Wednesday, September 2, 2015




Цунамигаас амьд гарсан хөвгүүн  мөрөөдлөө биелүүлэв

11 жилийн өмнө Мартунис хэмээх индонез жаал улс орны өмнөд эргийг дайрсан аймшигт цунамигаас амьд үлдэж гурван долоо хоногийн турш хатсан гоймон, бохир усаар амь зогоож явахад нь сэтгүүлчид олжээ. Малайз, Тайланд, Индонезийг нөмөрсөн Энэтхэгийн далайн байгалийн их гамшиг 230 мянган хүний аминд хүрсэн билээ. Цунамийг сурвалжлахаар очсон сэтгүүлчид өлсөж, тамирдаж дуу нь бараг гарахгүй байсан Мартунис хөвгүүнийг олж авахад тэрээр Португалын хөлбөмбөгийн шигшээ багийн өмсгөлтэй байсан нь дэлхийн нийтийн нүдэнд улам тодоор туссан юм. Хүүгийн ээж, хоёр дүү нь аймшигт далайн давалгаанд амиа алдсан ч тэрээр нь дараа нь аав болон өвөөтэйгээ эргэн уулзах хувьтай байлаа.
Хар багаасаа хөлбөмбөгт шимтэж, тоглож, Португалын шигшээ, түүний гол тоглогч Кристиано Роналдог шүтэж өссөн Мартунис цунамигаас амьд гараад Португалд очиж хүүхэд ахуйн шүтээнтэйгээ уулзсан нь мөрөөдлөө биелүүлсэн үлгэрийн ханхүү гэлтэй. Мартунис шүтээн Кристиано  Роналдогийн мөрөөр замнаж энэ зун Португалын “Спортинг” клубтэй гэрээ байгуулж, мэргэжлийн хөлбөмбөгч болжээ.

Цунамигаас амьд гарсан Португалын шигшээ багийн өмсгөлтэй индонез жаалын гэрэл зураг дэлхийгээр тарсны дараа Португалын хөлбөмбөгийн холбоо давалгаанд арчигдсан түүний гэрийг сэргээн босгохын тулд 40 мянган евро хандивласан юм. Жаалхүү аврагдсанаас хойш нэг жилийн дараа нэрт хөлбөмбөгч Роналдо Индонезид очиж Мартунистай уулзсан байна. Тэрээр жаалхүүг сургуульд сургаж, амьдралыг нь дахин цогцлоохыг олон нийтэд уриалж, Португалд очиж төрөлх “Спортинг” клубт зочлохыг урьсан ажээ. Эдүгээ 17 настай Мартунис сайн хөлбөмбөгч болохын тулд шаргуу хөдөлмөрлөж байна. Тэрээр Инстаграм хуудсаараа дамжуулан шүтээнтэйгээ авахуулсан зургаа дэлгэж, “Obrigado @Cristiano, see you Friday” хэмээн талархлаа илэрхийлсэн байна. Баасан гаригт буюу өнөөдөр Португалын шигшээ Францтай нөхөрсөг тоглолт хийх ажээ.

No comments:

Post a Comment