В.Путин: “Өвөө минь Сталины тогоочоор ажиллаж байсан”
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний хэвлэлд өгсөн
ярилцлагуудаас сонирхолтой хэсгийг нь түүвэрлэв.
Охидынхоо талаар
“Тэд аль хэдийнэ ажил мэргэжлээ сонгочихсон. Шинжлэх
ухаан, хүмүүст хэрэгтэй таатай өөр ямар нэг үйл хэрэг эрхэлж байна. Тэд
өөрсдийгөө хүмүүст хэрэгтэй гэж мэдэрч, ажлаасаа таашаал авч байгаад би баяртай
байдаг. Тэд сонгосон ажил мэргэжилдээ сайн, үнэнч, тун хариуцлагатай ханддаг.
Бага охин минь Германд төрсөн. Тэр эхлээд германаар,
дараа нь оросоор ярьж сурсан. Охид маань Ардчилсан Германд цэцэрлэгт явдаг
байлаа. Тэд хоорондоо германаар ярьж, харин ээж, аавтайгаа оросоор ярьж өссөн
юм. Одоо охид маань Европын гурван хэлээр чөлөөтэй ярьдаг. Нэг нь бүр дорны нэг
хэлээр ярьж байсан шүү. Тэд хөгжимд их дуртай. Мэргэжлийн биш ч гэсэн хийл,
төгөлдөр хуураар удаан хичээллэсэн. Тэд хамтдаа хөгжим тоглож, дуулж, нэг нь
хийл, нөгөө нь төгөлдөр хуур тоглоод сууж байдаг байлаа.”
Өвөөгийнхөө тухай
“Өвөө маань Сталины тогоочоор ажиллаж байлаа. Харин өвөө
минь ямар үзэл бодолтой, ямар улс төр сонирхдог талаар хэн ч ярьдаггүй байсан.
Тэр үед өөр улс орон, өөр амьдрал байлаа. Одоо Орост ардчилсан зарчим, зах
зээлийн чөлөөт эдийн засгийг дэмждэг олон нэртэй төрийн зүтгэлтэн, эдийн засагчдын
эцэг эх өөр үзэл бодолтой, өөр бодлогыг дэмждэг хүмүүс байна. Одоо эцэг эх,
өвөө минь тийм үзэлтэй, тэр талын хүн байсан гэж чөлөөтэй ярьдаг болж.
Би их энгийн, ажилчин гэр бүлд өссөн. Аав, ээж минь
энгийн иргэд байсан. Бид гурвуулаа ямар нэг тохь тух байдаггүй нийтийн байранд
амьдардаг байлаа. Тэр үед манай байранд угаалгын өрөө, шүршүүр ч байгаагүй.
Эцэг эх минь их ажилладаг байсан. Би бол гудамжинд үеийнхэнтэйгээ тоглож л
хүүхэд насаа өнгөрөөсөн дөө.”
Эхнэрийнхээ талаар
“Эхнэр минь улс төр сонирхдоггүй, хэзээ ч улс төр
сонирхож байгаагүй. Би үүнд нь их талархдаг юм. Тэр өөр сонирхолтой, хэл
бичгийн мэргэжилтэй хүн л дээ. Людмила герман, испани, франц, португал хэлээр
чөлөөтэй ярьдаг. Люда жинхэнэ орчин үеийн эмэгтэй, энэ дэлхийд, орчин үеийн
нийгэмд эмэгтэй хүн ямар байр суурьтай байх талаар бид ярилцаж, маргалддаг
байсан. Нийгэм, төр улс эмэгтэйчүүдэд бага анхаарал тавьж байна, улсын,
үндэсний, бүс нутгийн асуудлыг шийдвэрлэхэд эмэгтэйчүүдийн оролцоог хангаж
өгөхгүй байна гэж ярьдаг байлаа. Би ч энэ үзэл бодлыг нь хүлээн зөвшөөрдөг
байсан. Миний үзэл бодол, хандлагад, ямар нэг шийдвэр гаргахад тэр нөлөөлсөн
гэж хэлж болно.”
Зургийн тайлбар: Путин ээж, эмээгийн хамт
No comments:
Post a Comment