Wednesday, September 28, 2016



Суданд энгийн иргэдийн эсрэг химийн зэвсэг хэрэглэсэн үү

Судан улсад хэдэн арван хүүхэд Засгийн газрын зүгээс Дарфур мужид хэрэглэсэн химийн зэвсгийн улмаас тарчлан нас барлаа хэмээн хүний эрхийн Amnesty International байгууллагаас мэдэгдлээ. Энэ оны нэгдүгээр сараас хойш Дарфурт хориотой зэвсэг хэрэглэсний улмаас 200 орчим хүн амь насаа алдаад байгаа юм. Хорт утаанд өртсөн хүмүүс амьсгалж чадахгүй цус алдаж, арьсан дээгүүр нь цэврүү гарч байгаа аж. Химийн зэвсгийг дор хаяж 30 удаа хэрэглэснийг гэрчлэх 56 хүн гарч ирснийг Amnesty International илтгэлдээ онцолжээ. Суданы Засгийг газар энэ талаар ямар нэг тайлбар хийсэнгүй. Хачин үнэртэй утаа гарсан хэмээн Дарфурын иргэд мэдэгдсэний дараа хүмүүс бөөлжиж, гүйлгэж эхэлсэн байна. Зарим хүний нүд нь бүлтрэх шахаж өнгө нь өөрчлөгдөж байгаа аж.

Турк дахь онц байдлыг сунгахыг уриалав

Туркт долдугаар сарын 15-нд төрийн эргэлт хийх оролдлого гарч бүтэлгүйтсэний дараа эрх баригчид хэдэн мянган хүнийг баривчилж, долдугаар сарын 20-ноос эхлэн улс орон даяар онц байдал зарласан билээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл онц байдлыг дахин сунгахыг уриалав. Улс орон дахь ардчиллыг хамгаалж, хууль ёсыг сэргээж, Туркийн иргэдийн бүрэн эрх, эрх чөлөөг хангахын тулд онц байдлыг сунгах ёстой гэж үзжээ. Анкарад болсон үндэсний аюулгүй байдлын хуралд Ерөнхийлөгч Режеп Таип Эрдоган оролцсон байна.
Онц байдлын дэглэмийг гурван сараар сунгах боломжтой. Төрийн эргэлт гарснаас хойш 32 мянган хүнийг энэ хэрэгт холбогдуулан саатуулсан юм. Онц байдал тогтоосноор цагдаа, хууллийнхан сэжигтэй хүнийг шууд баривчлах эрхтэй болжээ. 70 мянган хүнийг төрийн эргэлт хийх гэсэн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа аж. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс долдугаар сарын 15-ныг Ардчилал, эрх чөлөөний өдөр болгон зарлах санал гаргалаа. Турк улс онц байдал зарласнаар ард иргэдээ хууль бусаар мөрдөн мөшгих вий хэмээн АНУ, Европын санаа зовниж буйгаар илэрхийлжээ. Туркийн эрх баригчид АНУ-д амьдарч буй санваартан Фетхулла Гюленийг төрийн эргэлт хийх оролдлогод буруутгаж байгаа юм.

С.Берлускони 80 хүрлээ

Италийн Ерөнхий сайд асан Силвио Берлускони өчигдөр 80 насны босгыг давжээ. Тэрэн насан баяраа тохиолдуулан Италийн Chi сэтгүүлд ярилцлага өгөхдөө “Би дотоодын ч, гадаадын ч улс төрд хэзээ алдаа гаргаж байгаагүй. Хэрвээ би ялагдсан бол миний алдаанаас болоогүй” хэмээн онцолсон юм. Тэрээр ач, зээ нартайгаа зургаа авахуулж сэтгүүлд ярилцлага өгөхдөө “Эд нар бол миний ирээдүй” гэсэн байна. Берлускони улс төрд хэзээ ч дурлаж байгаагүй хэмээн өгүүлсэн юм. “Нэг их дуртай биш улс төрд асар их цаг хугацаа, эрч хүч зарцуулах хэрэгтэй болсон. Үүндээ их харамсдаг. Тэгээд яагаад улс төрд орсон юм бэ гэж үү? 1945 оноос хойш Италид эрх барьж байсан коммунистууд дахин гарч ирэхээс сэргийлсэн юм” хэмээн өгүүлжээ.

No comments:

Post a Comment