Tuesday, September 13, 2016




Р.Кадыров 100 мянган сири иргэнд мах хүргэнэ

Чеченийн Ерөнхийлөгч Рамзан Кадыровын санаачилгаар Ахмат-хажи Кадыровын нэрэмжит бүс нутгийн сангаас Сирийн 100 мянган иргэнд хүмүүнлэгийн тусламж болгож мах хүргэхээр болжээ. Энэ тухай Рамзан Instagram хуудсаараа мэдээлсэн байна. Дамаск, Латаки, Тартус, Алеппо хот болон Ливан дахь сири дүрвэгсдийн хуаранд гурав хоногийн турш мах нийлүүлэх аж. Хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд хоёр мянга 500 хонь, 100 бух, арван тэмээ худалдаж авчээ. Дайн байлдаанд нэрвэгдсэн сири иргэдэд мах хүргэх ажлыг 500 орчим сайн дурын ажилтан зохион байгуулна хэмээн Чеченийн тэргүүн хэллээ. “Алеппод хүмүүнлэгийн тусламж хүргэж байгаа цорын ганц хүн нь би болж байна” хэмээн Р.Кадыров онцоллоо. АНУ, ОХУ-ын оролцоотойгоор Сирийн бүх газар нутаг даяар есдүгээр сарын 12-ноос эхлэн гал зогсоогоод байгаа билээ.

Израилийн онгоцууд Сирийн цэргүүдийг довтолжээ

Еврейн улсын хяналтад байдаг Голаны өндөрлөгийн хэсэгт хэд хэдэн пуужин унасны дараа Израилийн нисэх хүчин хариу болгож Сирийн Засгийн газрын цэргүүдийн байрлалыг довтолжээ. 1967 оны Зургаан өдрийн дайны явцад Израиль улс Голаны өндөрлөгийн зарим хэсгийг эзлэн авсан юм. Сири улс болон дэлхийн улс орнууд эзэлсэн газар нутгийг буцааж өгөхийг шаардсаар байгаа ч израилиуд тус газар нутгийг өөрийн мэдэлд байлгасаар байгаа аж.
“Израилийн газар нутаг дайралтад өртсөний дараа Израилийн байлдааны нисэх онгоцууд Голаны өндөрлөгийн төв хэсэг дахь Сирийн армийн байрлалыг довтоллоо” хэмээн Израилийн цэргийн удирдлагын мэдэгдэлд онцолжээ. Сүүлийн арав хоногт Израиль, Сирийн тал ийнхүү харилцан гал нээсэн тохиолдол тав дахь удаагаа гарч байна.

Олон тэрбумын хувьчлалын хөтөлбөрийг зарлав

Бразилийн Ерөнхийлөгч Мишел Темер улс орны эдийн засгийг зогсонги байдлаас гаргаж, ажлын байрыг нэмэгдүүлэхийн тулд улсын мэдлийн хөрөнгө, активыг олон тэрбум доллараар хувьчлах төлөвлөгөөг зарлажээ. Бразил улс хувийн секторт үүд хаалгаа нээх ёстой хэмээн тэрээр үзэж байна. Порту-Алегре, Салвадор, Флорианополис, Форталеза хотын нисэх онгоцны буудлын удирдлага, менежментийг эхний ээлжинд буюу 2017 оны эхний хагаст хувьчлахаар зэхжээ. Мөн төв болон өмнөд нутгийн улсын мэдлийн зам харгуйн хяналтыг хувьд гаргахаар бэлтгэж байна. Цаашлаад төмөр зам, нефтийн орд газрууд, усан цахилгаан станцуудыг хувьчлах ажээ. “Улс хийж хүчрэхгүй зүйлээ хувийн секторт өгөх ёстой” хэмээн мэдэгдэж байгаа Ерөнхийлөгч Мишел Темер эдгээр хувьчлалаас 24 тэрбум долларын орлого оруулна хэмээн тооцжээ. Тэрээр өмнөх Ерөнхийлөгч Дилма Русефээс огт өөр бодлого баримтална хэмээн мэдэгдэж байна.

Б.Обама Кубын эсрэг хориг арга хэмжээг сунгалаа

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Кубын эсрэг худалдаа, эдийн засгийн хориг арга хэмжээг 2017 оны есдүгээр сарын 14 хүртэл сунгалаа хэмээн W Radio мэдээлэв. “Кубын эсрэг хориг арга хэмжээг сунгасан нь АНУ-ын үндэсний ашиг сонирхолд нийцэж байгаа” хэмээн Цагаан ордны эзэн онцолжээ. “Дайсантайгаа худалдаа хийх хууль”-ийн хүрээнд Кубын эсрэг хоригийг сунгах шийдвэр гаргажээ. 60 орчим жил үргэлжилж байгаа худалдаа, эдийн засгийн хориг арга хэмжээний улмаас Куба улс жил бүр 4.6 тэрбум долларын алдагдал хүлээдэг ажээ.

Хятад хос агуйд 54 жил амьдарчээ


Хятадын баруун өмнөд хэсгийн Сычуань мужид нэгэн хос агуйд аз жаргалтай амьдарч байна. Хэдийгээр эрх баригчид ятгаж сануулсаар байгаа ч тэд байгалийн үүр оромжоо орхих бодолгүй байгаа аж. Энэ тухай англи хэл дээр хэвлэгдэн гардаг “Жэньминь жибао” сонинд бичжээ. 81 настай Лян Цыфу, түүний 77 настай эхнэр Ли Сун нар хагас зууны өмнө Наньчун хотоос холгүй орших агуйд суурьшжээ. Тэр үед орон гэргүй байсан хос ийнхүү аз жаргалын орноо олсон юм. Цаг хугацаа өнгөрөх тусам эхнэр, нөхөр хоёр агуйд тохь тухыг олж, тэнд таатай амьдрах болсон аж. Эдүгээ тэд агуйдаа гурван унтлагын өрөө, гал тогоо, зочдын өрөөтэй, бүр гахайн аж ахуйтай болоод амжжээ. Мөн тэд зурагт үзэж, агааржуулагчаар сэрүүцэн суух боломжтой болсон байна. Хятад хос агуйд амьдран сууж байхдаа дөрвөн хүүхэдтэй болжээ. 

No comments:

Post a Comment