Monday, September 28, 2015



В.Путин терроризмын эсрэг эвсэл байгуулахыг уриаллаа

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин НҮБ-ын индэр дээрээс үг хэлэхдээ, терроризмын эсрэг тэмцэх өргөн эвсэл байгуулахыг уриалахын зэрэгцээ Сирийн “хууль ёсны” Засгийн газрыг дэмжихийг олон улсын хамтын нийгэмлэгээс хүслээ. “Бид бүгдийн өмнө тулгарч байгаа бэрхшээлийг даван гарахын тулд бид хүчээ нэгтгэх хэрэгтэй байна” хэмээн арван жилийн дараа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд хүрэлцэн ирсэн Кремлийн тэргүүн онцолсон юм. Энэ нь Гитлерийн эсрэг тэмцэхэд байгуулж байсан эвсэл шиг байх ёстой, лалын шашинтай орнууд чухал үүрэгтэй оролцох ёстой хэмээн Путин хэлж байна.
Тэрээр мөн Украины зүүн нутаг дахь Засгийн газрын хүчин болон Оросын талыг баримтлагч салан тусгаарлагчдын хоорондох мөргөлдөөний талаар дурдахдаа Виктор Януковичийн Засгийн газрын эсрэг “зэвсэгт төрийн эргэлтийг” гадаадаас удирдан зохион байгуулсан хэмээн онцоллоо. Москвагийн лидер “Зах зээл дээрх өрсөлдөөнийг устгахын тулд хэрэглэж буй зэвсэг” хэмээн Оросын эсрэг олон улсын хориг арга хэмжээг нэрлэхээ мартсангүй. “Украины газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүчээр, зэвсгээр баталгаажуулна гэж байхгүй. Юу хэрэгтэй байна вэ гэвэл, Донбассын ард түмний үндсэн эрх ашгийг харгалзан үзэх хэрэгтэй. Бид энэ тал дээр тохиролцож, тэдний шийдвэрийг хүндэтгэх ёстой” хэмээн Путин мэдэгдлээ.

Оросын удирдагч НАТО-гийн цэргийн тэлэлт, зөвлөлтийн экс бүгд найрамдах улсууд дахь хуурамч сонгуулийг шүүмжилж “Эдгээр нь Европт геополитикийн хямрал авчрахаас өөр зүйлгүй” гэв.Нөгөө талаар, Путин Нэгдсэн үндэстний байгууллага үлбэгэр дорой байгааг сануулсан байна. Зарим улс орон хүчтэй, чадалтай бол НҮБ-ыг үл ойшоож болно хэмээн боддог болсон тухай тэрээр онцлов. ОХУ нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүний нэг бөгөөд НҮБ-ын тогтоолд хориг тавих эрхтэй билээ. “НҮБ-ын эрх мэдэл, хууль ёсны байдлыг бусниулах гэсэн оролдлого нь маш аюултай. Учир нь энэ увайгүй оролдлого олон улсын харилцааны системийг нурааж мэднэ” хэмээн Кремлийн тэргүүн НҮБ-ын хүндэт индэр дээрээс онцлон тэмдэглэв. Тэрээр ямар нэг нэр дурдаагүй ч түрэмгий хөндлөнгийн хүчин, ардчилсан хэмээх хувьсгалуудыг “нийлүүлснээр” Ойрхи Дорнод сүйрлийн байдалд орсон гэлээ. Арабын хувьсгалын улмаас эрх мэдлийн хоосон орон зай бий болж, түүнийг “Исламын улс” бүлэг овжноор ашиглаж гарч ирсэн хэмээн тэрээр үзэж байна. Терроризмын эсрэг хүчтэй мэдэгдэл хийдэг улс орнууд хоёр нүүр гаргаж лалын террористуудыг өөгшүүлсэн хэмээн Путин шүүмжилсэн юм. Кремлийн тэргүүн илтгэлийнхээ төгсгөлд “Дэлхий дахины одоогийн эмх журмыг үргэлжлүүлээд явах боломжгүй болсон. Шинэ эмх журмыг тогтоох бааз суурийг бүрдүүлэхэд Орос улс бэлэн. НҮБ-ын системийг шинэчлэх шаардлагатай боллоо” хэмээн мэдэгдсэн юм. ОХУ-ын Ерөнхийлөгч энэ мэдэгдлээрээ Орос улс дэлхийн шийдвэрлэх хүчирхэг гүрэн болсныг зарлан тунхаглалаа хэмээн олон улсын тоймч, ажиглагчид үзэж байна.

No comments:

Post a Comment