Wednesday, September 16, 2015



Унгар улс цагаачдыг зогсоохын тулд цэрэг армиа дайчиллаа

Унгар улс цагаач, дүрвэгчдийн давалгааг зогсоохын тулд цэрэг армиа дайчилж, Сербийн хил орчмыг хамгаалалтад авчээ. Сербийн хил орчимд цагдаа нарын эсрэг үймээн дэгдээж танхайрсан 29 цагаачийг баривчлан саатуулаад байна. Тэдний дотор террорист хэмээх тодотголтой нэг этгээд байгаа аж. Мөргөлдөөний улмаас 20 орчим цагдаа гэмтэж бэртсэн хэмээн Унгарын Ерөнхий сайд Виктор Орбаны аюулгүй байдлыг зөвлөх Георги Баконди ярилаа. Сербийн газар нутгаас Унгар руу оруулахыг шаардаж байсан дүрвэгсэд хамгаалалтын ажилтнуудыг чулуу, модоор нүүлгэж, цагдаа нар усан буу, нулимс асгаруулагч хий ашигласан байна. Террорист хэмээн нэрлэгдэд байгаа этгээдийн талаар илүү тодорхой мэдээлэл өгсөнгүй.
Нөгөө талаас Сербийн Дотоод хэргийн сайд Небойша Стефанович Унгартай залгаа хил рүү цагдаа, цэргийн нэмэлт хүч илгээж буйгаа зарлав. Унгарын хүчнийхэн цагаачидтай тулгарч, эмх замбараагүй байдал үүссэний дараа цаашдын үймээн самуунаас сэргийлэхийн тулд хил дээрх хүчээ зузаатгаж байна хэмээн Стефанович онцолжээ. Унгарын тал дүрвэгсдийн эсрэг нулимс асгаруулагч хий ашигласныг Сербийн эрх баригчид “Тэдэнд тийм эрх байхгүй” хэмээн буруутгалаа.
Сербийн талаас ч гэмтэж бэртсэн хүмүүс байна хэмээн төрийн бус байгууллагууд мэдэгдэж байна. Унгарын цагдаа нар олон улсын хууль дүрмийг зөрчиж Сербийн газар нутаг дээр үйл ажиллагаа явуулсан хэмээн Белград үзэж байгаа юм. Сербүүд цагаачидтай хүнлэг харьцаж, хилийн өргөст тортой бүсээс хүч хэрэглэлгүйгээр холдуулна хэмээн амлаж байна.
Унгарын эрх баригчид гурван машин дүүрэн зэвсэглэсэн цэргүүдээр цагаачид бөөгнөрсөн бүс нутгийг нэмэлт хамгаалалтад аваад байна хэмээн Ройтерс агентлаг уламжлав. Цэргийн автомашинууд замаас гарч, хилээс хэдхэн зуун метрийн зайд байрлаад байгаа аж. Зарим мэдээллээр, цагдаа нартай тулсан цагаачид хил дээрх хаалт саадыг эвдэлж Сербийн хилийн Розке хотоос Унгарын газар нутагт хөл тавиад байгаа ажээ. Дүрвэгч, цагаачид хоёр хэсгээр хаалтыг сэтэлж Унгар руу орж байгаа хэмээн мэдээллээ. 

No comments:

Post a Comment