Monday, September 14, 2015



Бразил төсвийн зардлаа 6.8 тэрбум доллараар багасгана

Бразилийн эрх баригчид төсвийн алдагдлыг бууруулахын тулд төсвийн зардлыг 6.8 тэрбум доллараар багасгаж, татварыг нэмэхээр болжээ. “Төсвийн найман тэрбумын алдагдлыг бид арилгах ёстой. Улмаар төсвийг ашигтай гаргах арга замыг хайж байна” тус улсын Төлөвлөлтийн сайд Нелсон Барбозу мэдэгдлээ. Дэлхийн долоо дахь хүчирхэг эдийн засаг Standart & Poors фирмийн шинэ чансааны жагсаалтаас зайлсхийхийн тулд хүндрэл бэрхшээлийг давах шинэ хувилбар боловсруулах шаардлагатай хэмээн ярив. Хятад, Орос, Бразилийн зах зээлд уналт ажиглагдсанаар дэлхийн зар сурталчилгааны зах зээл удаашрах болсныг мэргэжилтнүүд тэмдэглэж байна.

Air India илүүдэл жинтэй 125 ажилтнаа хална

Энэтхэгийн агаарын тээвэрлэгч Air India илүүдэл жинтэй 125 ажилтнаа халахаар болсныг Times of India мэдээллээ. Иргэний нисэхийн ерөнхий газраас гаргасан зөвлөмжийн дагуу ийм шийдвэр гаргасан байна. Шинэ дүрмээр, илүүдэл жинтэй хүмүүсийг нисэх онгоцны нисэгч, үйлчлэгчээр ажиллахыг хоригложээ. Ийнхүү тус авиакомпанийн 600 ажилтнаас 125 нь яалт ч үгүй халагдахаар болж байна. Тэд зургаан сарын дотор хэвийн бие галбиртай болж чадвал ажилд нь эргүүлэн авч болох аж. Энэтхэгийн цагдаагийн газар мөн ажилтнууддаа бие бялдрын хэм хэмжээнд хамруулахаар болж байгаа ажээ.

Америкууд Сириэс Оросын танкийг илрүүлэв

ОХУ байлдааны танкуудаа Сирид нийлүүлсэн хэмээн Reuters агентлаг Вашингтон дахь өндөр албаны эх сурвалжаас иш татан мэдээлэв. Тус агентлаг дамжуулж буйгаар, Сирийн Латаки нисэх талбарт Оросын артиллерийн зэвсэг болон Т-90 загварын долоон танк байгаа аж. Өмнө нь зэвсэг ачсан Оросын тээврийн нисэх онгоцууд Сирид очсон хэмээн Пентагон мэдээлж байв. Москва Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын дэглэмийг дэмждэг гэдгээ нэг бус удаа мэдэгдэж, Дамаскийн эрх баригчдын терроризмын эсрэг тэмцэлд тусалж байсан билээ. Харин Оросын тал Сири дахь дайн байлдааны үйл ажиллагаанд оролцохгүй хэмээн мэдэгддэг. Оросын цэргүүд Сирид олон жилийн турш байрлаж байгаа бөгөөд зөвхөн байлдааны техник хэрэгсэлтэй харьцах сургалт явуулдаг хэмээн ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгджээ. Сири дахь иргэний дайн 2011 оноос хойш үргэлжилсээр байна. Энэ хугацаанд 230 мянган хүн амиа алдаж, 11.5 сая хүн орон гэрээ орхин дүрвэжээ.

Залруулга:

“Зууны мэдээ” сонины 2015 оны есдүгээр сарын 15-ны дугаарын Аятолла Хамени: 25 жилийн дараа Израилиас юу ч битгий үлдээсэй материалд 2005-2013 онд Ираны Ерөнхийлөгчөөр ажилласан Махмуд Ахмадинежад “Иран улсыг газрын хөрснөөс арчих хэрэгтэй” хэмээн мэдэгдэж дэлхий нийтийг шуугиулж байв гэснийг 2005-2013 онд Ираны Ерөнхийлөгчөөр ажилласан Махмуд Ахмадинежад “Израиль улсыг газрын хөрснөөс арчих хэрэгтэй" хэмээн мэдэгдэж дэлхий нийтийг шуугиулж байв хэмээн залруулан уншина уу. Алдаа гаргасандаа хүлцэл өчье. 

No comments:

Post a Comment