Wednesday, September 9, 2015



Майамид Кубын консулын газрыг нээхээс татгалзжээ

АНУ, Кубын хоорондох харилцаа энэ зунаас зөөлөрч, 54 жилийн турш дипломат харилцаагүй явж ирсэн хоёр улс харилцан Элчин сайдын яамаа нээсэн билээ. Куба улс долдугаар сарын 20-нд Вашингтон хотод Элчин сайдын яамаа нээсэн бол, АНУ наймдугаар сарын 14-нд Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри тэргүүтэй төлөөлөгчдөө Гавана хот руу илгээж түүхэн айлчлал хийсэн. Хагас зууны турш үргэлжилсэн зөрчилдөөн, шархыг эдгээхэд хийх ажил, саад бэрхшээл асар их үлдэж байгааг хоёр улс сайн мэдэж байгаа. Тэдгээр бэрхшээлийн нэг нь Рауль Кастрогийн Засгийн газарт ус ч өгөх бодолгүй байгаа АНУ дахь Кубын цагаачдын нийгэм юм. Нэг зүйлийг онцлоход Куба эх орноо, дэглэм, удирдагчдыг нь муулж, чадах ядахаараа хавчиж хяхдаг куба цагаачид АНУ-д улам цөөрсөөр байгаа ажээ.
Кубын цагаачдын ихэнх нь амьдардаг Майами хотод Кубыг эсэргүүцэх үзэл байсаар байна. АНУ-д амьдардаг хоёр сая орчим куба иргэний 1.2 сая нь Флорида муж, Майами хотод оршин суудаг. Гэвч он жил өнгөрөх тусам Майами дахь радикал, эрс тэс үзэлтэй куба цагаачдын жин, нөлөө багассаар ирсэн ч тус хот Кубын консулын газрыг хүлээж авах бодолгүй байна. Майами хотын дарга Томас Регаладо “Флоридагийн өмнөд хэсэгт амьдардаг кубууд болон Гаванын өнөөгийн Засгийн газрын хооронд аниагүй, эдгээгүй “шарх” маш их байна. Тиймээс Майами хотод Кубын дипломат төлөөлөгчийн газрыг нээх боломжгүй” хэмээн ярьжээ. Бүгд найрамдах намын гишүүн, куба гаралтай Регаладо Испанийн El Pais сонинд ярихдаа “Куба цагаачид арлын эрх баригчдад ихээхэн гомдолтой байдаг, өмч хөрөнгөө, компани, бизнесээ хураалгасан, дээрэмдүүлсэн маш олон хүн байдаг. Энэ асуудлыг шийдээгүй байхад энд консулын газар нээвэл хотыг хоёр хуваах болно. Эмзэг байдаг зэрэгцэн амьдралын хэлхээ холбоо улам хэврэг болж магадгүй” хэмээн онцоллоо. Майамид Кубын консулын газар нээгдвэл куба цагаачдын байнгын эсэргүүцлийн бай болно хэмээн үзэх хүмүүс байна. Майамид Венесуэлийн консулын газар нээгдсэн нь мөн л эсэргүүцэл, дургүйцлийн бай болон хувирсан билээ. Майами хотын захиргаанаас аюулгүй байдлын баталгаа өгсөн тохиолдолд л Кубын консулын газрыг нээж болно хэмээн хотын удирдагчид хэлж байна.

Гэвч Томас Регаладогийн байр суурийг Флорида муж даяар дэмжихгүй байгаа юм. Кубын дипломат төлөөлөгчийн газрыг хүлээн авах өөр хот, тойрог байгаа аж. Флоридагийн баруун хэсгийн эргийн Сейнт Питерсбург хотын дарга, Ардчилсан намын гишүүн Рик Крайсман “Манай хот Кубын консулын газрыг хүлээн авах боломжийг судалж байна” хэмээн мэдэгдлээ. Кубын цагаачид олноороо амьдардаг Флорида мужид Кубын консулын газар нээгдвэл хоёр улсын иргэд харилцан зорчих, виз олгох болон харилцааны бусад асуудалд ихээхэн дөхөмтэй болох юм.

No comments:

Post a Comment