Monday, September 5, 2016



Филиппины Ерөнхийлөгч Б.Обамаг “Зулбасаг” гэжээ

Филиппины жолоог атгаад хоёрхон сар болж буй Ерөнхийлөгч Родриго Дутерте гэмт хэрэгтнүүдтэй өршөөлгүй хатуу аргаар тэмцдэг төдийгүй хатуу ширүүн, маргаан дагуулсан мэдэгдлээрээ алдартай нэгэн ажээ. 1989 онд тус улсад Жаклин Хамилл хэмээх австрали эмэгтэй хүчирхийлэлд өртөн амь насаа алдсаны дараа Р.Дутерте “Би тэр эмэгтэйн төлөө харамсаж байна. Гэхдээ тэр их хөөрхөн бүсгүй байсан. Хотын дарга эхнийх нь байх байсан юм” хэмээн мэдэгдсэн нь ихээхэн шуугиан дэгдээж байсан юм. 1989 онд Дутертег Давао хотын дарга байхад шоронгоос оргосон этгээдүүд сүмийн таван номлогчдыг барьцаанд авсны дотор Жаклин бүсгүй байсан юм. Дутертегийн тушаалаар барьцааны хүмүүсийг хүчээр чөлөөлөх явцад 16 хүн амиа алдсан билээ. Филиппины шинэхэн Ерөнхийлөгч мөн “Хүний тоонд оруулах ёсгүй хүмүүсийг буудаж алах хэрэгтэй” хэмээн мэдэгдсэн нь бас л шуугиан дэгдээж байсан аж. “Хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг ээ? Юуны түрүүнд би шударга, ил тод байхыг хүсч байна. Гэмт хэрэг үйлдэж байгаа хүмүүс хүн төрөлтөн мөн үү? Хүн, хүн төрөлтөн гэдэг тодорхойлолтыг надад хэлээд өгөөч. Би гэмт хэрэгтнүүдийн эсрэг дайн өрнүүлэх болно. Алж хяддаггүй дайн гэж байдаггүй биз дээ” хэмээн Родриго Дутерте нэгэн цэргийн ангид зочлох үеэрээ онцолж байв.
Тэрээр өнгөрсөн даваа гаригт дахин нэг эрс, хатуу мэдэгдэл хийлээ. Зүүн өмнөд Азийн улс орнуудын холбоо буюу Лаост болж буй АСЕАН-ий дээд хэмжээний уулзалтын хүрээнд АНУ, Филиппины лидерүүдийн уулзалт болохоос хэдхэн цагийн өмнө Родриго Дутерте мэдэгдэл хийхдээ Цагаан ордны эзнийг “Өлөгчний хүүхэд” хэмээн нэрлэжээ. Барак Обама Филиппин дахь хар тамхины наймааны эсрэг цуст дайныг шүүмжлэн, Манилагийн эрх баригчдыг бодлогыг буруутгасны дараа Филиппины Ерөнхийлөгч ийнхүү хариуг нь барьжээ. Дутерте эрх мэдэлд гарч ирснээсээ хар тамхины наймаа, мафийн эсрэг тун хатуу бодлого баримталж, хоёрхон сарын дотор хоёр мянга 400 орчим хүн амь насаа алдаад байгаа билээ.
“Та хүндэтгэлтэй хандаж сурах хэрэгтэй. Би бол тусгаар тогтносон, бүрэн эрхт улсын Ерөнхийлөгч. Би асууж, мэдэгдэл хийгээд зогсохгүй ээ. Өлөгчний зулбасаг минь, энэ дээд хэмжээний уулзалт дээр би чамайг хараах болно” хэмээн Дутерте Лаос руу мордохоосоо өмнө мэдэгдсэн байна. Үүний дараа Хятадад болсон “Их-20”-ийн уулзалтын дараа АСЕАН-ий чуулганд оролцохоор ирсэн АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Филиппины лидер Р.Дутертетэй хийхээр төлөвлөөд байсан уулзалтаа цуцалсан юм.

Родриго Дутерте Давао хотын дарга байхдаа гэмт хэрэгтнүүдийн эсрэг хайр найргүй тэмцэж “Шийтгэгч” гэдэг хочтой болжээ. Тэрээр хотын аюулгүй байдлыг хамгаалах эргүүл, харуулын бүлгийг ажиллуулан гэмт хэрэгтнүүдийг өчиггүй баривчлан буудаж, Давао хотыг айдас хүйдсийн хот болгож байсан аж. Тэрээр Филиппины Ерөнхийлөгч болсныхоо дараа энэхүү харгис, хатуу бодлогоо үргэлжлүүлж байгаа нь ихээхэн маргаан дагуулсаар байна. НҮБ-ын шинжээчид Манилагийн Засгийн газарт хандаж филиппин иргэдийг шүүхийн шийдвэргүй баривчилж, хорьж, цаазалж байгааг зогсоохыг шаарджээ. 

No comments:

Post a Comment