Sunday, September 4, 2016




Фредди Меркури 70 хүрч байна

“Бурхны элч” хэмээн алдаршсан Queen хамтлагийн гоцлол дуучин, хөгжмийн зохиолч Фредди Меркури 70 насыг зооглож байна. Тэрээр бидний цэнхэр гаригаас аль хэдийнэ явсан ч тэрээр амьд сэрүүн төдийгүй олимп, дэлхийн тэмцээнд түрүүлсэн баяр хөөр бүрийн дараа түүний дуулсан “We are the Champions” дуу эгшиглэдэг нь жам болсон билээ.
Фредди Меркури нэрээрээ дэлхийд алдаршсан Фаррук Булсара 1946 оны есдүгээр сарын 5-нд тэр үед Британийн ивээлд байсан Занзибарын хаант улс буюу одоогийн Танзани улсад энэтхэг гаралтай гэр бүлд мэндэлжээ. Гэвч тэрээр дэлхий нийтэд сод авьяасаа гайхуулж, олон сайхан дуу бэлэглэсний дараа цэл залуухан 45 насандаа өвчнөөр хорвоог орхисон билээ. Rolling Stone сэтгүүлээс гаргасан “Дэлхийн шилдэг 100 дуучны жагсаалт”-д Меркури 18-д бичигдсэн юм. Queen хамтлагийн хамгийн том амжилт олсон 17 дууны 10-ыг нь буюу “Bohemian Rhapsody, Seven Seas of Rhye, Killer Queen, Somebody to Love, Good Old-Fashioned Lover Boy, We Are the Champions, Bicycle Race, Don't Stop Me Now, Crazy Little Thing Called Love”, “Play the Game” дууг Меркури зохиосон юм.

Хоёр мянган авлигачинаас 1.1 тэрбум доллар хураажээ

Хятадын эрх баригчид 2014 оноос хойш гадаад руу зугтан гарсан хоёр мянга гаруй авлигачныг баривчлан авчирсан хэмээн China Daily сонин Хятадын коммунист намын Сахилга батын хорооны мэдэгдлээс иш татан мэдээлэв. “Гадаад руу зугтан гарсан авлигач түшмэлүүд, хил давж алга болсон хууль бус мөнгөний урсгал хууль сахиулах байгууллагад ноцтой хохирол учруулж, эдийн засгийн хөгжлийг боомилж байна” хэмээн Сахилга батын хорооны олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн дарга Цай Вэй мэдэгдлээ. Гадаад орнуудад бүгсэн авлигач нарыг баривчлан авчирч хууль бусаар олсон 1.1 тэрбум долларын орлогыг хураасан байна. Баривчлагдаж ирсэн хүмүүс дотор төрийн чухал алба хашиж байсан 342 хүн байгаа аж.

Турк-Сирийн хилийг “Исламын улс”-аас чөлөөлжээ

Туркийн арми болон Сирийн чөлөөт армийн цэргүүд Турк-Сирийн хилийг “Исламын улс” террорист бүлгийн дайчдаас чөлөөллөө хэмээн Anadolu агентлаг уламжлав. “Евфратын бамбай” хэмээх тусгай ажиллагааны явцад хил орчмын тосгон сууринг чөлөөлөөд байгаа аж. “Евфратын бамбай” цэргийн тусгай ажиллагааг Турк улс наймдугаар сарын 24-нд эхлүүлсэн билээ. Мөн Сирийн Ар-Раи хот орчимд босогчдын бүлэг Туркийн армийн дэмжлэгтэйгээр “Исламын улс” бүлгийн хяналтад байсан хэд хэдэн тосгон, сууринг чөлөөлжээ. Ирак, Сирийн газар нутагт “Исламын улс” террорист бүлгийг байгуулан ихэд нэр нөлөөтэй болоод байсан хэт даврагчид сүүлийн үед хүнд хүнд цохилт амсч нэр нөлөөгөө алдсаар байна.

Б.Обама В.Путинд тусдаа уулзах санал хүргүүлжээ

Хятадын Ханжоуд болж өнгөрсөн “Их-20”-ийн уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Кремлийн тэргүүнд хандаж ганцаарчилсан уулзалт хийх санал тавьсан хэмээн зарим эх сурвалж мэдээлэв. Оросын талын төлөөлөгчид энэ тухай “Интерфакс” агентлагт уламжилжээ. Цагаан ордны эзэн өөрөө Путин дээр ирж дээрх саналыг тавьсан бололтой. Хэдийгээр хоёр улсын лидер “Их-20”-ийн уулзалтын хүрээнд уулзаж ярилцсан ч тусдаа яриа өрнүүлэх нь дээр гэж үзсэн аж.
ОХУ, АНУ-ын Ерөнхийлөгч нар хамгийн сүүлд 2015 оны арваннэгдүгээр сард Парист болсон цаг агаарын өөрчлөлтийн асуудлаарх бага хурал дээр уулзсан билээ. Энэ онд Путин, Обама нар хэд хэдэн удаа утсаар ярилцсан юм. Хятадын Ханжоу хотод болсон “Их-20”-ийн дээд хэмжээний уулзалтын гол сэдэв нь шинэ технологид тулгуурласан эдийн засгийн хөгжил байсан юм.

Палестинууд шуудангаа Израилиар дамжуулахгүй

Палестины засаг захиргааны шуудангийн үйлчилгээг шинэчлэх, палестинуудад хаягласан захидал, илгээмжийг Израилиар дамжуулахгүй шууд палестинуудад хүргэж байхаар болов. Энэ тухай санамж бичигт Израилийн Засгийн газар, Палестины автономийн удирдлага гарын үсэг зуржээ. Өмнө нь палестинуудад хаягласан шуудан, илгээмж заавал Израилийн шуудангийн албаар дамжсаны дараа эзэддээ хүрдэг байсан юм. Санамж бичгийн дагуу, эдүгээ захидал, илгээмжийг Иордантай залгаа хилийн Алленби шалган нэвтрүүлэх боомтоор дамжуулан Палестины газар нутаг руу оруулах ажээ. Мөн Палестины автономийн орон нутгийн шуудангийн албад санхүү, мөнгөний шилжүүлгийг бие даан хийхээр болсон байна.

Хятадууд Парист жагсчээ

Францын нийслэл Парис хотын төвд хэдэн зуун хятад гаралтай иргэн гудамжинд гарч цагдаа нар ази цагаачдыг илүү сайн харж, хамгаалах ёстой хэмээн шаарджээ. Тэдний олонх нь “Бүгдэд аюулгүй байдал” гэсэн бичигтэй цамц өмссөн байв. Франц дахь хятадуудын нэгдлийн гишүүн, 49 настай Шаолин Жан хэд хоногийн өмнө алуулсны дараа тус улс дахь хятадууд “Цагаачдыг, ази хүмүүсийг хамгаалах ёстой. Аюулгүй байдлыг бүгдэд” хэмээн уриалж, кампанит ажил өрнүүлж байгаа юм. Наймдугаар сарын 7-нд үл мэдэгдэх гурван этгээд Жан болон түүний танил руу халдаж зоджээ. Ихэд бэртсэн Жан хэд хоногийн дараа нас барсан юм. Сүүлийн үед Парист ази гаралтай иргэдэд халдах, зодох явдал эрс нэмэгдсэнийг жагсаалд оролцогчид анхааруулж байв. 

No comments:

Post a Comment