Monday, September 26, 2016




90 минутын турш хэлэлцэгдсэн 10 халуун сэдэв

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй Хиллари Клинтон, Дональд Трамп нар өчигдөр телевизийн халз мэтгэлцээнд оролцжээ. Дэлхийн хамгийн хүчирхэг гүрнийг ирэх дөрвөн жилд удирдах нэр дэвшигчид ямар сэдвээр халуухан маргалдаж, шүүмжлэл өрнөснийг товчлон хүргэе.

1. Трампын их сургууль

Дональд Трампын үүсгэн байгуулсан их сургууль нь саятан болох курсээс өөр юм заадаггүй академиас өөр юу ч биш. Тус сургуулийг төгссөн хэд хэдэн оюутны гомдлоор Трампын их сургуулийг залилан мэхэлсэн хэргээр шүүхэд дуудаад байгаа аж. Энэ хэрэг дээр ажиллаж байгаа шүүгч Гонсало Куриелийг Д.Трамп нэгэн уулзалт дээр “Тэр мексик хүн бололтой” хэмээн ярьжээ. Куриел нь АНУ-д төрж, өссөн америк хүн ажээ.

2. Трамп сан

Дональд Трамп өөрийн үйлдвэрүүддээ торгууль тавих, хэрэглэгчиддээ нөхөн төлбөр олгох зэрэг дээр “Дональд Ж.Трамп” сангаа ашиглажээ. Мөн улс төрийн хандив өргөхөд ашигласан байна.

3. Клинтон сан

Клинтон сангийн үйл ажиллагаа шүүмжлэлд өртсөнгүй. Харин тус санд 1.8 тэрбум доллар хандивласан хүмүүсийн дунд дарангуйлагчдын нэрс, гадаадын компаниуд байгаа талаар шүүмжлэл өрнөв. Хилларийн өрсөлдөгч нарын хэлж буйгаар, Клинтон сан нь АНУ дахь бодлогод нөлөөлөх гэсэн нэг хэлбэр ажээ.

4. Лалын терроризмын аюул дагуулсан орнуудын цагаачид

Д.Трамп лалын терроризмыг өөгшүүлдэг орнууд, тэр тусмаа Сирийн иргэдийг АНУ-д оруулахгүй байх санал дэвшүүлэв. Түүний хүү Дональд Жуниор сири иргэдийг хортой чихэртэй зүйрлэжээ.

5. Владимир Путин

Дональд Трамп Кремлийн удирдагч Владимир Путинээс бусад бараг бүх удирдагч, улс орныг муулсан юм. Тэрээр Оросын лидерийг хүндэтгэн биширдгээ дахин нэг батлаад, тэр бүү хэл “Хэрвээ Европ тив Оросын довтолгоонд өртвөл би Европыг хамгаалахгүй” гэж хэлжээ. Түүний сонгуулийн кампанийг удирдаж байсан Пол Манафорт Москватай хэлхээ холбоотойгоосоо болж огцорч байв. Трамп ч орос иргэдтэй арилжаа, наймаа хийж байжээ.

6. Хилларийн илтгэл

Хиллари Клинтон Уолл Стритийн санхүүгийн байгууллагуудад илтгэл тавьж, үг хэлснийхээ төлөө хэдэн зуун мянган долларын шагнал авч байжээ. Өрсөлдөгч нар нь үүнийг ашиг сонирхлын зөрчил хэмээн үзэж нэлээдгүй маргаан дэгдсэн байна.

7. Өмч хөрөнгө

Дональд Трамп хоёр долоо хоногийн өмнө Вашингтонд шинэ зочид буудал нээсэн юм. Уг зочид буудал АНУ-ын Төв банкны замын эсрэг талд байдаг. Гэвч Бүгд найрамдах намын нэр дэвшигч энэ зочид буудлаа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ оруулаагүй хэвээр байгаа аж. Тэрээр эхэндээ үүнийг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгана гэж ярьж байсан ч “Тэнд шалгалт явагдаж байна” гэсэн нэрийн дор хойшлуулсаар иржээ.

8. Хилийн хана хэрэм

Трамп Мексикээс орж ирэх хууль бус цагаачдыг зогсоохын тулд хилийн дагуу хана хэрэм босгоно гэдгээ дахин илэрхийлэв. Энэхүү хана хэрмийг босгох зардлыг Мексик улс хариуцах ёстой гэж хэлжээ. Гэвч зарим мэдээллээр, АНУ-ыг орхин явж буй мексик иргэдийн тоо орж ирж буй иргэдээс давж байгаа тул Вашингтон хилийн хана хэрмийг Мексик улс санхүүжүүлэх ёстой гэж шаардах эрхгүй болж байгаа аж. Трамп хууль бус цагаачдыг тэвчихгүй гэдгээ дахин илэрхийлсэн байна. Харин Хиллари Клинтон болон Ардчилсан намынхан хууль бусаар амьдарч буй гадаад иргэдийг шат дараалалтайгаар хууль ёсны болгохын төлөө байгаа юм.

9. Ажиллах хүчин

Билл Клинтон, Жорж Буш, Барак Обамагийн засаглалын үед гадаад улс оронтой байгуулсан худалдаан болон ажиллах хүчний гэрээ, хэлэлцээр нь үйлдвэрлэлийн салбарт олон мянган ажлын байрыг байхгүй болгосон хэмээн Трамп үзэж байна. Тэрээр Цагаан ордонд ирвэл энэ гэрээ хэлцлийг өөрчилнө хэмээн хэлжээ.

10. Хүчирхийлэл, жагсаал


Сүүлийн хоёр жилд АНУ даяар арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг жагсаал, үймээн самуун их гарч байна. Хамгийн сүүлд, Шарлотт хотод цагдаа хар арьст иргэнийг буудаж алсны дараа ихээхэн үймээн самуун, эмх замбараагүй байдал дэгдээд байгаа билээ. Трамп чинээлэг болон цагаан арьстнуудын дэмжлэгийг илүүтэй хүлээж байгаа бол, Хиллари афро-америк иргэдийн дэмжлэгийг бүрэн хүлээж байгаа юм. Хот дахь аюулгүй байдал, гэмт хэрэгт тавих хяналт, арьс өнгөөр ялгаварлаж байгаа эсэх зэрэг нь мэтгэлцээний халуун сэдвийн нэг байлаа. Сонгогчдын сонголтод ихээхэн нөлөөлж магадгүй сэдвийн нэг нь энэ юм. 

No comments:

Post a Comment