Wednesday, September 21, 2016



М.Цукерберг болон түүний эхнэр гурван тэрбумыг хандивлана

Facebook-ийг үндэслэгч Марк Цукерберг болон түүний эхнэр Присцилла Чан нар ирэх арван жилийн хугацаанд хийгдэх эмнэлэг, анагаахын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг гурван тэрбум доллараар санхүүжүүлэх болсноо зарлалаа. Тэд энэ мөнгийг хувийн сан хөмрөгөөсөө гаргах аж. Цуутай хос өнгөрсөн оны аравдугаар сард охинтой болохдоо Chan Zuckerberg Initiative хэмээх буяны, сайн үйлсийн сан байгуулсан юм. Тэр үед Цукерберг Facebook компанид эзэмшиж буй хувьцааныхаа 99 хувийг сайн санааны үйл хэрэгт зарцуулна хэмээн мэдэгдэж байсан билээ. Дэлхийн долоон тэрбум хүний тэн хагасыг “уулзуулж”, харилцаа холбоотой байлгадаг хамгийн том сүлжээг санаачилсан залуу хос хүүхэдтэй болсныхоо дараа “Энэ дэлхийг яавал илүү сайхан, ээлтэй болгох вэ” хэмээн эргэцүүлэх болсон аж.

Цукербергийн хэлж буйгаар, тэрээр ойрын хэдэн жилд 45 тэрбум долларыг эрүүл мэнд, боловсролын салбарыг сайжруулах, шинэ түвшинд гаргах, шударга бус байдалтай тэмцэхэд зарцуулах бололтой. Цукерберг, хятад гаралтай Чан хоёр 2012 оны тавдугаар сард гэрлэж хуримаа хийсэн юм. Тэд Харвардын их сургуульд суралцаж байхдаа танилцаж есөн жил үерхэсний дараа ийнхүү эхнэр, нөхөр болсон билээ. Цуутай хос олон нийтийн өмнө тун цөөхөн гарч мэдэгдэл хийхдээ ихэвчлэн сайн үйлсийн аян эхлүүлж, ихээхэн хэмжээний санхүүжилт, хөрөнгө оруулалт хийх нь жирийн үзэгдэл болоод байна. Дэлхийн тэргүүн баячуудын нэг Уоррен Баффет дэлхийн баячуудад хандаж эд хөрөнгөнийхээ тал хувийг буяны, сайн санааны үйлст хандивлахыг хэдэн жилийн өмнө уриалж, өөрийн биеэр үлгэр дууриал үзүүлж байсан билээ. Энэ долоо хоногт Microsoft компанийн удирдлага хорт хавдартай тэмцэх хиймэл оюун ухааныг бүтээх ажилд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийх болсноо зарласан юм. Google компани өвчний оношийг өндөр нарийвчлалтай тогтоох програмыг боловсруулах DeepMind хэлтсийг байгуулаад байна. IBM корпорац Массачусетсийн технологийн хүрээлэнтэй хамтарч хөгшин, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг асрах компьютер, роботыг бий болгохоор ажиллаж байна.

No comments:

Post a Comment