Monday, September 12, 2016






АНУ-ын Ерөнхийлөгч нарын өвчин

Жон Кеннеди

Жон Ф.Кеннеди 1960 онд Америкийн хамгийн залуу (43 насандаа) Ерөнхийлөгч болж байв. Тэрээр эрч хүчтэй, эрүүл саруул төрхтэй байсан ч бөөрний өвчтэй байжээ. Кеннеди бөөрний дутагдалд орж, нуруу нь өвддөг байсан бөгөөд нисэх онгоцонд суух, оймсоо өмсөх зэрэг өдөр тутмын үйлдэл дээр нуруу нь өвдөн тарчилдаг байсан аж. Гэвч Жон Кеннеди өвчнөөр бус, 1963 оны арваннэгдүгээр сарын 22-нд Даллас хотын гудамжаар цугласан олны дундуур задгай автомашинд сүр жавхлантай явж байгаад буудуулан амиа алдсан билээ.

Франклин Делано Рузвельт

Тэрээр 39 насандаа нурууны үеийн мэдрэлийн эсийг гэмтээдэг полиомелит өвчин тусч хоёр хөл нь ажиллагаагүй болжээ. Суга таягны тусламжтай босч, хөл дээрээ зогсдог байсан ч алхах чадваргүй байв. Үүнийгээ эмчлүүлэх гэж маш олон эмчилгээ хийлгэсэн ч үр дүнгүй хоцорсон юм. АНУ-ын 32 дахь Ерөнхийлөгч Рузвельт Roosevelt Warm Springs Institute for Rehabilitation усан эмчилгээний төвийг санаачлан байгуулсан нь одоо ч ажилласаар байна. Өвчин улс төрийн замналыг нь баллаж хаях вий хэмээн айж байсан ч 1933 онд АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдож, дэлхийн II дайн дуусахаас хэдхэн хоногийн өмнө тархины цус алдалтын улмаас нас баржээ.

Вудроу Вилсон

АНУ-ын 28 дахь Ерөнхийлөгч Вудроу Вилсон 1919 онд хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацаанд байхдаа тархинд нь цус харваж зүүн бие нь мэдээгүй болж, харааны доголдолтой болжээ. Тэрээр албан тушаалаа үргэлжлүүлэн хашихын тулд өвчнөө далдлах бүх л аргыг хэрэглэж байв. Үүнд гэргий Эдит Вилсон ихэд тусалж байсан гэдэг.

Дуайт Дэвид Эйзенхауэр

1951-1963 онд АНУ-ын хувь заяаг хөтөлжээ. НАТО-гийн дээд удирдагч, АНУ-ын зэвсэгт хүчний штабын дарга асан Эйзенхауэр Нормандад цэрэг буулгах ажиллагааг биечлэн удирдаж байсан туршлагатай стратегич юм. Нормандад буулгасан цэргүүдийн ачаар баруун Европын газар нутгийг нацист эзэрхийллээс чөлөөлсөн билээ. Гэсэн хэдий ч Ерөнхийлөгчийн алба хашиж байхад эрүүл мэнд нь ганхаж байсан юм. 1955 оны есдүгээр сард зүрхний өвчин тусчээ. Дараа жилийн зургадугаар сард нь Кроны өвчин буюу залгиур хоолойны хүндрэлийн улмаас ядрах, гүйлгэх, турах, хоолны дутагдалд орох өвчин тусч мэс засалд оржээ. Тэр цагаас хойш хоолны нарийн чанд дэглэм сахих болсон аж.

Виллиам Хенри Харрисон

Тэрээр 1841 онд АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдохдоо 68 настай байв. 1980 онд Рональд Рейган 69 насандаа Ерөнхийлөгчөөр сонгогдон түүний урд гишгэж байлаа. Өвлийн хүйтнээр Ерөнхийлөгчөөр сонгогдсон Харрисон тангараг өргөх ёслол дээр дулаан хүрэм өмсөлгүй гарч иржээ. Тэр цагаас хойш АНУ-ын ес дэх Ерөнхийлөгч Харрисоны бие муудаж хатгаа туссаны улмаас тангараг өргөснөөсөө хойш ердөө л 30 хоногийн дараа өөд болсон юм.

No comments:

Post a Comment