Wednesday, September 28, 2016



Вашингтон курдуудыг, тэд нартай байлдаж буй Анкараг ч дэмжиж байна

Сирийн курд үндэстнүүд АНУ-аас тал бүрийн тусламж авч байгаа ч Вашингтон үнэн сэтгэлээсээ тусалж, Сирийн хойд хэсэгт хоёр тасарсан курдуудыг нэгтгэж нэгдмэл холбооны бүс нутаг болгох санаатай байгаа эсэх дээр эргэлзээ төрөх болжээ. “Америкууд бидэнд тусалж байна. Гэхдээ тэд цаанаа өөр бодлоготой байх шиг байна. Нэг талаас, курдуудыг “Исламын улс” бүлгийн эсрэг тэмцэхэд нь дэмжиж байна гэж хэлдэг. Нөгөө талаар, Туркийн цэрэг Жараблус хот руу нэвтрэн ороход америкууд хараагүй юм шиг өнгөрсөн. Энэ явдлыг курдууд таагүй хүлээж авсан. АНУ ямар зорилго агуулж байгааг цаг хугацаа харуулах биз. Гэвч ямар ч тохиолдолд, Сирийн хойд нутагт холбооны улс байгуулах курдуудын эрхийг хүлээн зөвшөөрөхгүй байж Вашингтон курдуудыг террористуудын эсрэг ашиглахыг бид хүсэхгүй. Сирид хоёр тасарсан курд үндэстнүүд нийлж хүчээ нэгтгэх ёстой” хэмээн курдуудын үндэсний-соёлын автономийн зөвлөлийн тэргүүн Фархат Патиев “Известия”-д ярилаа.
Хэд хоногийн өмнө Туркийн Ерөнхийлөгч Эрдоган Bloomberg телевизэд ярилцлага өгөхдөө, АНУ Сири дахь курд террористуудад зэвсэг нийлүүлж байна хэмээн буруутгасан юм. “Америкууд Кобани хотод хоёр нисэх онгоцоор зэвсэг хүргэж өгсөн. Хэнд вэ? Тэд Ардчилсан холбоо нам болон Ардын хамгаалалтын отрядад зэвсэг нийлүүлсэн. Тэд дэлхийн нүдэн дээр том алдаа гаргаж байна. Ардчилсан холбоо нам, Ардын хамгаалалтын отряд нь Туркт террорист ажиллагаа явуулдаг Курдистаны Ажилчны намын үр хөврөлүүд” хэмээн Анкарагийн лидер хэлжээ. Туркийн арми наймдугаар сарын 24-нд Сирийн Жараблус хот болон эргэн тойрны бүс нутагт цэргээ оруулсан юм. Энэ нь “Исламын улс” бүлэг болон курдын зэвсэгт бүлэглэлүүдийн эсрэг ажиллагаа хэмээн Туркийн эрх баригчид мэдэгджээ. Курдын отрядууд наймдугаар сарын 12-нд Манбиж хотыг лалын террористуудаас чөлөөлсний дараа Анкара ийм алхам хийсэн байна. Курдуудын Адчилсан холбоо намын төлөөлөгч Салам Али “Террористуудад хил хязгаарыг хаахын тулд Манбиж хотыг эзэлж авлаа. Одоо курдууд баруун зүгт давшиж Африн хотыг хянаж байгаа курдуудын Ардын хамгаалалтын отрядтай нэгдэх боломжтой боллоо ” хэмээн мэдэгдэж байв.

Гэвч Туркийн цэрэг Сири рүү нэвтрэн орсноор курдуудын төлөвлөгөөнд саад болжээ. Тэр тусмаа Анкарагийн үйлдлийг Америкийн байлдааны онгоцууд дэмжиж байгаа аж. Үүнийг Пентагон ч баталж байсан. Ийнхүү америкууд НАТО-гаар дамжуулан Туркийн холбоотон болоод зогсохгүй Сирийн курдуудад зэвсэг нийлүүлж байна. Зарим ажиглагч, тоймчийн үзэж буйгаар, Вашингтон Сири дахь зорилгоо биелүүлж, харин холбооны бүс нутгийг байгуулж, өөрийн гэсэн төр улстай болно хэмээн тооцоолж байгаа курд үндэстнүүд зөвхөн АНУ-ын нэг арга хэрэгсэл болж байгаа аж. “АНУ хэзээ ч Турктай арцалдахыг хүсэхгүй. Курдуудыг өөрийн төр улсаа байгуулахад туслана гэж хэлдэг ч цагаа болохоор тусладаггүй. Курдууд төр улсаа байгуулах үйлсэд америкууд туслана гэж хүлээж байдаг ч эцсийн эцэст Дамаскийн удирдлагыг унагааж, Сирид тогтворгүй байдал бий болгох зорилготой Вашингтоны гар хөл болоод дуусч байна” хэмээн улс төр судлаач Вячеслав Матузов ярилаа. 

No comments:

Post a Comment