АНУ дэлхийн хөлбөмбөгийг дахин “доргионо”
Америкийн нэгдсэн улсын Ерөнхий прокурор Лоретта Линч “АНУ
дэлхийн хөлбөмбөгийн лидерүүдийн авлигын эсрэг шинэ ажиллагааг мөдхөн эхлүүлнэ”
хэмээн зарлаад шинэ баривчилгаа хийхийг үгүйсгэсэнгүй. Л.Линч Прокуроруудын
олон улсын холбооны жил тутмын хурлын нээлт дээр хэлсэн үг болон дараа нь
хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр Америк, Швейцарийн хуулийн байгууллагууд
Дэлхийн хөлбөмбөгийн холбооны (FIFA) авлигын хэргийг
хамтран шалгаж байгааг онцолсон юм.”Одоогоор нэрсийг зарлаж болохгүй байна. Гэвч
бид тун идэвхтэй ажиллаж байгаа. Тавдугаар сараас хойш бид мөрдөн шалгалтаа
өргөжүүлсэн. Одоо хувь хүмүүс болон байгууллагын эсрэг шинэ хэрэг үүсгэхээр
болоод байна” хэмээн нэгэн сурвалжлагчийн асуултад хариулжээ. “Бидний шалгалт
идэвхтэй үргэлжилсээр байна. Бидний мөрдөлт, шалгалтад хязгаар үгүй. Баримт,
нотолгоог эцэст нь хүртэл шалгах болно” хэмээн нэмж хэллээ.
Өнгөрсөн тавдугаар сарын 27-нд Цюрих мужийн цагдаагийн
ажилтнууд FIFA-ийн долоон удирдагчийг авлигын хэрэгт буруутган баривчилсан юм. Энэ нь Швейцарийн
хууль хяналтын байгууллагууд болон Нью-Йоркийн прокурорын газрын хамтын
ажиллагааны үр дүн байлаа. Хөлбөмбөгийн дээд байгууллагын түшмэдийг 1980-аад
оноос өнөөг хүртэл авлига, “хувь авах”-ыг өөрсөддөө хүлээн зөвшөөрсөн хэмээн буруутгаж
байна. Тэд зарим пүүс, компанид хөлбөмбөгийн тоглолт дамжуулах, зар
сурталчилгаа явуулах, АНУ, Латин Америк,
Карибын орнууд дахь хөлбөмбөгийн тэмцээнийг ивээн тэтгэх эрх олгосныхоо төлөө
авлига авч байжээ. Швейцариас өөр улстай хамтран ажиллаж буй эсэхийг сонирхоход
“Өөр хэд хэдэн улсаас мэдээлэл хүлээж авсан. Тэдгээрийг нягтлан шалгаж байна.” хэмээн
хариулав. Хөлбөмбөг дахь авлигын асуудал дэлхий нийтийг хамарсан. Бид ч даяар,
далайцтай арга хэмжээ авахын тулд сонор сэрэмжтэй ажиллаж байна хэмээн Лоретта
Линч онцоллоо.
Швейцарийн Олон нийтийн яам FIFA-ийн удирдагчдын Альпийн нуруун дахь байшин, харшуудыг бүртгэж авсан хэмээн
мэдэгдэв. Мөн тэдний эзэмшдэг банкны 121 дансыг шалгаж байгаа аж. Швейцарийн
Ерөнхий прокурор Майкл Лаубер “Авлигын хэрэгт холбогдсон нэрсийг зарлахад арай
эрт байна. Зарим хүмүүсийн дансыг царцааж (орлого, зарлагыг нь зогсоож) шалгалт
явуулж байгаа. Энэ шалгалтын дагуу урьд өмнөхөөс илүү олон хүнийг дуудаж
байцаалт авч байгаа нь үнэн” хэмээн онцлон тэмдэглэв. Швейцарийн хууль
хяналтынхны хараанд өртөөд буй нэг зүйл нь FIFA-ийн янз бүрийн
холбоо, пүүс, компанитай хийсэн арилжааны гэрээ, хэлцэл ажээ.
FIFA-ийн
тэргүүн Жозеф Блаттер 2005 онд Өмнөд Африкийн дэлхийн аваргын (2010) тэмцээнийг
дамжуулах эрхийг тухайн үеийн дэд тэргүүн Жек Уорнерт 250 мянган доллараар,
Бразилийн дэлхийн аваргын (2014) телевизийн эрхийг 350
мянган доллараар худалдсан хэмээн Швейцарийн SRF телевиз уламжилсан байна. Уорнер
тэр үед Хойд Америк, Өмнөд Америк, Карибын орнуудын хөлбөмбөгийн холбоодыг
хариуцдаг байсан аж. Швейцарийн Хууль зүйн яам энэ хэрэгт хамаатай 11 терабайт багтаамжтай
мэдээллийг олзолж, дүн шинжилгээ хийж байна. Өнгөрсөн тавдугаар сард FIFA-ийн
долоон удирдагчийг баривчлан саатуулснаас зургаа нь Цюрихийн шоронд хоригдсон
хэвээр байгаа юм. Анх баривчлагдсан хүмүүсээс Жефф Вебийг Америкийн хууль
хяналтын байгууллагад шилжүүлж өгчээ. Бусдыг нь шилжүүлж өгөх үйл явц үргэлжилсээр
байна.
No comments:
Post a Comment