Tuesday, April 19, 2016



Intel 12 мянган ажилтнаа цомхотгоно


Америкийн Intel корпорац ширээний компьютерийн зах зээл дахь эрэлт хэрэгцээний уналтаас хамаарлаа бууруулахын тулд 12 мянган ажлын байраа цомхотгохоор болсноо зарлав. Компьютерийн микро процессор үйлдвэрлэгч тус компани шинэ бүтэц, зохион байгуулалтын зардалд 1.2 тэрбум доллар гаргахаар болжээ. Цомхотголд компанийн ажилчдын 11 хувь нь өртөж байгаа бөгөөд халаа, сэлгээний үйл явц 12 сар үргэлжилнэ хэмээн мэдэгдэв. Халагдаж буй ажилчдын нөхөн төлбөрт хэдий хэмжээний мөнгө зарцуулж байгааг дурдаагүй ч дор хаяж хоёр тэрбум доллар байгаа хэмээн мэргэжилтнүүд тооцоолж байна. Intel корпорац ширээний компьютер үйлдвэрлэгч компаниас глобал, өндөр технологийн сүлжээ боловсруулагч болж хувирах үйл явцыг түргэтгэхээр төлөвлөж байна. Компьютерийн микро чип үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг тус корпорац 2016 оны төлөвлөсөн ашиг буурахаар болсныг зарлажээ. Өчигдөр Уолл-Стритэд үнэт цаасны арилжаа хаагдахад тус компанийн хувьцааны үнэ 2.5 хувиар унажээ. Он гарсаар Intel-ийн хувьцаа 8.4 хувиар унаад байгаа юм. 2016 оны эхний улиралд дэлхий даяар персонал компьютерийн худалдаа 11.5 хувиар буурчээ. 

No comments:

Post a Comment