагч Атаолла Салехи, манай цэргүүд Изриалийг 25 жилийн дотор дуусгахад бэлэн байна хэмээн мэдэгдлээ. “Бид Израилийг баталгаатай устгах болно. Ойрын 25 жилд тэднийг бут цохихыг тэсч ядан хүлээж байна” хэмээн хошууч генерал Ираны хэвлэлд ярилцлага өгөхдөө онцоллоо. Изриалийг устгаснаар АНУ Тель-Авивийн нөлөөнөөс ангижирч сайн юм болно хэмээн нэмж хэлэв.
Хэд хоногийн өмнө Ираны шашны дээд лидер аятолла Али Хамени Еврейн улсыг мөдхөн устгана хэмээн мэдэгдсэн юм. “Аллах хүсвэл сионист улс мөдхөн байхгүй болно” хэмээн тэрээр хэлсэн билээ. Тегеран, Тель-Авивийн дипломат харилцаа 1979 онд Иранд лалын хувьсгал гарсны дараа тасарчээ. Ираны Засгийн газар Израиль улсыг хүлээн зөвшөөрдөггүй.

Каталонид Испанийн Ерөнхий сайдын замыг хаажээ


Испанийн Каталон мужийн Реус тойргийн оршин суугчид Испанийн Ерөнхий сайд Мариано Рахойг “Тусгаар тогтнол” хэмээн лоозон барьж угтжээ. Ерөнхий сайд Каталон мужид Ардын намаас нэр дэвшигч Гарсия Албиолын хамт алхаж явахад 30 орчим хүн тэдний замыг хааж, Каталоны тусгаар тогтнолыг шаардан хашгиралдсан аж. Рахой хамгаалалтын ажилтнуудын тусламжтайгаар автомашиндаа эргэн ирэхдээ зарим хүнтэй мэндчилж, селфи хийсэн байна. Испанийн Засгийн газрын тэргүүн Каталоны тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн мэдэгдсэн юм. Каталонд орон нутгийн сонгуульд болж байгаа бөгөөд үндсэрхэг нам, хөдөлгөөнүүд сонгуулийн дараа Каталон муж Мадридад өгдөг татвараа өгөхгүй хэмээн мэдэгдсэн нь шуугиан дэгдээгээд байна. 

No comments:

Post a Comment