Monday, September 12, 2016



Хиллари Клинтоны бие тавгүйрхжээ

Ардчилсан намаас АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа Хиллари Клинтоны бие өнгөрсөн долоо хоногийн сүүлчээс эхлэн тавгүйрхэж Калифорни мужид очиж сонгогчидтой хийх гэж байсан уулзалтаа цуцалжээ. Эмч нар түүнийг хатгаа туссан хэмээн мэдээлэв. Хиллари 2001 оны есдүгээр сарын 11-нд Нью-Йоркийн ихэр цамхаг руу халдлага үйлдсэний 15 жилийн ойн арга хэмжээнд оролцож байхад бие нь чилээрхжээ. Тэрээр үүний дараа Лос-Анжелес, Сан-Францисод очиж сонгуулийн арга хэмжээнд оролцох гэж байсан юм. Хиллари Клинтоны хувийн эмч Лиса Бардак “Хилларид хатгаа илэрсэн даруйд түүнд антибиотик бичиж өгсөн” хэмээн мэдэгдэв. “Твиттер”-ээр цацагдсан гэрэл зураг, бичлэг дээр Хиллари хөл дээрээ бат зогсож чадахгүй гуйвж, туслахууд нь түүнийг түшин автомашин руу оруулж байгаа нь харагджээ.
Ардчилсан намын нэр дэвшигчийн бие сайжирч байгаа, хатгаа нь бараг илааршсан хэмээн хувийн эмч нь мэдэгдсэн ч экс тэргүүн хатагтайн эрүүл мэндийн асуудал АНУ-д шуугиан дэгдээгээд байна. Бүгд найрамдах намын нэр дэвшигч Дональд Трамп хэд хоногийн өмнө өрсөлдөгчийнхөө эрүүл мэндэд эргэлзэж буйгаа илэрхийлж байсан билээ. Хиллари 2012 онд архаг цус өтгөрөлтөө эмчлүүлэх мэс засал хийлгэж байсан юм. Тэр мэс заслаас хойш тэрээр бүрэн эдгэрч илааршсан хэмээн эмч нар нь баталж байна. Хиллари Клинтоны бие эрүүл саруул, АНУ-ын Ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэхэд бүрэн бэлэн байгаа хэмээн хувийн эмч Лиса Бардак өнгөрсөн наймдугаар сард мэдэгдэж байв. АНУ-ын тэргүүн хатагтай, Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон эдүгээ 68 настай. Харин түүний өрсөлдөгч, тэрбумтан Дональд Трамп 70 настай ажээ. Есдүгээр сарын 11-нд Нью-Йоркт халуун, бүгчим байсан нь Хилларид нөлөөлсөн бололтой. Хиллари маргааш Эллен Деженерсийн теле шоунд оролцож, дараа нь Лас-Вегаст сонгогч, дэмжигчидтэйгээ уулзахаар төлөвлөжээ.

No comments:

Post a Comment