Нобелийн шагналтны шинэ дурлал
Нобелийн уран зохиолын шагналт Марио Варгас Жоса 50 жил
ханилсан эхнэрээ орхиж, Испанийн гоо үзэсгэлэнгийн нэг, бизнесмэн Исабель Преслэртэй
хамт амьдрах болжээ. Гуравхан сарын өмнө хамтын амьдралынхаа 50 жилийн ойг АНУ-д
дуулиантай тэмдэглэж байсан Варгас Жосагийн “гэнэтийн эргэлт” бүгдийг
цочирдуулсан юм. Гэвч шинэхэн хос нам гүм байдлаа эвдэж “Hola” сэтгүүлд зураг
хөргөө авахуулж, ярилцлага өгчээ.
“Бид гаргасан шийдвэртээ итгэлтэй байгаа. Бид одоо нэг
хүн болсон. Нэг ч минут алдмааргүй байна” хэмээн Нобелийн шагналт өгүүлэв. Филиппин
гаралтай Исабель Преслэр нь Европ болон Америкт танигдсан тансаг тавилга,
өрөөний гоёл чимэглэлийн компанитай. Тэрээр алдарт дуучин Хулио Иглесиасын
анхны эхнэр бөгөөд тэдний дундаас гарсан Энрике Иглесиас мөн л алдартай дуучин
болсон билээ.
Цукерберг Facebook “dislike” нэмэхээ амлав
Facebook сүлжээг үндэслэгч Марк Цукерберг Калифорнид
хуралд оролцох үеэрээ dislike буюу Таалагдахгүй байна сонголтыг оруулахаа
амлалаа. Facebook компани энэ тал дээр ажиллаж байгаа бөгөөд мөдхөн туршилтын
журмаар оруулах аж. Dislike-ийг
оруулах эсэх асуудал олон жилийн турш яригдаж байгаа.
Үүнийг оруулах нь жаахан түвэгтэй хэмээн Цукерберг хэлж байсан. Хүмүүсийн
зураг, постонд Таалагдахгүй байна хэмээн дарах боломжийг олговол жинхэнэ эмх
замбараагүй болно хэмээн үзэх ч хүмүүс байна. Dislike-ийг турших хугацаанд
хэрэглэгчид ихээр таашаавал байнгын болгох ажээ.
Ж.Керри: Оросууд Асадыг дэмжсэнээр хямралыг хурцатгаж
байна
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри ОХУ-ын
Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой утсаар ярилцахдаа, Кремлийн эрх баригчид
Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын дэглэмийг дэмжсэнээр хямралыг өргөтгөж, байдлыг
улам хурцатгаж байна хэмээн онцолжээ. Асадыг дэмжсэнээр терроризм, хэт
даврагчидтай хийх тэмцэлд амжилт олохгүй хэмээн Керри үзжээ. АНУ 60 орчим орныг
татан оролцуулсан “Исламын улс”-ын эсрэг тэмцэлдээ үнэнч үлдэнэ хэмээн батлав. ОХУ
“Исламын улс” бүлгийн эсрэг тэмцэлд идэвхтэй оролцвол АНУ талархан хүлээж авна
хэмээн дамжууллаа. Сирийн хямралыг шийдэх ганц гарц нь Асадыг эрх мэдлээс зайлуулах
хэмээн Вашингтон үзэж байгаа юм. Москва Сирийн Ерөнхийлөгчийг дэмжсээр байвал
АНУ Оросыг ганцаардуулах бодлогоо үргэлжлүүлнэ хэмээн Төрийн департаментаас хэд
хоногийн өмнө мэдэгдэж байсан билээ.
Хойд Солонгос цөмийн реактороо ажиллуулж эхлэв
Хойд Солонгос Йонбен дахь цөмийн реактороо бүрэн хүчин
чадлаар нь ажиллуулж эхэллээ хэмээн тус улсын мэдээллийн агентлаг уламжлав. Йонбен
дахь цөмийн байгууламжийн уран баяжуулах үйлдвэр, таван мегаваттын бал чулууны
реакторыг шинээр, орчин үеийн технологиор барьж бүрэн хүчин чадлаараа ажиллах
боллоо хэмээн Хойд Солонгосын Цөмийн эрчим хүчний хүрээлэнгийн захирал ярьжээ.
Пхеньян цөмийн реактороо ажиллуулж эхэлснийг Америкийн мэргэжилтнүүд сануулж байсан
нь ийнхүү батлагдав. “АНУ болон бусад дайсагнагч хүчнүүд Хойд Солонгосын эсрэг
утгагүй, хорлонтой бодлогоо үргэлжлүүлсээр байвал бид ямар ч үед тэдэнтэй
тооцоо бодож, цөмийн зэвсэг хэрэглэхэд бэлэн” хэмээн мэдэгдэлд онцолсон байна.
Йонбен
дахь цөмийн реактор 1980 онд баригдсан. 1994 онд Пхеньян хүнсний тусламж авахын
тулд реактороо зогсоож байв. Дараа нь 2002, 2007 онд дахин ажиллуулж, дэлхий
нийтээс эрчим хүчний тусламж авахын тулд дахин зогсоож байжээ. Реакторыг
ажиллуулах явцдаа нийтдээ 34-36 кг плутони (Цөмийн зэвсгийн гол бүрэлдэхүүн) гаргаж
авсан гэж үздэг. Хойд Солонгос Йонбений цөмийн реакторын тусламжтайгаар 2006,
2009 онд плутонийн цөмийн зэвэг туршиж байсан юм.
No comments:
Post a Comment